|
Шинэ мэдээ

Нүд бүр харж, хамар болгон үнэрлэж байна...

 Өнгөрсөн жилийн 10 сарын 23-ны зураг
Заримдаа шударга үнэнийг шулуухан хэлчихсэн нь хэн хэндээ амар байдаг. Сайжруулсан түлш утааг ядаж 30 хувь багасгаж байгааг за зүгээр энгийн иргэд ч хэлээд эхэллээ. Нүд бүр харж, хамар болгон үнэрлэж байна. Аймгийн төвүүд утаандаа сааралтаж байхад Улаанбаатарынхан мандах жаргах нар, сараа танихтайгаа өвөлжих нь. Гэр хорооллын гэрэл чийдэн гялалзаад, утаа биш амьдрал харагдаж эхлэв. Гэвч хэрүүл дуусдаггүй ээ. Сайжруулсан түлшинд ард түмнээ угаартуулсаар байх уу гэсэн асуулт, зөв галлаж чадахгүйгээс болж эрсдэл гараад байна гэх тайлбар хоёрын дунд савлацгааж байна. Хүний амь настай холбоотой болохоор гурав дахь өнцгийг ил тод ярих нь ховор бололтой. Манайхны залхуу, хэнэггүй, бэлэнчилж сурсан, хайхрамжгүй занд бас их учир байна аа, янз нь. Нөгөө тэнгэрлэг зан гээч нь юм байлгүй. Адгийн наад зах нь өмнөх жилүүдэд тэр олон үнэгүй зуух тарааж байхад яагаад аваагүй юм бэ. Эсвэл авсныгаа цааш нь зарчихсан уу? Ханын пийшингээ анх хэдэн онд өрсөн бэ, өрлөг шавардлагынх нь дундуур зай завсар хагархай цуурхай гарсан бол засч янзалсан уу? Яндангаа хөөлөлгүй хоёр гурван жил болж байгаа юм биш биз? Төмөр янданг буулгаад дотор нь чулуу хийж сэгсэрч хөөлдөг. Хүүхэд байхдаа энэ ажлыг маш их сонирхож, сахилгагүйтэх нэг шалтгаан болгон ашигладаг байж билээ. Ээжийн буулгасан яндангийн нэг талаар чулуу шидээд, нөгөө талаараа гарахыг нь харах гээд гараа чилтэл гадаа зогсож л байлаа. Ханын пийшингийн янданг хөөлөх арга байж л байгаа. Нээрэн бас, пийшингээ юм уу яндангаа дахин суулгаж солихдоо хооронд нь яг лего шиг эвлүүлсэн үү, хүчээр чихээд, гарсан зайнд нь хагархай тоосго чихэж аргалаагүй биз? Сайжруулсан түлшээр галлах зааврыг уншиж, яг баримталж байгаа юу? Амжаагүй, хийгээгүй бол тэнгэрлэг залхуу, хийморлог алмай зангаа засах нь амиа хамгаалах эхний аргачлал болчихжээ. За энэ мэтийн эвгүй асуултууд ар араасаа хөндөгдөх нь. Тэнгэрлэг монгол зан чинь хөдлөөд байвал хариулахгүй ч байж болно. Ганц түлшинд найдалгүйгээр, Засгийн газар боломжтой бүх газарт дулааны шугам татах, нийслэлийнхний бизнес болчихоод байгаа 3000 шахам уурын зуухаа татан буулгах, иргэдээ орон сууцжуулах ажил ар араас нь хөтөлбөр болгон хиймээр байгаа юм. Юу гээч, МАХН байр өгнө гэж амралтын өдөр амьтан хүн бужигнуулаад, АН-ынхан жагсана гэж заналхийлээд, МАН-ынхан арьсаа хамгаалж нүдэлдэнэ энэ тэр гэж байхын оронд айл өрх бүрээр явж янданг нь хөөлөлцөж, гал түлэх заавар таниулж, ард түмэндээ урам зориг өгвөл өнөөдрийн байдлаар яг тохирох гээд байна.
 
 
Эмүжин
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?