|
Шинэ мэдээ

10 сая төгрөгийн цалин өгч, хаус бэлэглэх нам байна уу

 

10 сая төгрөгийн цалин өгч, хаус бэлэглэх нам байна уу

 


Тест оруулна уу ?Үндэсний аудитын газарт өчигдөр зургаан нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө гардуулж өглөө.  Одоо Аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны үзэл баримтлал, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад нийцсэн эсэхийг хянана.  Бэлэн мөнгө тараах, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр амласан эсэх болоод дөрвөн жилд хэрэгжих боломжтой эсэхийг нь ч хянаж үзэх юм.  Түүний дараа намууд мөрийн хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй хүргэнэ.  Чухам ямар ямар зүйл амласныг нь тэр үед нарийн мэдэж болно.

Эхний ээлжинд намууд ямархуу гол зорилготой мөрийн хөтөлбөр боловсруулж байгаагаа товч танилцууллаа, өчигдөр.  Зарим нь мөрийн хөтөлбөрөө Аудитын газар гардуулж өгөхөөс ч өмнө гол зорилго, заалтаа ярьсан. Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын тавдугаар бага хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр "МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөрт үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг багасгах реформ, орон сууцжуулах хөтөлбөр тусгагдсан.  Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна" гэж ярьсан. Мөн зээлийн хүүг 1 хувь болгох асуудлыг ч дурьдаад авсан. 

Тэгвэл АН өчигдөр мөрийн хөтөлбөрөө өргөн барих үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа "АН-ын мөрийн хөтөлбөр бол "Монгол өрх хөгжлийн бодлого” нэртэй. Манай намын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл бол монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргаж, өсөлтийг авч ирэх хөгжлийн хөтөлбөр гэж тодорхойлж байгаа. Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монгол өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход чиглэсэн. Ингэснээр иргэдийн дундаж цалин, бодит орлогыг 3 сая төгрөгт хүргэнэ" хэмээсэн. 

Харин МАХН ИЗНН, МУНН хамтарсан "Та бидний эвсэл” мөрийн хөтөлбөрөө өргөн барих үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Монгол хүний цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдийн засгийн хүндрэл тооцоог маш сайн хийсэн" гэж мэдэгдсэн.  Тэгвэл ШИНЭ, "Үнэн ба зөв" гэх мэт 4 нам эвсэж, "Шинэ эвсэл" байгуулсан. Тэд мөрийн хөтөлбөртөө 200 мянган ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт ерөнхий зүйлсийг оруулсан талаараа ярьсан. 

Намуудын мөрийн хөтөлбөрийн гол зорилт нь янз бүр байгаа ч нэгнийхээ дээр гарах гэсэн амлалтын уралдааны шинжтэй нь мэдрэгдлээ. Яг л 2008 онд АН, МАН /тэр үеийн МАХН/ ам уралдан 1 сая, 1.5 сая төгрөгийг иргэддээ өгнө гэж амласантай ямар ч ялгаа алга.  12 жил өнгөрөөд байхад жижиг намууд нь биш юм гэхэд хоёр том нь ухаан суух ёстойсон. Гэвч яг л хэвээрээ.  Орон сууцны асуудлыг яаж шийдэхээрээ уралдаж байна.  МАХН намуудаас хамгийн түрүүнд бараг л үнэгүй орон сууц өгнө гэж ярьж эхэлсэн. Дараа нь Ж.Батзандан тэргүүтнүүд үргэлжлүүлсэн.  Одоо МАН бас цалин авч, НДШ төлдөг хүн бүрт орон сууц өгөх юм ярив.  Бүгд л тооцоо, судалгаатай, болно гэж ам уралдаж эхлэв.

Бас цалингийн амлалтууд хөвөрч эхэллээ.  Дундаж цалинг 3, 5 сая болгоно.  Тийм боломж манайх шиг ядарсан эдийн засагтай оронд байгаа бил үү.  Ганц төрөх эмнэлгийн хөрөнгө санхүүг, барих компанийнх нь асуудлыг шийдчихэж чадахгүй, авлига, хээл хахуульдаа живж суугаа улстөрчид ямар мөнгөөрөө цалин нэмэх гээд байгаа юм бэ. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 38.1 зүйлд сонгуулийн мөрийн хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр байх ёстой гэж заасан. Дундаж цалинг 3-5 сая болгох, зээлийн хүүг жилийн 1 хувьд хүргэх, бүх хүнийг байранд үнэгүй шахуу оруулах амлалт биелэх үү. 

2008 онд иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж амлаад яасан билээ. Тавантолгойгоо "Чалко" гэдэг компанид барьцаалж,  350 сая ам.доллар зээлж, сар бүр 21 мянган төгрөгөөр нь тараагаад дуусгасан.  Түүнийх нь хар гайгаар Тавантолгойн уурхайнхан өрийг нь дарах гэж 10-аад жил яаж зүдрэв. Энэ талаар дэлгэрүүлж бичвэл, амлалтынх нь гай өнөөдрийг хүртэл эдийн засагт ямар хор хөнөөл учруулж буй тоочвол барагдахгүй их. Гэтэл намууд дахиад л яг тэр үеийнх шиг амлалт өгч, уралдаж эхэллээ.  Яг л бооцоот тоглоом тоглоод, бооцоогоо өсгөж дайрдаг донтогчид шиг л. 

Хоёр том нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийн зах зух ийм байна. Дахиад цаана нь 4 нам байгаа.  10 саяын цалинтай болгоно, хаус бэлэглэнэ гэж амлавал яах юм.  Мөрийн хөтөлбөрөө солих уу, амлалтаа албан бусаар давуулж гаргах уу.  Одоо жаахан бодлогын чанартай юм яриач ээ. Үйлдвэрээ барьж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй байна.  Авлигачин, хээл хахуульд автсан, идэж уухын дон шүглэсэн дарга нартай тэмцэх амлалт өгөөч дээ ядаж. Ард түмэн одоо 5 саяын цалин, орон сууцтай болох амлалтад итгэнэ гэж бодож байна уу.  Хамгийн их хүсэж байгаа зүйл нь мөн үү.  Үгүй, иргэд хамгийн ихээр авлигачидыг үнэн мөнөөр нь шүүж, ард түмнээс хулгайлсан бүхнийг нь буцааж авахыг хүсэж байгаа.  Ядаж ийм амлалтыг худлаа ч болов өг. 

Zaluu.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-3=?