|
Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, анд чинь хэлмэгдчихээд байна

 

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, анд чинь хэлмэгдчихээд байна

 

Хуучин цагийн "Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэж үг өнөө үед маш товчхон буюу "Түгжилдэх” болж хувирсан. Гэхдээ энэ нь улстөрийн хүрээнийхэнд хамгийн ихээр гардаг авираас үйлдэлтэйгээр хувирсан үг байх. Сайн яваа нэгнээ саадгүйгээр татан унагаж, албан тушаал, ахуй амьдралыг нь үрэхийг л "Түгжилдэх” гээд байгаа. Яг энэ зарчмаар дэгээдэж, өөрөө өндөрлөгт хүрсэн олон хүн бий. Ийм хүмүүсийн зам мөрийг засч өөрөө золигт гарсан түүх ч байна.

Үүнийг нуршаад байгаагийн учир гэвэл манай сайт өнгөрсөн хугацаанд хилс хэрэгт гүтгэгдэж өдгөө торны цаана хашигдсан нэгэн эрхмийн тухай өгүүлсээр байгаа. Өгүүлсээр байгаагийн учир нь гэвэл МАН-ын залуус нэгнийгээ шоронд хийж улстөрийн карьеараа өсгөдөг аймшигтай жишгийг тогтоож буй учраас ийнхүү үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй нэгэн шүүх хурлын тухай буюу МАН-ын ялалтын туг болж явсан НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг намынхан нь найз нар болон журмын андууд нь түүний амьдрал хувь заяаг хэрхэн яаж орвонгоор нь эргүүлж буй тухайг бид өнгөрсөн хугацаанд мэдээлсээр буй билээ. Ямартай ч энэ хүний журмын андууд өдгөө түүнийг хилс хэрэгт гүтгэгдэн шоронд орсон байхад нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хэлсэнчлэн хундага тулган найрлан сууж, өнөөг хүртэл "Анд минь юу болов" гэж санаа тавихгүй байгаа нь хачирхалтай. Мэдээж түүний найз нар, намынх нь андууд хэн бэ гэдгийг уншигчид төдийгүй МАН-ын мянга, мянган гишүүд дэмжигчид биднээр хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ.

Тухайлбал, тэдний нэг нь ЗГХЭГ-ын дарга  Л.Оюун-Эрдэнэ. Яг үнэнэдээ хэний ч таньж, мэдэхгүй энэ залуу гэнэтхэн аймгаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, парламентын гишүүн болж, одоо бүр Засгийн газрын "гал тогоо”-г эзэгнэж байгаа. Түүнийг энэ өндөрлөгт хүрэхэд хамгийн их зүтгэл гаргасан хүн  нь Ц.Сандуй гэдгийг намынх нь залуус одоо ч ярьдаг. Харин одоо мань хүн ёстой л "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдгийн үлгэрээр яваа гэдгийг тэднийг сайн мэдэх хүмүүс ч ярьдаг.

Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар МАН-д үнэлэгдэхээсээ өнгөрчихсөн, улстөрийн карьергүй болчихоод АНУ-д байхад нь нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй ирүүлж байсан гэдэг.  Бүр өөрийн биеэр АНУ-д очиж, зарим нэр бүхий хүмүүстэй уулзаж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт "намдаа эргээд ир, бид залуу хүмүүс, бид л энэ намыг авч явна” гэх зэргээр тайлбарлаж байжээ. Монголдоо ирмэгцээ мөн л олон ч хүнтэй уулзаж, тайлбарлан, тэднийг МАН-д үлдэх орон зайг бий болгож өгсөн байдаг. Ингэж л тэдний албан тушаалд хүрэх суурийг намд нь үлдээгээд зогсохгүй 2016 оны оны сонгуулиар  намаа улстөрийн сонгуульд ялалтаар амьсгалуулж, үнэмлэхүй олонх болгохын төлөө бүхнээ зориулсан. Мэдээж одоогийн МАН-ын дарга нарын энэхүү эрх мэдэл албан тушаал бүгд  Ц.Сандуйгийн нөр их хөдөлмөрийн гавьяа. Хэрвээ Ц.Сандуй тухайн үед хичээгээгүй байсан бол өнөөдөр МАН төрийн эрхийг гартаа авч өндөр, өндөр албан тушаалыг хашихгүй байсан нь лавтай. 

