|
Шинэ мэдээ

Адольф Гитлерийн хоолыг амталж, өөр дээрээ туршдаг байсан эмэгтэйн гунигт дурсамж

Таны идэх хоол бүр хамгийн сүүлийн зоог байж болохыг төсөөлөөд үз. Таны идэх өглөөний цай, өдрийн хоол, оройн зоог гээд бүгд хортой байх магадлалтай. Хамгийн гол нь та үүнийг мэдсээр байж заавал амсаж үзэх ёстой.

Энэ бол гуравдугаар Рейхийн зоог бүрийг амсаж үзэх тушаалтай хэсэг залуу эмэгтэйчүүдэд өдөр тутам тохиолддог байсан бодит түүх юм. Дэлхийн II дайны сүүлийн хоёр жил хагасын хугацаанд эдгээр бүсгүйчүүд Адольф Гитлерийн хоол бүрийг хордуулсан эсэхийг туршиж үздэг байжээ. Фюрер амьдралынхаа сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж, хэнд ч үл итгэх болсон аж. Тэрээр Холбоотнууд эсвэл өөрсдийнх нь хэн нэгэн хоолыг нь хордуулсан байж болзошгүй гэж сэжиглэн, идэхээсээ өмнө залуу эмэгтэйчүүдээр туршуулдаг байжээ. Аймшигтай нь энэ үүргийг гүйцэтгэхээр сонгогдсон цэвэр "Ари" бүсгүйчүүд хийж буй ажлаа нэр төрийн хэрэг гэж боддог, тэдэнд ингэж итгүүлж байсан аж.

Хамгийн сонирхолтой нь Фюрерын хоолыг туршиж үзэхээр томилогдсон 15 залуу бүсгүйн нэг болох, өдгөө 101 настай Маргот Волк 2013 онд Германы “Der Spiegel” сэтгүүлд өнгөрсөн амьдралынхаа талаар ярих хүртэл энэ бүх түүх хэний ч мэдэхгүй нууц хэвээр байсаар ирсэн юм.

Маргот Волк

Адольф Гитлерийн оройн зоог их энгийн байдаг байв. Тэрээр ихэвчлэн уламжлалт Герман хоолыг чанаж болгосон амтат сүмс болон цагаан аспарагусаар хачирлан иддэг байсан бөгөөд дайны хомстолтой үед ч өглөө бүр жинхэнэ масло ширээн дээр нь байдаг байжээ. Нөгөө талд дайны хөлд нэрвэгдсэн Германы ард түмэн өдөрт ердөө нэг аяга кофе, зүсэм талх, багахан маргаринаар голоо зогоож байв. Харин Маргот Волк болон бусад 14 залуу эмэгтэйд үнэтэй ногоогоор хачирласан тансаг зэрэглэлийн боловч үхлийн аюултай байж болзошгүй хоолыг өдөр бүр хүчээр идэх хувь тавилан оногдсон байна.

Тухайн үед 24 настай байсан, нарийн бичиг Маргот Волк 1941 оны өвөл эцэг эхийнх нь байр бөмбөгдөлтөд өртсөнөөр Берлинээс дүрвэж одоогийн Польш улсын Парц хот дахь хадам ээжийнхээ байранд амьдрах болжээ. Тэрээр том цэцэрлэгт хүрээлэнтэй тохилог хувийн байшинд дайнаас хоргодож байв. Мөн түүний хадам ээжийн байшин Дэлхийн II дайны үед Германы зүүн фронтын төв штаб байрлаж байсан Чонын үүр гэх хорогдох байрнаас ердөө гурав хүрэхгүй километрийн зайд оршдог байжээ. Адольд Гитлер Дэлхийн II дайны ихэнх цаг үеийг энэхүү Чонын үүр гэх хорогдох байранд өнгөрүүлсэн гэдэг.

Хадагтай Маргот Волк Парцад ирээд удаагүй байтал тус хотын Нацист намын дарга “SS”-ын цэргүүдийн хамт гэрт нь ирж “бидэнтэй хамт яв!” гэж тушаажээ. Үүний дараа тэрээр Чонын үүрэнд ирсэн бөгөөд тэд түүнд бялуу идэхийг санал болгосон байна. Маргот Волк энэ талаар дурсан ярихдаа “би нэг л мэдэхэд тэр бялууг эртний хийцтэй тансаг мөнгөн сэрээгээр амтархан идэж байлаа. Дайны үед бидэнд бялуу байтугай элсэн чихэр ч тэр бүр олдоггүй байв. Үүнийг идэх сайхан байсан ч нэг л хэцүү, дасаж өгөхгүй байсан” гэсэн юм.

Үүний дараа түүнийг бусад бүсгүйчүүдийн хамтаар Чонын үүрний хоолыг бэлддэг хоёр давхар байшинд аваачиж, үнэтэй хүнсний ногоо, амтат сүмс, гоймонтой аяга, чамин жимс, амттанаар дүүргэсэн ширээнд урьж бүх хоолыг амсаж үзэхийг тушаасан байна. Гэвч тэнд ямар ч мах байгаагүй аж. Учир нь Фюрер цагаан хоолтон байсан юм. Тэрээр “хэдий бүх хоол амттай байсан ч бидний хэн нь ч үүнийг таашаагаагүй” хэмээн дурсан ярьжээ.

