|
Шинэ мэдээ

Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд агсны хүү Умард Солонгос руу дүрвэжээ

Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд агсан эрхмийн хүү Пёньянд байнга оршин суухаар дүрвэж ирснийг Умард Солонгосын төв хэвлэлд мэдээлжээ.

Чо Ин Гук өнгөрсөн Бямба гарагт Пёньянд ирж, үлдсэн амьдралаа хоёр Солонгосыг нэгтгэх үйлсэд зориулахаар болсныг уг мэдээнд өгүүлсэн байна. Мөн түүний Пёньяны нисэх онгоцны буудалд мэдэгдэл уншиж буй зургийг нийтэлжээ.

Түүний эцэг Чо Док Шин нь Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад тухайн үеийн ерөнхийлөгч Пак Чух Хэтэй зөрчилдсөний улмаас 1986 онд эхнэрийн хамт Умард Солонгос руу дүрвэж байсан юм.

Тэрээр 1989 онд нас баржээ. Тэгвэл түүний хүү ийнхүү эцгийнхээ замналыг давтаж, Өмнөдөөс Умардад дүрвэсэн ховор хүмүүсийн нэг болж байна.

Өмнөд Солонгосын засгийн газар Пёньянд очих тусгай зөвшөөрлийг Чо Ин Гукт олгоогүйгээ өчигдөр мэдэгдсэн юм. 70 орчим жил дайны байдалд байгаа хоёр Солонгосын хооронд иргэд зорчиход төдийгүй утсаар ярилцах, захиа илгээхэд ч тусгай зөвшөөрөл шаарддаг.

Солонгосын дайнаас хойш Умардаас Өмнөдөд 30,000 орчим хүн дүрвэсэн байдаг бол эсрэг чиглэлд дүрвэх нь маш ховор үзэгдэл.

Эцэг Чо 1986 онд Пёньянд очсоныхоо дараа Умард Солонгосын засгийн газрын эх орноо нэгтгэх яаманд өндөр албан тушаал хашиж эхэлсэн байдаг.

Түүний эхнэр Рю Ми Ён мөн Умард Солонгосын ардын их хурлын гишүүн болж байжээ.

Түүнийг 2016 онд 95 насандаа бие барахад Пёньяны эх орончдын оршуулгын газарт нөхрийнх нь шарилын дэргэд оршуулж байв.

Сая дүрвэсэн Чо Ин Гук 2001 оноос хойш нийт 12 удаа тусгай зөвшөөрлөөр Умард Солонгост зочилж, эцэг, эхийнхээ шарилыг эргэж байжээ.

Түүнийг энэ удаа Бээжингээр дамжиж Пёньянд очсон байх магадлалтайг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.

Дүрвэхээсээ өмнө тэрээр хоёр Солонгосыг нэгтгэх хөдөлгөөний идэвхтэн байжээ.

Эх сурвалж: Associated Press

Р.ТӨМӨР, IKON.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?