|
Шинэ мэдээ

Н.Энхбаяр & Ц.Элбэгдорж

-Гозойсон оймс, гялалзсан гутлын эзэд-

Монгол Улсын төр ажилласан хүндээ халгаатай мэт харагддаг болоод хэдэн жилийн нүүрийг үзлээ. Ерөнхийлөгч асныхаа оймсыг гозгонуулж, барьж, хорилоо. Бас шүүж, шоронд хийлээ. Араас нь хэдэн ч Ерөнхий сайд аснаа баривчилж, хорив, саатуулж, шалгав. Ирэхгүй зугтаад байвал энэ дэлхийгээр нэг зарлаж, эрж суран Интерполд хандаж байна. Эдний араас Эби буюу Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нэр ч бичигдэж байна. Хачирхалтай нь манай хууль, шүүх, цагдаагийн байгууллагынхан дуудаад очдоггүй, хайгаад олдоггүй хүмүүс нь цахим орчинд нээлттэй, хэнбугайтай ч харилцаад, цаашлаад хүссэн хүндээ ярилцлага, сурвалжилга өгөөд сууж байдаг болсон.

Саяхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг олон улсад Интерполоор эрэн сурвалжлах асуудал сөхөгдсөн. Гэтэл тэр би байгаа гэдгээ мэдэгдэж "Харах өнцөг” нэвтрүүлгээр ярилцлага өгч буйгаа олон нийтэд цацсан. Тэр "Би эх орондоо очно гэж бодож байсан. Гэхдээ Х.Баттулгын зохиосон жүжгээр очих уу. Тэр хүний зохиосон жүжгийн дүр болж, бойны ямаа шиг хашаа руу орох уу гэдгээ сонгох хэрэгтэй” хэмээн ярьсан. Түүнээс жилийн өмнө тэр "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван толгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" хэмээн өөрийн цахим хуудаснаа жиргэж байсан нэгэн. Гэтэл өнөөдөр юун гутлаа тослож, зангиагаа зүүж ирэх байтугай "очно” хэмээн том дуугараад сууж байна. Түүнийг таван одтой зочид буудалд амьдарч байгааг Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дөнгөж өчигдөр хэлж байна.

Төрийн тэргүүн асан өөрийнх нь дараагийн Ерөнхийлөгч ямар арга барилаар ажиллаж, хууль, шүүх, цаазын байгууллага нь ямар арга технологи ашигладаг гэдгийг хамгийн сайн мэднэ. Өөрөө Ерөнхийлөгч байх үедээ өмнөх Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хэрхэн "тэмцэж” байсныг монголын ард түмэн мартаагүй.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд түүнийг гэрээс нь авч гарахдаа гутлыг нь өмсүүлэлгүй оймстой хөлийг нь дээш гозгонуулан байж баривчилсан. Тэрээр өлсгөлөн зарлаж, эмчлэгдэж, шүүхээр шийтгүүлсэн гээд хэдэн жилийн нүүрийг үзсэн. Бас л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шиг гадны улсыг зорьсон. Тухайн үеийн төр, засгийн удирдлагуудын буруу, булхай, хууль, цаазын байгууллагыг гоочилж, муучилж байсан. Гэхдээ тэр "Би дэлхийн тэнд энд болсон, хурал, цуглаанд оролцож байна" гэж пээдийгээгүй. Эмчилгээ хийлгэж буйгаа дуулгаж, дуудсан цагт нь очих болно гэдгээ мэдэгдэж ч байсан, ирсэн, асуудлын ард гарч ч байсныг хүн бүр мэднэ.

Одоо иргэд хэн нь хэн бэ гэдгийг ойлгодог, ялгадаг болчихсон. Н.Энхбаяр хэний зохиолоор, Ц.Элбэгдорж ямар асуудлаар хуулийн байгууллагатай холбоотой болсныг ойлгоно. Тийм атал эрхэм Ерөнхийлөгч асан маань бултаж, зугтаж яваагаа булзааруулж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүгээд буцаж ирсэн нь дээр баймаар. Уг нь өөрөө хүрээд хавь илүү нэр хүндтэй харагдах нь мэдээж. Харин Монгол Улсын хууль, шүүх дуудаж байхад үл тоомсорлож гэмээнэ харь гүрнийхэн оймстой хөлийг чинь гозойлгож өргөх нь битгий хэл шороотой хутгаж, чирч гулдрах вий дээ.

 

Б.Төгөлдөр

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-3=?