Тухайн үед Холбоотнууд Адольд Гитлерийг хордуулж алах төлөвлөгөө боловсруулсан гэсэн цуу яриа тархаад байжээ. Тиймээс эдгээр бүсгүйчүүдийг энд авчирсан бөгөөд тэд бүх хоолыг амсаж үзсэний дараагаар “SS”-ын цэргүүд хэсэг ажиглаж байгаад ямар ч аюулгүй болох нь тодорхой болмогц Чонын үүр рүү авч явсан байна.

Ингээд үүнээс хойших Маргот Волкын амьдралын хоёр жил хагасын хугацаа өглөө бүрийн найман цагт “SS”-ын хэн нэгэн цэрэг “Маргот, сэрээд!” гэж цонхны цаанаас орилох тушаалаар эхэлж, нэг хэвийн байдлаар өнгөрөх болжээ. Гэвч тэрээр энэ хугацаанд Фюрерыг нэг ч удаа харж байгаагүй бөгөөд бүр Чонын үүрэнд үнэхээр амьдарч байсан эсэхэд нь хүртэл эргэлздэг аж.   

Чонын үүр

Ингэж л Гитлерийн залуучуудын холбооны нэг салбар болох Германы охидын лигт элсэхээс татгалзаж явсан Маргот Волк гуравдугаар Рейхийн албат болжээ. Түүний эцэг ч гэсэн цагтаа Нацист намд элсэхээс татгалзаж явсан нэгэн аж. Тэр одоо өдөр бүр энэ аймшигт дайныг эхлүүлсэн, маш ихээр үзэн яддаг хүнийхээ төлөө, түүнийг хордож үхэхээс сэргийлэхийн тулд хүчээр хоригдон амьдрах ёстой болов. Тэр зугтахыг хүссэн ч энэ тийм ч зөв сонголт биш байв. Учир нь эндээс гарахыг хүссэн  хэн ч арван метр яваад л буудуулж үхэх аж.

Гэвч нэг өдөр тэдний байрлаж байсан байр холбоотнуудын бөмбөгдөлтөд өртөж түүнд бусад охидын хамтаар зугтах боломж гарсан байна. Гэвч түүний нөхөр Карл дайны фронтод татагдсан бөгөөд хоёр жилийн турш холбоо тасраад байжээ. Тиймээс Маргот Волк нөхрийнхөө ээжтэй ойр байж түүнийг хүлээх ёстой, тэр болтол хаашаа ч явж болохгүй гэж боддог байсан аж. Тэрээр “Би нөхрөө амьд үхсэн эсэхийг ч мэдэхгүй байлаа. Гэвч би тэндээс зугтлаа гээд хаашаа ч явах билээ” хэмээн дурссан байна.

Үүний дараа 1944 оны долдугаар сарын 20-нд төв байрны ойролцоох майханд кино үдэшлэг болж байх хооронд Чонын үүрэнд гэнэт дэлбэрэлт болсон аж. Энэ бол Хурандаа Клаус фон Стаффенбергийн Адольф Гитлерийг устгах “Валкири ажиллагаа” байсан юм. Энэ үйл явдлын талаар Маргот Волк дурсан ярихдаа “Тухайн үед бид урт үргэлжлэх бандан сандал дээр сууцгааж байсан. Бөмбөгдөлт болоход бид бүгд газарт унацгаасан. Гэтэл гэнэт хэн нэгэн Фюрер үхчихлээ гэж хашхирч эхэлсэн. Гэвч төд удалгүй түүнийг алах төлөвлөгөө амжилтгүй болсон нь тодорхой болсон” гэжээ.

Валкири ажиллагааны дараа

Үүний дараа Чонын үүрний харуул хамгаалалт, эргэн тойрны эргүүлийг чангатгаснаар, Адольф Гитлерийн хоолыг амталдаг бүсгүйчүүд байшинд амьдрах эрхгүй болсон бөгөөд тэднийг ойролцоох сургуулийн байранд яг л амьтад шиг хорих болсон аж. Нэг шөнө “SS”-ын нэгэн офицер түүний унтаж байсан харанхуй өрөөнд халдаж түүнийг хүчиндсэн байна. Тэрээр энэ талаар дурсан ярихыг хүсээгүй бөгөөд зөвхөн “Би тухайн үед ямар ч чимээ гаргаагүй. Тэр бол нэг муу хөгшин гахай байсан. Би хэзээ ч ингэж доромжлуулж, бас итгэл найдваргүй болсон гэдгээ мэдэрч үзээгүй” гэсэн юм. Харин дараа өглөө нь түүний өрөөнд орохын тулд “SS”-ын офицерын ашигласан явган шат цонхных нь доор байсан хэвээр байжээ.

