|
Шинэ мэдээ

Сонгуулийн сурталчилгаа сая төгрөгөөр яригддаг байсан бол ирэх сонгуулийнх тэрбумаар эхэлж байна

Сонгуулийн сурталчилгаа сая төгрөгөөр яригддаг байсан бол ирэх сонгуулийнх тэрбумаар эхэлж байна

 

Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Уг сонгуулиас өмнө УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль зарлах тухай асуудал саяхан хүчтэй яригдаад больсон билээ. Улс төрийн энэ шуугиан, ээлжит бус сонгууль болох нь гэсэн сургаар улс төрийн намууд өөрсдийгөө таниулахын тулд үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн.

Энэ үеэр МАХН-ын сонгуулийг угтсан үйл ажиллагаа ч идэвхжин "Ард түмнийг орон сууцжуулах үндэсний хөтөлбөр”-өө албан ёсоор нээж байгаагаа мэдэгдэж, үнэгүй орон сууцанд орох иргэдийг бүртгэж эхэлснээр тэдний сонгуулийн амлалт эхэлсэн гэж хэлж болно. Тус намынхан "Иргэдийн ипотекийн зээлийн хүүг тэглэж, үнэгүй орон сууцанд амьдруулах боломжтой” хэмээгээд "2020 онд МАХН эрх баригч нам болвол ирэх жилээс ипотекийн зээлийн хүүг тэг хүүтэй болгоно. Өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж орон сууцанд орсон хүмүүсийн төлсөн хүүг үндсэн төлбөрт тооцно” гэж амлалт өгч, мөрийн хөтөлбөрөө зарласан. МАХН-ын зүгээс ингэж мэдээлэл хийсний дараагаас ард иргэд тус намын байрыг зорьж жинхэнэ бужигнаан үүссэн. Үнэгүй байр өгнө гэдэг энэ асуудал бол хэдэн тэрбум төгрөгийн асуудал ярьж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ирэх жилийн сонгуулийн ханш олон тэрбум төгрөгөөр эхэлж байгаа юм.

"Үнэгүй байр өгнө” гэсэн энэ амлалт улам хүчээ авч "Олон байртай айлын байрыг хурааж, байргүй айлуудад тарааж өгөх маягаар орон сууцжуулах ажил эхэлнэ” гэдэгтээ тулав. Тэгтэл энэ санаа хүмүүст маш их таалагдсан. Хүмүүс "Тэр хэдэн байртай билээ”, "Энэ хэдэн байртай билээ” гэж ярьж, таньдаг мэддэг хүмүүсийнхээ байрыг бүртгээд эхэлчихлээ.

Илүү байрыг нь авах юм гэнэ. Энэ амлалт нь эргээд өөрсдөд нь ч хохиролтой болох бололтой. Бүтэн жил шүүхдэж, шорон оронд хүртэл орж хэл ам дагуулж байсан өнөө "Өргөө” зочид буудлын хэргийг хүмүүс мартаагүй. Тэгэхээр тэд эхлээд өөрсдийнхөө энэ байрыг лав алдана. Олон өрөөтэй энэ байр эднийхээс илүүдээ гарсан юм хойно эхний ээлжинд лав үүнийгээ байргүй хүмүүст өгөх юм байна гэж ойлгогдоно.

Байр үнэгүй өгнө, олон байртай хүний байрыг дээрэмдэж байргүй айлд өгнө гэж ярина гэдэг нь попролын дээд хэлбэр. Ирэх сонгуулийн өнгө нэг иймэрхүү л маягтай явах нь гэдэг нь харагдаж байгаа юм.

Ард түмэн ядуу зүдүү байна. Ядуу нийгэмд попрол маш хүчтэй явагддаг. Үүн дээр нь улс төрийн намууд тоглолт хийж байна. Ингэж болохгүй, энэ худлаа шүү дээ. Худлаа гэдгийг нь мэдэхгүй байна уу, та бүхэн. Худлаа гэдгийг мэддэг улсууд нь мэдэж байгаа. Харин худлаа гэдгийг мэдэхгүй цуглаад байгаад учир байгаа юм. Хамгийн гол аюул нь энд байна.

