|
Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн зарлигийг ерөөсөө ч хэрэгсэхгүй байна уу даа?

Ерөнхийлөгчийн зарлигийг ерөөсөө ч хэрэгсэхгүй байна уу даа?

 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 7 хоногт коронавирусын улмаас цагаан сарыг цуцлах зарлигаа түмэн олондоо сонордуулсан.

Коронавирусын улмаас амь эрсэдсэн хүний тоо улам ихэсч байгаа энэ үед төр түмнээ хамгаалах гэсэн Ерөнхийлөгчийн шийдвэр оновчтой байлаа.

Харин зарлигийн биелэлт хэрхэн байна вэ. Зарлиг гарсаны маргааш хүртэл зарим тв цагаан сарын зар сурталчилгаагаа цацсаар байсан бол өчигдрийн байдлаар аргаа өөрчилсөн харагдав. Учир нь цагаан сарын эд бараа сурталчилсан рекламнаасаа цагаан сарын холбогдолтой үг хэллэгийг нь хасаад л цацаж байгаа харагдав. Тухайлбал: сар шинэдээ сайхан шинэлээрэй гэх мэт үг хэллэгийг танаад болчихож байгаа юм байна. Цаагуураа бол далд хэлбэрийн сурталчилгаа харагдаж л байна.

Зах, худалдааны төвүүд ерөнхийлөгчийнхөө зарлигийг хэрхэн биелүүлж байгааг сурвалжлахаар нийслэлийн зарим худалдааны төв, хүний хөл хөдөлгөөн ихтэй 3,4 дүгээр хорооллыг зорив.

3,4 дүгээр хорооллын дэлгүүрүүд хүний хөл хөдөлгөөнөөр тасраагүй байна. Хорооллын эцэст байрлах УИХ-ын эрхэм гишүүн Н.Ганбаатарын "Оргил” худалдааны төв гадаа өлгөсөн цагаан сарын сурталчилгааны анонсоо буулгасангүй. Тус төвөөр үйлчилүүлэгсэд дүүрэн байна. Тэрэг түрсэн хүмүүс бөөний төвөөс нь хайрцаг хайрцгаар хүнсний юм авч байна. Хүүхдэд өгөх олон ширхэгтэй печень авъяа хэмээсэн хижээл настай эхнэр, нөхөр бол цагаан сарыг цуцалсан шийдвэрийн хажуугаар өнгөрч буй бололтой.

Хороололын эцсийн "next  электроникс” гэх цахилгаан барааны дэлгүүр ч гаднаа цагаан сард урин дуудсан сурталчилгаагааг дэрвүүлсээр угтлаа. 

"Дүүхээ” төв ч дүүрэн хүн. Гурилын тасаг дээр гэхэд Улаанбаатарын гурил дуусчихсан, бууз, баншинд сайхан таардаг гээд Улаанбаатар хамгийн эхэнд дуусчихлаа гэж худалдагч нь ярив.

Өргөн хэрэглээний урд хөршөөс орж ирдэг будаа, элсэн чихрийн үнэ бага зэргийн нэмэгдсэн бусад нь гайгүй байгаа гэж наймаачид ярив. Харин үхрийн мах энэ жил гойд үнэтэй байна. Махны ченжүүдээс 8900 төгрөгөөр аваад дээр нь лангууны түрээс гэх мэт бусад ашгаа нэмэхээр цул мах 12,900 төгрөгөөр зарж байна гэж махны худалдагч тайлбарлаа. Махны хувьд худалдан авалтын чадвар маш муу,  хүмүүс өнөө маргаашийн хоолны махаа аргалсан маягтай л байна гэж худалдагч эгч нэмж хэллээ.

Худалдааны гудамжууд зонхилдог 3.4 дүгээр хорооллын баярын уур амьсгал хийгээд Ерөнхийлөгчийн зарлигийн төрх нэг тиймэрхүү байв.

Төв замын хажуугаар байрлах жижиг сурталчилгааны самбаруудад МУГЖ Аглуугийн цагаан сарын сүү рекламдсан зургууд инээмсэглэл татуулан өнгөрч байлаа.

13 дугаар хороололд байрлах УИХ-ын гишүүн асан, улстөрч Ж.Болдхэтийн "Наран” шопт ч Ерөнхийлөгчийн зарлиг хамаагүй бололтой. Гаднаа өлгөсөн том анонс нь байж л байна.

Манай байрны хүнсний дэлгүүр хүртэл дайны хажуугаар дажин гэгчээр овсгоо самбаа гаргаж Миний монголын сүүнийхээ үнийг 150 төгрөгөөр нэмчихэж. Иймэрхүү маягаар "сэм” үнэ нэмж байгаа газрууд олон байна.

Ерөнхийлөгчийн зарлигт дурдсан зарим үйл ажиллагааг сурвалжилахад иймэрхүү дүр зурагтай байна.

Монголчуудын хэнэггүй, тайван, гүндүүгүй нь дэндчээд байна. Эсвэл ийм засаг захиргаагүй, "зөнгөр” болчоо юу гэсэн бодол төрсөнийг нуух юун.

Дээр нь Ерөнхийлөгч зарлиг гаргасан ч гэлээ шийдвэрт хэрхэн хяналт тавих, арга хэмжээ авах талаар тусгаагүй учир иймэрхүү хэнэггүй, үл тоомсорлосон байдалтай байгаа бололтой.

Гэхдээ л 12 сая хүнтэй Ухань хот халдварт өвчинд нэрвэгдээд өндийхөд хэцүү байхад 3 сая хүнтэй монголчууд бид баяр ёслолоо эрүүл оюун ухаанаар бодолцмоор л байна даа.

Д.Дөлгөөн

Bataar.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-3=?