Харамсалтай нь Ц.Сандуйгийн энэ их  гавьяаг зөвөөр үнэлж, урамшуулах нь бүү хэл, харин ч "дээлийг нь  нөмөргөнө” чинээ өөрөө байтугай намын зарим нөхөд нь ч санаагүй, мэдээгүй явсан гэдгийг харамсангүй ярьж байна.  Өөрөөр хэлбэл, Ц.Сандуйгийн  яллачихаад байгаа "60 тэрбумын схем”-ийг хамтдаа сонссон хэрнээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нэр цэвэр үлдчихсэн яваа нь хачирхалтай. 

Уг нь "60 тэрбум”-ын гэх хэргийг хууль хяналтын байгууллагууд олон удаа хэрэг биш хэмээн хааж байсан. Гэтэл журмын анд, уяхан хонгор дуутай Л.Оюун-Эрдэнэ чичилж, дайрч, чичирсээр байгаад ХЭРЭГ болгуулан хамтдаа сонсож суусан Ц.Сандуйг шалгуулж, шүүлгэж, яллуулсан. Нэгэн цагт найз, нөхөр явсан хүнээ ердөө л хамтдаа сонссон асуудлаа гэмт хэрэг болгон хувиргаж яллуулсан гэсэн үг. Ц.Сандуй хийгээгүй хэргийнхээ төлөө албан тушаалаа өгөхөөс эхлээд таван удаа хариуцлага хүлээж, адаг сүүлд нь шоронд орох шийтгэл хүртэл хүлээсэн ч тэд чимээгүй л байсан.

Хамтдаа сонссон хэрнээ, сонсоогүй юм шиг аашилаж андыгаа араас нь гэмгүйхэн "Хутгалсан" Л.Оюун-Эрдэнийн энэхүү үйлдэлд  олон хүн гайхаж бас эмзэглэж, ичдэг тухайгаа ярьдаг юм билээ. Магадгүй тухайн үед "60 тэрбум”-ын хэргээр улстөр хийсэн энэ үйлдэл Л.Оюун-Эрдэнийг  одоогийн өндөр албан тушаалд нөлөөлөх гол түлхүүр нь яалт ч үгүй болсон. Хэдийгээр өнөөдөр тэд эрх мэдэл албан тушаалтай яваа учраас болсон үнэнийг олон хүн хэлэхийг хүссэн ч хоолноосоо салахгүй тулд хэлээ хазан чимээгүйхэн явааг эрхэм сайд танд дуулгахад илүүдэхгүй биз. Уг нь шударга ёс, шударга ёс гэж хамгийн их чангаар орилдог эрхэм сайд найзыг нь хилсээр гүтгүүлж яллаж байхад хамгийн түрүүнд чанга дуугарах ёстой атал тэрбээр хэрэггүй газраа дуугарч болдоггүй юм гэх үйлдлийг харуулсан. 

Хэрвээ тэрбээр мянган жилийн үерхэл нөхөрлөлөө бодож жинтэйхэн хэдэн үг дуугарсан бол Ц.Сандуй өнөөдөр хилсээр гүтгэгдэж торны цаана хашигдахгүй байсан. Өөрөөр хэлбэл, үйлдэлгүй, хохирогчгүй, яллах дүгнэлтгүй улстөрийн энэ зохиомол хэрэг өнөөдөр таны журмын андын амьдрал хувь заяаг орвонгоор нь эргүүлж, үр хүүхэд, хань ижил, ижий аав, ах дүү, амраг садан гээд олон хүнийг зовлонд унагаж, шөнө болгон нойтон дэртэй хонуулж байгааг эрхэм сайд та мэдэж байна уу.

Тиймээс л таныг шударга ёс гэж хэлдэг үгийнхээ жинхэнэ утгыг одоо л яг харуулах цаг болсон төдийгүй, магадгүй танд андыгаа анзаараагүй үйлдсэн  алдаагаа засах маш том боломж байгааг намын нөхөд чинь ярьдаг гэдгийг бид энэ нийтлэлээрээ дамжуулъя. Өөрөөр хэлбэл, шударга ёсыг уландаа гишгэж хуулийг гуйвуулсан шүүгчдийн буртуутай үйлдэл нэг айлыг зовлонд унагааж, хийгээгүй хэргийнх нь төлөө ялласанд маш их гомдол, харуусал бий гэдгийг эрхэм сайд таныг ойлгоосой гэж хүссэн хэрэг.

Хэрвээ үнэхээр "60 тэрбумын схем”-ийг та гэмт хэрэг гэж үзэж байгаа бол таны хашиж буй Засгийн газрын ХЭГ-ын дарга гэх албан тушаал ч хууль бус төдийгүй МАН ч төрийн эрхийг хууль бусаар авч, өдгөө татан буугдах ёстой гэдгийг мэдэх л учиртай. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ сайд аа, анд чинь хэлмэгдчихээд байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?