|
Шинэ мэдээ

Энэтхэг: Агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 400 дахин нэмэгджээ

Энэтхэг: Агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 400 дахин нэмэгджээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тариачдад сүрэл хураах техник тараах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр тус улсад гамшгийн хэмжээнд байгаа агаарын бохирдол дээр нэрмээс болж үлдэгдэл сүрлүүдийг шатаан, утаа гаргахгүй байхаас сэргийлнэ гэж үзсэн байна.

Энэтхэгийн тариачид шаардлагатай техник хэрэгсэлгүйн улмаас үлдэгдэл сүрэл өвснүүдийг шатаахас ааргагүй болдог бөгөөд энэ нь Энэтхэгийн хойд хэсэгт экологийн нөхцөл байдал муудах гол шалтгаан болдог аж. 

Ийнхүү агаарын бохирдлын нэг шалтгааныг багасгахаар тариачдад техник тараахаар болсон бол дэлхийн гайхамшгуудын нэг , Энэтхэгийн нэрийн хуудас болсон Таж-Махал ч утаанаас болж хохирол амсах эрсдэлтэй байгаа тул хамгаалах шийдвэр гаргасан байна. 

Тодруулбал, өтгөн утаа Таж-Махал ордны гантиг хананд сөргөөр нөлөөлнө гэж үзэн дэлхийд алдартай түүхэн дурсгалт барилгыг хамгаалахын тулд найман цагийн дотор 300 метрийн радиус дахь 1.5 сая куб метр агаарыг цэвэрлэх чадвартай агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүд суурилуулжээ. 

Энэтхэг дэх өнөөгийн нөхцөл байдал 

Энэтхэгт тэр дундаа нийслэл Дели хотод нь энэ жил агаарын бохирдол нэн аюултай түвшинд хүрч, улмаар өнгөрсөн долоо хоногт тус улсын эрх баригчид онц байдал зарлахаас аргагүй болсон юм. 

Онц байдлын хүрээнд Дээд шүүхийн тусгай комисс Дели хот болон хөрш зэргэлдээх мужуудад хязгаарлалт тогтоон, бүхий л барилгын ажлуудыг зогсоож, салют буудуулахыг хориглосны дээр автомашинуудыг тэгш, сондгой дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна. 

Улмаар агаарын бохирдол хүний эрүүл мэндэд заналхийлж байсан тул хотын сургуулиудыг түр хугацаагаар хааж, сурагчид болон тэдний эцэг эхчүүдэд таван сая орчим агаар шүүгч баг тараажээ. 

Экологийн нөхцөл байдал ийнхүү эрс муудах болсон нь фермерүүд ургацаа хураасны дараа талбайд үлдэх иш, сүрлүүдийг шатааснаас үүдэлтэй гэнэ. Энэтхэгийн хоёд нутгуудаар 11 болон 12 дугаар саруудад жил бүр 80 мянган квадрат километр талбайд 23 сая тонн хөдөө аж ахуйн хаягдлыг шатаадаг аж.  

2012-2016 оны хооронд тохиосон агаарын бохирдлын гол шалтгаан нь гагцхүү энэ хог шатаах ажил байсан гэдгийг Харвардын их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. 

Үүн дээр, Дивали гэх индусын баяраар оршин суугчид буудуулдаг салют, барилгын тоос, үйлдвэр, тээврийн хэрэгслийн утаа нэмэр болдог аж. Ингээд энэ жил Энэтхэгийн нийслэл дэх агаарын бохирдол хамгийн дээд хэмжээндээ хүрч, зөвшөөрөгдөх хэмжээнээс 400 дахин давжээ.  

Өнгөрсөн ням гаригт нөхцөл байдал улам хүндэрч, үзэгдэх орчин муудсан тул Дели хотын онгоцны буудал 30 гаруй нислэгийг ням гаригт цуцалж байв. 

Энэтхэгт үүссэн утааны гол аюул нь утааны маш жижиг хэсгүүд хүний организмд нэвтэрч, уушгинд, зарим тохиолдолд шууд цусанд орох эрсдэлтэй гэнэ. Мөн энэ улсын нийслэлийн эмнэлгүүдэд амьсгалын замын өвчнөөр өвдсөн хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?