|
Шинэ мэдээ

Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэж нэг мэргэн үг байдаг

 
 

 

Удахгүй болох сонгуулиар спорт, соёл урлагын алдартнууд УИХ-д нэр дэвшинэ гэж мэдэгдээд байгаа билээ. Албан ёсныхоо хууль журмаараа бол, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д 25-аас дээш насны Монгол улсын иргэн хэн ч байсан нэр дэвших боломжтой байдаг. Нэг үгээр хэлбэл сонгуулийн тухай хуулийнхаа дагуу иргэн бүрт нээлттэй байдаг нь ойлгомжтой. Гэхдээ Монгол улс бол Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш, парламентийн засаглалтай улс. Монгол улсын Үндсэн хуулиар Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэж заасан байдаг.
УИХ-аар дамжин Монгол улсын төрийн бодлого хэрэгждэг. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага болохынхоо хувьд ямарч иргэн хувь хүн, Ерөнхийлөгч болон эрх бүхий субьектийн зүгээс санаачилсан хуулийг авч хэлэлцэж шийддэг хууль тогтоох дээд байгууллага билээ. Өнөөгийн дэлхий ертөнцийн ардчилал хөгжсөн орнуудын түүхийг аваад үзвэл, бүгд баруун Европын улс орнуудаас гаралтай байдгийг бид бүхэн мэднэ. Тэдгээр орнуудын парламентууд нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай. Жишээ нь Их Британи гэхэд л дэлхий дээрхи хамгийн ардчилсан парламенттай улсын нэгэнд зүй ёсоор ордог.
Мэдээжийн хэрэг Монголын ардчилалыг Их Британийн ардчилалтай харьцуулж ярих нь утгагүй юм. Монгол оронд парламент ардчилсан ёс үүсээд дөнгөж гучин жилийн нүүр үзэж байгаа. Социализмын үед төрийн эрхийг дангаараа барьж байсан МАХН 90 оноос хойш төрөл арилжаж социал демократ үзэл рүү орсноо мэдэгдэн, социнтерний гишүүн болсноо зарласан билээ. Ардчилсан нам нь АНУ болон бусад барууний орнуудын адил ардчилалын үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэнэ гэдгээ мөн мэдэгдсэн юм. Ямар ч байсан өнөөгийн Монгол улсад үндэсний социалист гэдэг ч юмуу эсвэл коммунист большевик гэсэн нэр хаягтай нам байхгүй нь үнэн.
ОХУ-д Геннадий Зюгановийн тэргүүлдэг коммунист нам байдаг ч тэр нь ард түмнээсээ олигтой дэмжлэг авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл социализмын ууган эх орон ОХУ-д коммунист үзэл суртал өнөө үед дэмжлэг хүлээхээ больжээ гэж ойлгож болно. Ерөөсөө парламент ёс гэдэг бол ардчилсан нийгмийн төр барих сонгодог хэлбэр. Их Британий Ерөнхий сайд Уинстон Черчилль нэгэнтээ: Ардчилал бол төр барих маш муу хэлбэр, гэхдээ хүн төрөлхтөн түүнээс дээр юм бодож олоогүй л байна шүү дээ гэж хэлсэн байдаг. Харин тэгвэл тэрхүү парламент гэдэг байгууллагад ямар хүмүүс сууж хууль гаргаж хэлэлцэн баталдаг юм бэ? Тэр тусмаа ардчилал дөнгөж байгуулж байгаа улс орнуудын хувьд.
Тэгэхээр бас л нөгөө өрнийн ардчилсан парламент бүхий орнуудын мэдлэг туршлагыг судлаж хуулбарлан дууриана гэсэн үг. Гэхдээ аажим аажимаар хөгжин дэвшиж байж ардчилсан институт руугаа ордог. Харин манайд бол одоогоор дөнгөж хөгжиж байгаа. Тэр утгаараа одоогоор бүрэн ардчилсан улс болчихсон гэж хэлэхэд хэцүү. Тийм болохоор үүнд мэдээж цаг хугацаа хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой юм. Ерөөсөө парламент гэдэг нь хууль тогтоох байгууллага болохынхоо хувьд асар өндөр мэдлэг мэргэжилтэй хүмүүс ажиллаж хууль боловсруулалцаж байх ёстой тийм газар. Нэг үгээр хэлбэл тийм хүмүүс байхыг шаарддаг газар. Түүнээс биш хэн нэгэн мафийн толгойлогч юмуу гэмт хэрэгтэн шоу бизнесчид тэнд очоод амаа ангалзуулан хэрүүл хийгээд сууж байдаг байгууллага биш. Дэлхийд хүчирхэг АНУ-ыг аваад үзье.
Энэ улс асар олон урлаг соёлын ододтой бас асар олон тооны гэмт хэрэгтнүүдтэй орон. Тэгэхдээ АНУ-ын Конгресст холливудын одод ч юмуу сагсан бөмбөгчид ороод хууль боловсруулан батлалцаж байдаг гэж сонсоогүй л юм байна. Тэр улсын иргэд хэн нь хаана очиж, юу хийх ямар ажил хийхээ мэддэг улс. Барууны бусад ардчилсан улс орнууд ч ялгаагүй. Улс төрчид нь улс төрөөрөө хөөцөлдөж, кино жүжигчид нь кинондоо тоглож спортын одод нь спортоо дагнадаг тийм улс. Харин Монголд бол хэн мөнгөтэй нь сонгуульд оролцож парламентад суудаг нэг сайхан жишиг тогтсон. Гэтэл одоо бүр байчихаад нөгөө хэдэн Монголдоо л од болсон дуучин, жүжигчин, бөхчүүд улс төрд орно гэж мэдрэлтэж байна. Ёстой л нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг гэдэг шиг хэн дуртай нь улс төрд ордог цаг болсон юмуудаа гэж бодогдхоор байна.
Тийм хүмүүс УИХ дээр очоод юу ярьж ямар хууль батлалцах юм болдоо. Одоо ч гэсэн УИХ-д урьд нь бөх байгаад гишүүн болсон хүмүүс сууж байгаа харагддаг. Хүмүүсийн ярилцах нь хөөрхий нэг суудал бөглөдөг л ухаантай юм байхдаа гэлцэх нь бий. УИХ-ын гишүүд нь ч гэсэн тэд нарийг тэгтлээ ойшоож үздэггүй гэсэн яриа байдаг. Түрүүчийн тэр хүмүүсийгээ яаяадаа гэж байхад одоо энэ шоучид ч бас юув. Арай УИХ-ын чуулганы танхимд хөх мөхөө гаргаж хууль батлах гэж байгаа юм биш биз дээ. Ингээд бодохоор УИХ болон бүх шатны сонгууль ямар инээдтэй ямар тэнэг харагдаж байнаа. Колумби улсад лав хар тамхины мафийн толгойлогч парламентад нь сууж байдаг гэж сонссон юм байна. Монголд одоогоор арай тийм болоогүй байгаа. Уул нь эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэсэн мэргэн үг байдаг даа. Цаашдаа ийм жишиг тогтчихвол улс үндэстэн мөхөхийн шинж.
Тийм хүмүүсээр төрөө удирдуулчихаад Монголын ард түмэн юу бодож суух вэ? Гэхдээ ард түмэн сохор биш болохоор хэнийг сонгох, хэнийг сонгохгүйгээ сайн мэдэж байгаа байх гэж итгэж найдаж байна. Эцэст нь хэлэхэд улс төр бол шоучдын байх газар биш шүү гэдгийг сануулж хэлмээр байна. 

Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?