Харин Зөвлөлтийн арми Чонын үүрнээс ердөө километр хүрэхгүй зайд тулж ирэх үед “SS”-ын өөр нэг офицер түүнийг хоригдож байсан өрөөнөөс нь дагуулан гарж Берлин хүрэх гал тэргэнд суулгаснаар Маргот Волкын амьдрал аврагдсан байна. Тэрээр дайны дараа тэнд үлдсэн бусад бүсгүйчүүдийг Зөвлөлтийн цэргүүд ээлж дараалан хүчиндэж дараа нь буудаж алсан гэдгийг олж мэдсэн аж.

Түүнийг Берлинд очих үед ч гай зовлон нь дуусаагүй бөгөөд Чонын үүрнээс оргосон хүмүүсийг “SS”-ын цэргүүд хайж, хөнөөсөөр байжээ. Аз болж Маргот нэгэн сайхан сэтгэлт эмчтэй тааралдсанаар түүнийг өвчтөн хэмээн худлаа хэлж алуулахаас ахин аварсан байна.

Гэвч тэрээр дайн дууссан учир нөхрөө гэрт нь хүлээхээр Парцад эргэн очсон нь амьдралынх нь арилшгүй хар толбыг үлдээжээ. Түүнийг Парцад эргэн ирэх үед Зөвлөлтийн цэргүүд олзлон авч бүтэн хоёр долоо хоногийн турш ээлж дараалан хүчирхийлсэн байна. Үүнээс болж тэр маш их хэмжээний цус алдаж, гэмтэн хэзээ ч хүүхэд төрүүлж чадахгүй болжээ. Өдгөө 101 настай тэрээр өөрт тохиолдсон энэ бүх аймшигт түүхийг ярихдаа нулимс дуслуулан “би тухайн үед цааш амьдрахыг огт хүсээгүй” гэж шивнэсэн юм.       

Энэ бүхний дараа 1946 онд Маргот Волк нөхөртэйгөө ахин уулзсанаар амьдрах итгэлээ эргүүлэн олж авсан байна. Түүний нөхөр Карл энэ бүх хугацаанд дайны фронтод шархдаж, дараа нь холбоотнуудад барьцаалагдсанаар шоронд хоригдсон байжээ. Тэрээр нөхрийнхөө эрүүл мэндэд санаа тавьсаар 34 жилийн турш ахин аз жаргалтайгаар хамтдаа амьдарцгаажээ. Хадагтай Маргот одоо нөхрөө дурсан ярих бүрдээ инээмсэглэдэг. Учир нь түүнд тохиолдсон энэ бүх зүйлсийн дараа нөхөр нь түүнийг буруутгалгүй хүлээн авсан юм. Тэрээр “энэ бүх аймшигт зүйлсийн дараа нөхөр бид хоёрын хэн нь ч хүн чанараа мартаж, гэгээгүй юм. Би хайр бүхнийг анагаадаг гэдгийг өөрийн амьдралаараа мэдэрсэн хүн” гэсэн юм.

Хатагтай Маргот Волк болоод өнгөрсөн бүхнийг огт дурсаж, бодохгүй байх нь түүнд тусална гэж итгэдэг аж. Гэвч одоо хэрнэ түүний туулсан зүйлс зарим шөнө хар дарсан зүүд болон орж ирдэг байна. Харин тэрээр бараг 70 жилийн дараа буюу 95 насны төрсөн өдрөөрөө Германы “Der Spiegel” сэтгүүлд өөрийн туулсан бүхнээ ярихыг зөвшөөрсөн юм. Тэрээр энэ бүхнийг хойч үе маань заавал мэдэх ёстой. Цаашид ийм аймшигт дайн болж хүмүүс зовох учиргүй, үүнийг бусдад анхааруулах ёстой гэж үзсэний үндсэн дээр өөрийн нууцаа дэлгэсэн аж.  

Хадагтай Маргот Волк энэ талаар “Би тэнд юу болсон талаар хүмүүс мэдээсэй л гэж хүссэн. Адольф Гитлер бол үнэхээр жигшмээр хүн байсан. Тэр бол гахай” гэсэн юм.

Энэ түүх бол Дэлхийн II дайны үед Нацистуудын хийсэн бусад олон аймшигтай зүйлсийн ердөө нэг жишээ билээ. Тэд ард түмнээ хууран мэхэлж, итгүүлэх замаар цэвэр "Ари" үндэстнүүдийг үй олноор нь үйлдвэрлэхийн тулд залуу охид, хөвгүүдийг нөхөн үржихүйн хэрэгсэл болгож, хүүхдүүдийг дайны талбарт илгээн, Еврей үндэстнийг үй олноор нь хүйс тэмтэрч, арчиж хаях гэж оролдсон юм. Маргот Волкд тохиолдсон явдал ч гэсэн энэ аймшигт дайны үед олон хүний туулсан гашуун түүхүүдийн ердөө л нэг нь билээ.

О.Мөнхбат

Эх сурвалж: Der Spiegel

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?