|
Шинэ мэдээ

Намгүй яаж АМЬДРАХ юм

 
 

Намгүй яаж АМЬДРАХ юм 

Улс оронд бүү хэл өрх гэр дотор олон намын систем тогтож, улмаар маргаан дэгдэж байгаа тухай энд дурдах нь дэндүү орхигдсон сэдэв болно.

Монгол Улс олон намын системд шилжиж, ардчилсан сонгууль өгч эхэлсэн цагаас хойш гучаад жилийн нүүр үзэж, үүнээс хойш намгүй амьдарч чадахгүй хүмүүс хэт олширсон. Ямар сайндаа л нэгэн нөхөр "Нам дагасан үхдэлүүд” хэмээн зүхэж байхав дээ. "Үхдэл” нь ч юу юм, гэхдээ л Монголын ирээдүй болсон залуус бүлэг бүлгээрээ намд дагаар орж байгаа нь тийм ч сайн зүйл биш. Гагцхүү тэд мэддэг, чаддаг бүхнээ намгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй учраас "Би намгүй амьдарч чадахгүй” гэсэн үг гаргажээ. Арга ядсан хэрэг шүү дээ. Энэ нь манай системийн бүтэц, бодлого буруу байгаагийн нэг том алдаа нь нийгмийн хөгжилд тушаа болж байгаа явдал.

Түүнээс бодлого нь зөв, систем нь "гэмтэл”-гүй улс оронд бол ид ажиллаж, амьдрах насны залуус нам нам дамжин, тэдний "Хувцасны өлгүүр, цүнхний бариул” болж, хайран залуу насаа үгүй хийх хэрэг алга. МАН, АН хэмээх хоёр том хүчин 200 мянга хол давсан гишүүнтэй гэдгээ удаа дараа зарлан баярхана.  Гуравдагчдын зүгээс ч олон мянган гишүүнтэй хэмээн "Шинэ баян цээж өвчтэй”-н дүр эсгэнэ. Монгол Улсад улс төрийн гучаад нам албан ёсны бүргэлтэй. Тэд бүгд л хэдэн мянгаар тоологдох гишүүний тоог тэнгэрээс буулган ярьдаг.

Гурван сая гаруй хүнтэй улсад хэдэн зуун мянгаар тоологдох гишүүнтэй хоёр нам, хэдэн арван мянгаар тоолох гишүүнтэй гучаад нам гэдэг зарчмаасаа хазайсан тоо. Тэдний тоо баримтаас харахаар би лавтай 20 сая хүн амтай улсын иргэн болж таарна. Энэ нь өнөөх л системын гажуудал. Намын гишүүний тоо хөөстэй байж болох ч нам дагагчид олон байгааг харуулсан хэрэг. Нам дагаж байгаа хүмүүс чухам ямар үзэл баримтлал дагаж байгаагаа мэдэхгүй. Улс төрийн нам нь ч өөрөө ямар үзэл баримтлалтайгаа мэдэхгүй, цаасан дээр л албан төдий зүйл байх. Тийм дээ ч баруун төвийн үзэлтэй улс төрийн нам зүүнийхээ үзлийг баримталж, зүүн нь барууныхаа үзлийг хольж хутган самарна. Гуравдагч этгээдүүд аль аль талаас нь хулгай хийнэ. Үүнээс харахад үзэл баримтлалтай, түүнийгээ дагадаг нам байхгүй гэхэд болно. Тэгэхээр гишүүд нь ч хаана ямар үзэл баримтлалтай намд элсэж байгаагаа үл мэднэ. Тэдэнд гагцхүү нам дагах шаардлага л зайлшгүй бий.

Өчигдөр гэхэд МАН-ын Бага хурал болж, хуралдаанаар 2020 оны мөрийн хөтөлбөрөө баталсан. Ингэхдээ Монгол Улсын нийгмийн даатгал төлдөг иргэн бүхнийг орон сууцтай болгох тухай тусгасан байв. Хэдийгээр зүүн төвийн үзэл баримтлалтай нам ч өнөөгийн нийгэмд тохирох эсэх дээр зөрчилдөж байна. Нийгмийн суурь үзэл, системийн мөн чанарт уялдсан бодлого байхгүйг илтгэнэ. Ардчилсан нам бол барууны үзэл баримтлалтай нам хэдий ч сонгууль бүрээр мөнгө төгрөг, эд хөрөнгө амлаж байгаа нь бүр ч зүйд нийцэхгүй. Хуулийн хугацаа шахаж байгаа учраас Ардчилсан нам хурлаа хийж, мөрийн хөтөлбөрөө батлахад юу эс дуулдах бол доо.

Нөхцөл байдал ийм байхад ямар ч эрдэмтэн мэргэд байсан, намгүй бол дэмжлэг авахгүй. Үүний хамгийн том шалтгаан нь нийгмийн хөгжилд дэндүү саад болж байна.

Эрүүл мэндийн салбарт ямар ч сайн мэргэжилтэн, эмч байгаад та намгүй бол өөрт байгаа онцгой чадвар, эзэмшсэн мэргэжлээ бодлогын хэмжээнд гаргах боломжгүй. Эдийн засгийн салбарыг зохион байгуулж, олон улсын түвшинд гаргаж ирдэггүй юм гэхэд улс орноо эрсдэлд оруулахгүй аваад явчих залуус олон байгаа ч тэд намгүй учраас мэргэжилтнээр ажиллавал их юм. Шинжлэх ухаан, боловсрол гээд нийгмийн бүхий л салбарт тогтсон жишиг болчихлоо. Тэд намгүй, хэн нэгэн даргын цүнх барьж гүйдэггүй учраас ийнхүү бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд орж чадахгүй байна. Иймээс л "Би намгүй амьдарч чадахгүй” хэмээн арга ядаж байгаа хэрэг. 

