|
Шинэ мэдээ

“Эцэг хууль”-иас аврал эрсэн УИХ-ын сонгуулийн тухай зохицуулалтууд

Энэ дөрвөн жилд хууль тогтоох чиглэлээр эрх баригч хүчний хийх ёстой хамгийн том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Учир нь тэд 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төр бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж, шийдвэрлэнэ” хэмээн заасан. Үүнээс ч том шалтгаан бий. Шилжилтийн үеийн Үндсэн хуулиа сайжруулах, өнгөрсөн хугацаанд холилдож, бантагнасан төрийн тогтолцоог засах зайлшгүй шаардлага байна гэж улстөрчид, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийнхэн бүх түвшиндээ санал нэгдээд багагүй хугацаа өнгөрч байна.

Үндсэн хуулийг өөрчлөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн эрх баригч хүчин хэн нэгнээс санал гуйж, царай алдахгүйгээр баталчих тооны суудалтай, олон нийтэд ч “Хийгээд үзэх нь зөв” хэмээн хүлээн зөвшөөрөх хандлага давамгайлсан энэ үеийг “Эцэг хууль”-д засвар оруулах тохиромжтой хугацаа” хэмээж байгаа юм. Ийм нөхцөлд бид Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх тухайд бус, хэр оновчтой, нүдээ олсон өөрчлөлт хийх нь вэ гэдэгт илүү анхаарал хандуулах хэрэгтэй болоод буй билээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгасан, эргэлзээ төрүүлж, шүүмжлэл дагуулсан заалтуудыг онцлон, олон талын мэдээлэл, байр суурийг хүргэхийг чухалчилж байгаа юм.

Энэ удаа “Эцэг хууль”-д оруулж буй “УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтад анхаарлыг тань хандуулж байна.

ЭЭЛЖИТ СОНГУУЛИАС ӨМНӨХ НЭГ ЖИЛИЙН ДОТОР СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД “ГАР ХҮРЭХ”-ИЙГ ХОРИГЛОНО

Үндсэн хуульдаа ийм заалт оруултал “хашраажээ”, манай улстөрчид. Монгол Улс ардчиллын замаар бэдэрч, парламентын засаглал сонгосноос хойших 30 шахам жилд УИХ-ын ээлжит сонгууль долоон удаа болсон бөгөөд тэр бүрийн өмнө Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр ямар нэг байдлаар “гар хүрч” байв. Эхний үед “Сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуульд ямар нэг өөрчлөлт оруулахгүй” гэсэн утгатай хамгаалалтын заалтаа баримталж, санал хураах өдрөөс хагас жилээс доошгүй хугацааны өмнө хуулиа өөрчилдөг байсан бол сүүлдээ улаан цагаандаа гарсан. 2016 онд “Сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуульд ямар нэг өөрчлөлт оруулахгүй” гэсэн заалтыг хуулиас авч хаяж байгаад УИХ-ын сонгууль болохоос сар гаруйхны өмнө уг хуулийг өөрчилж, гишүүд өөрсдөдөө зориулан тойрог зурж суусныг санаж байна уу.

Улстөрчид улам балмад, эрээ цээргүй болж, хуулийг өөртөө ашигтайгаар өөрчлөхийн тулд яаж ч мэдэхээр байгааг уг явдал харуулсан нь дээрх заалтыг Үндсэн хуульд оруулахад хүргэжээ. “Сонгуулийн хуулийг хөл толгойгүй өөрчилдөг, тулгаж байгаад бужигнуулдаг нь сонгууль бүрийн өмнө сонгогчид, нэр дэвшигчдийн аль алинд таавар мэт битүү хатуу байдал үүсгэдэг болсон. Энэ нь иргэдийн сонгох, сонгогдох эрхээ бодитой, үр дүнтэй эдлэхэд саад учруулж байна. Хуулийн тогтвортой байдлыг хангаснаар улс төрийн намууд, нэр дэвшигчдэд сонгуульд хэрхэн оролцох вэ гэдгээ шийдвэрлэж, төлөвлөн, хэрэгжүүлэх, иргэд сонгуулийн үеэр ямар бодлогыг, хэнийг, аль намыг яагаад дэмжих вэ гэдгээ эртнээс бодож, сонголтоо хийх боломж олгоно” гэж гэж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн үзэж буй аж. Тиймээс энэ заалтыг Үндсэн хуульд оруулахаар санал нэгдээд буй гэнэ.