МАХН-ын энэ амлалт Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа юу гэдэг дээр анхаарал хандуулъя. Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд "Сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглоно” гэж заасан байна. Энэ заалтын сүүлийн хэсэгт "...эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэхийг хориглоно” гэж бичсэн байгаа биз. Мөн тус хуулийн дараагийн зүйлд "Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ” гэсэн байгаа юм. Гэтэл МАХН амлалтаа өгч, сонгуулийн сурталчилгаагаа хуульд заасан хугацаанаас өмнө эхлүүлсэнээрээ Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэдэг нь үүгээр харагдаж байна. Олон мянган иргэнд олон сая төгрөгийн үнэтэй байр үнэгүй өгнө гэж байгааг тоонд шилжүүлбэл манай улсын ДНБ-ий нэлээд хувийг эзлэх нь тодорхой. Улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх, тэглээ ч хэзээ ч хэрэгжих боломжгүй, эдийн засгийн үндэслэлгүй ийм зүйлийг амлах нь хууль зөрчиж байгаа үйлдэл мөн. Улс төрийн намууд эхнээсээ ингэж Сонгуулийн тухай хуулийг зөрчөөд эхэлчихлээ. Энэ бүхнийг хянасан хууль байдаг бол даруйхан дарж авахгүй бол 2020 оны сонгуулийн ханш асар өндөр гарах нь байна. МАХН-ын энэ амлалт зөвхөн босго ханш. Үүнээс цааш сонгуулийн ханш хэд хүрэхийг мэдэх боломжгүй байна. Тиймээс эрх барьж байсан АН болон эрх барьж байгаа МАН энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч, холбогдох хуулиудыг ноцтой зөрчиж байгаа намтай хариуцлага тооцох хэрэгтэй байна. Үүнд АН, МАН ер нь анхаарал тавьж байна уу.

Үнэндээ МАХН-д ямар ч хариуцлага алга. Хариуцлагатай улстөрч хүмүүс ийм юм амлаад суух уу. Ийм байж яаж төр барих гээд байгаа юм бэ. Ард түмний анхааралд өртөж, ахиухан шиг санал авахын төлөө л попорч байгаагаас биш

Н.Энхбаяр л зочид буудлынхаа байрыг ард түмэнд өгөв гэж дээ. Түүнд тэр олон өрөөтэй байр нь илүү гарчихсан гэдэг нь хэний ч нүдэнд ил асуудал шүү дээ. МАХН-ын амлаад яриад байгаа энэ бүхэн хууль ёсны дагуу хөрөнгө мөнгөтэй болох ардчиллын үндсэн философитой маань бүрэн зөрчилдөж байгаа юм. Ардчилсан нийгэм байгуулах гол суурь иргэн хүн хөрөнгө мөнгөтэй байх. Гэтэл энэ нам хувь хүн хөрөнгө, мөнгөтэй байх ёсгүй гэж үзээд байна. Ингэснээрээ "Монгол Улсын иргэн ”Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэх Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна.

Олон байртай, өмчтэй хүмүүс хөрөнгөө хууль ёсны дагуу л авсан байж таараа шүү дээ. Яагаад гэвэл бид хуулийн нарийн зохицуулалттай оронд амьдардаг. Гэтэл бүх юм хууль ёсны дагуу байхад яагаад эднүүс хууль бус зүйл ярьж, хүний өмчид халдахыг санаархаж энэ үйлдлээ нийгэмд тулгаж, олон нийтийг турхирах гээд байна вэ. Энэ мэт худал амлалт, хууль зөрчсөн зүйл ярьж олон нийтийг төөрөгдүүлж байгаа этгээдүүдийг эртхэн хазаарлахгүй бол Монгол Улс попролтод живэхэд бэлэн байна.

 
Өдрийн сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?