Мэдээжийн хэрэг, нам дагасан дүр эсгэгчид, цүнх баригчдын хувьд өндөр боловсрол, онцгой чадвартнуудыг дарна, хэргээр хэвлэл мэдээллээр харлуулах, тэднийг замаасаа зайлуулах зарчмаар амьдарч ирсэн. Түүнээс нийгмийн цэвэр өрсөлдөөн байдаг бол дүр эсгэгчид байрандаа очиж, чадвар бүхий залуус бодлогын түвшинд байх учиртай.

Үүнийг өнөөдрийн нийгэмд шууд 100 хувь наах нь өрөөсгөл байж болно.  Учир нь социалист нийгмийн үед нам шүтэгчид байсан уу гэвэл бас л байсан. Шүтэх хандлагаас эхлээд үзэл баримтлал өөр байсан нь ойлгомжтой. МАХН-аас өөр шүтэх ч нам байсангүй. Үзэл баримтлал нь тодорхой ганц нам шүтдэг учраас намын гишүүн тээврийн жолооч хэзээ ч хэний ч цүнх барьж яваад дарга болохыг боддоггүй, ажлаа л сайн хийж, амьдралаа авч явах нь тэдний үзэл баримтлал байв. Намын гишүүн малчин намаа шүтдэг ч тэр дарга болохыг хүсдэггүй, гагцхүү малаа өсгөхийг л хүсдэг байснаараа туйлын ялгаатай. Ялангуяа дарга нарын хүрээнд бол намаас арга хэмжээ авхуулах, намаас хасуулна гэдэг бол амьдралаас хөөгдсөнтэй ижил зүйл болно. Харин өдгөөгийн системтэй нэг адил төстэй тал байсан. Тэр нь коммунист дэглэмийн үед чөлөөтэй сэтгэдэг, чадвартай, авьяастай нөхдөө байнга л хэлмэгдүүлж ирсэн. Олон ч авьяас чадварын туйл болсон аавын хүүхдүүд шоронгийн хаалга татаж, цөллөгт орж, тэр ч бүү хэл халуун амиа ч өгч байсан гашуун түүх бий. Ардчилал хэмээх зүйлд социалист нийгмээс авсан сайн нөлөө алга, харин муу нөлөөг нь  боловсронгуй болгож авчихаад коммунист хэмээн зүхэж суугаа улс. 

Хэдийгээр социалист нийгэм задран унасан ч залуусын мөрөөдөөд байгаа цэвэр өрсөлдөөний систем бүрдсэнгүй, ихэс дээдэст ч тийм сонирхол алга. Ямар сайн даа л шинжлэх ухаан, технологийн салбарт чамгүй амжилттай явсан, боловсролын салбарт онцгойрч байсан залуус намын сонгуулийн сурталчилгаанд оролцож, шан харамж авснаар салбараа орхисон байх жишээтэй. Зарим нэг нь ч хурган даргын суудлаар өөрсдийгөө арилжаалж байна. Тэднийг шууд утгаар нь буруутгаад байгаа юм биш, нийгмийн бүтэц өөрөө ийм болчихсон. Ихэс дээдэст үүнийг эвдэх, өөрчлөх сонирхол алга.

Анх ардчилсан нийгэмд хөл тавьж, олон нам төрж ахуй цагт нам руу хошуурч байсан нь тийм ч олонгүй. Учир нь олон намын систем хэмээх зүйлийг сайтар ухаж ойлгоогүй байсан гэхэд болно. Харин 1996 оны сонгуулиар жинхэнэ "Ардчилал”-ыг цогцлоон бүтээж, өөр намын данстай хэнийг боловч гудамжинд гаргаж, өөрийн намын данстай нөхдийг мэдлэг боловсрол үл харгалзан өөд татсан он жилүүд үргэлжилж эхэлсэн. Ардчилсан нам 1996-2000 оны хооронд дөрвөн ч Засгийн газар байгуулж, тэр хэрээр захын нэг нөхөр сайдын суудалд, агентлаг газрын даргаар заларч байв. Хорин хэдтэй нөхөр л сайдын суудалд заларч байсан гэхээр хэн ч гэсэн нэг намын нөмөр бараадахыг зорино биз дээ. Энэ үеэс л нам ямар хэрэгтэй болохыг ойлгож эхэлсэн. Улмаар МАН 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Ардчилсан намын данстай бүхнийг гудамжинд гаргаж байхад нам гэгч ямар хүчтэй болохыг улам бүр мэдэрсэн. Ялангуяа 2004 оны сонгууль бүр ч баталгаажуулсан. Алаг цоог болж, олон намаас бүрдсэн "Их эвслийн” гэх завхарсан Засгийн газар байгуулахад томилсон сайд нар ч намд элсэх, нам шүтэх галыг олон хүнд асааж өгсөн. Одоо бол нам хэмээх зүйлийг бурхан буддагаас ч илүү шүтэн амьдарч байна.

Нуулгүй хэлэхэд өдгөөгийн парламентад "Шинэ залуу түшээ” хэмээн өөрсдийгөө нэрлүүлээд байгаа нөхдийн дийлэнх нь нам хэмээх зүйлээ шүтэж, дарга хэмээх "бурхан”-ыхаа цүнхийг барьж ирсэн залуус. Тэдний өрөө тасалгаанд ёс юм шиг намын сүлд туг залаатай байгаа. Аав ээж, амраг хань, нутгийн уул усны зураг ч байхгүй байж мэднэ. Гагцхүү тэд намаа, даргаа хэр шүтнэ, дээшээ явна. Нөхцөл байдал ийм байхад намгүй яаж амьдрах билээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?