|
Шинэ мэдээ

Ч.Алтанхуяг нар Эрүүл мэндийн даатгалын мөнгийг Чингис хаан банканд угаасан уу

Ч.Алтанхуяг нар Эрүүл мэндийн даатгалын мөнгийг Чингис хаан банканд угаасан уу

 

Арилжааны жижиг банкуудад нийгмийн даатгалын мөнгийг их хэмжээгээр байршуулснаас үүдсэн хэргүүд  сүүлийн саруудад ил болж байна. Өнгөрсөн хавар Капитал банк дампуурч нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бөөн мөнгө түгжигдэж, хэзээ, яаж төрийн мэдэлж буцаж орох нь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл бас Чингис хаан банканд эрүүл мэндийн даатгалын мөнгөөр ашиг хожоо хайгсад нэг нь нөгөөдөө авлига хээл хахууль өгсөн, авсан гэх хэрэг илрээд байна. Энэ хэрэгт  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид өнгөрсөн есдүгээр сард баривчлан саатуулж шалгаж байгаа билээ. Мөн түүнтэй цуг Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж шалгагдаж байгаа бөгөөд тус банкыг ч бас хамтад нь яллагчдаар татсан мэдээлэл бий.

Ч.Алтанхуяг болон Чингис хаан банканд холбогдох энэ хэрэг анх ер нь яаж үйлдэгдэв  гэдэг нь өдгөө хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Яагаад гэхээр эрүүл мэндийн даатгалын мөнгө бол иргэдийн өвдөж зовсон үедээ эмнэлэг сувилалаар үйлчлүүлэх хамгийн чухал хэрэглээ болдог онцлогтой, татвар төлөгчдийн мөнгө юм. Гэтэл ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нь тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүүгээр дамжуулан Чингис хаан банканд байршуулсан эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдлээс хадгаламжийн 15.2 хувийн хүүг 1-1.3 хувиар нэмэгдүүлэн тооцуулж хийлгээд хүүгийн зөрүүнд 86 сая гаруй төгрөгийг хахууль болгож авсан байв. Ийм хахуулийг Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нь түүнд өгөхдөө банкныхаа данснаас бус тус банкны хувьцаа эзэмшигч "Нью стандарт финанс”  компанийнхаа дансаар гүйлгээ хийж, аргаж өгсөн гэх мэдээлэл байна. 

Ер нь иймэрхүү замаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын өчнөөн тэрбум төгрөг замхарч алга болсоор байгаа юм биш үү. Эсвэл даатгалын эдгээр сангаас мөнгө угааж  ашиглаад байна уу. Ийм төсөөллөөр хардах эрх хэнд ч бий. Хууль хяналтынхан харин эдгээр өнцөгөөс асуудалд хандаж байна уу, үгүй юу.

Авлигатай тэмцэх газраас өгч буй мэдээллээр бол Ч.Алтанхуяг, Б.Баярхүү нар Эрүүгийн хуулийн 22.4.5 дахь хэсэгт заасан "Улс төрийн нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм байна.

 Чингис хаан банк нь 2001 онд ОХУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, ТУЗ-ын даргаар нь тус улсын иргэн С.Громов гэгч ажиллаж байжээ. Тэгээд 2015 оноос энэ банк нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай болж өөрчлөгдсөн байна. С.Сандагдоржийн хувьд урьд нь Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад 2017 оноос тус банканд гүйцэтгэх захирал болоод байжээ. Харин "Нью стандарт финанс” компани нь Чингис хаан банкны хувьцаа эзэмшдэг бөгөөд өмчлөгч Д.Батаа 46 хувь, Ш.Бүтэд 31 хувь, Ц.Баярсайхан 23 хувийг нь тус тус эзэмшдэг юм билээ. Тэднийг зарим эх сурвалжууд "Нүүдэлчин” группт хамаардаг, Шүхэрт хэмээх ахмад банкирийн үр садууд гэдэг.

Чингис хаан банк урьд нь ч бас Оросын мафиудын мөнгийг угаадаг байж болзошгүй гэх хардлагад нэг бус удаа өртөж явсан банк юм. Иймээс энэ удаа ч дээрх эрхмүүд эрүүл мэндийн даатгалын  мөнгийг угааж ашиг хүртдэг байсан юм биш биз. Дахин сайтар шалгаж үзмээр юм шүү.

О.Баяр

Түмэн.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?