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ХУУЛИАР ТОГТООХ НЬ ЗӨВ ҮҮ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгасан зохицуулалтуудаас хамгийн их маргаан, мэтгэлцээн дагуулж буй заалтын нэг нь УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох тухай. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооныхон “Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээсэн нь сонгуулийн тогтолцоо мажоритар байна гэдгийг “Эцэг хууль”-д дархалсан хэрэг. Гэтэл боловсруулсан төсөлд “УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно” гэсэн нь сонгуулийн тогтолцоог сонгож, шийдэх эрхийг УИХ-д олгохоор тусгасан байна. Ингэвэл УИХ хувь тэнцүүлсэн тогтолцоог дахин “босгоно”. Зарчмын том өөрчлөлт хийгээгүй гэчихээд сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэж байгаа нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж буйгаас ялгаагүй хэрэг. Улс төрийн намууд боловсон хүчин, үзэл бодол, зохион байгуулалтын хувьд түүхийгээрээ, төлөвшөөгүй байгаа ийм нөхцөлд хувь тэнцүүлсэн тогтолцоо тохирохгүй” хэмээн шүүмжилдэг.

Хөдөлмөрийн үндэсний намынхан “Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно” гэх нь үүсээд буй асуудлыг шийдэж чадахгүй. Үүний оронд Монгол Улс УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог авч, Үндсэн хуульд тодорхой зааж өгөх ёстой” гэсэн байр суурь илэрхийлээд буй.

Харин төсөл боловсруулагчид “УИХ-ын сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо нь “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчжээ” хэмээсэн ҮХЦ-ийн 2016 оны 05 дугаар дүгнэлт нь Монгол Улсын аль ч шатны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах боломжийг бүхэлд нь хааж байна. Монгол Улсын онцлогт нийцсэн, ардчилсан зарчмыг хамгийн сайн хангах сонгуулийн тогтолцоог төлөвшүүлэхийн тулд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох замаар хувь тэнцүүлсэн болон мажоритар тогтолцооны зохист хослолыг хөгжүүлнэ. Цэцийн дүгнэлт нь УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн элемент бүхий дэвшилт тогтолцоогоор явуулах боломжийг бүр мөсөн хаасан ноцтой үр дагавар үүсгэсэн учраас сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох заалт төсөлд оруулсан” хэмээн уг заалтыг нэмсэн үндэслэлээ тайлбарлаж байгаа.

Монголд пропорциональ тогтолцоо хэрэгтэй гэж 2008-2012 онд хууль тогтоогчид баахан ярьсан. Тухайн үед Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэхдээ 100 хувь пропорциональ тогтолцоотой байхаар ярьж эхлээд, батлахдаа мажоритар давамгайлсан 48х28 гэсэн хувилбарыг сонгосон. Түүнийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэлт гаргаж, пропорциональ элемент нь “Эцэг хууль”-тай зөрчилдсөн хэмээн тайлбарласан тул өнөөдөр ийм өөрчлөлт оруулахаар ярьж буй хэрэг.

Монгол Улс илүү үр дүнтэй сонгуулийн тогтолцоог сонгоё гэвэл аль болох 50х50 хувийн холимог тогтолцоо руу дөхөх хэрэгтэй гэж олон улсын судлаачид зөвлөдөг, манайхан ч үүнтэй санал нийлдэг. Мажоритараас илүү холимог тогтолцоо манайд тохирно гэж үзэх явдал нийгэмд давамгайлж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь цаг хугацааны асуудал болоод буй гэхэд болно. Харин үүнд тулгарч буй саадыг арилгахдаа “Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно” гэж хүссэн үедээ хуульд өөрчлөлт оруулан, сонгуулийн тогтолцоог солиод байхаар томьёолох уу, “Холимог тогтолцоотой байна” хэмээн шууд зааж өгөх үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх юм.

Аль ч тогтолцоонд эерэг, сөрөг тал бий. Бид юуг шийдэх гэж, юуны төлөө явж байгаагаа том зургаар нь харах ёстой. Энэ өөрчлөлт улс төрийн соёлыг төлөвшүүлэхэд ямар үүрэгтэй юм бэ гэдэг талаас нь харвал энэ тийм ч буруу зохицуулалт биш шиг санагдана.

Х.Уянга

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?