|
Шинэ мэдээ

С.БАЯР: ЭНЭ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЯВСАН ХОЁР ЭР ШӨНӨ ДӨЛӨӨР ШОРОНГИЙН ХҮЙТЭН ХОНГИЛД БАРАА БАРААГАА ХАРАХ ТАВИЛАНТАЙ БАЙЖ

Шөнө багтраа дахин хөдлөв. Агаар дутагдан ангалзаад амь тавихдаа тулав. Харгалзагч нар утсаараа ярьж ийш тийш гүйлдэж байснаа намайг эмнэлгийн өрөөнд яаралтай оруулав. Жижүүрийн эмч нь аахилсаар орж ирж байна. Амруу вентолин хэд сайн шахсан ч нэмэр болсонгүй. Би түүнээс аврал хайн "яг боох нь...нэг тариа байдаг...хоолой тэлдэг... тэр байна уу... бушуу шахаач гэж гуйлаа.

Жижүүрийн эмч гарч гүйгээд удалгүй эргэж ирээд эуфилин гэх тариа дуслаар хийлээ. Хэсэг хугацаа өнгөрөхөд бие тавирч, цээж онгойн амьсгал овоо жигдэрч байна. Энэ муу астамын онцлог нь амьсгал хүчлэн авлаа ч бүрэн гаргаж чадахгүй амь тэмцээд сандраад эхэлдэг. Агаар дутагдмагц зүрх савлаад бүр хэцүүднэ, бушуухан тариа хийлгэж амьсгалаа жигдлэхгүй бол мажийх энүүхэнд байдаг онцгүй өвчин. Тоохгүй яваад байсан багтраа маань толгойд гарч, боолчилдог болох нь. Тариа хийсний дараа намайг эмнэлгийн тэр өрөөнд хэсэг хэвтүүлж тэнхрүүлэв. Дараа нь бие суларсан амьтан хонгилын хана түшисхийн явж байтал тэр давхрын нэг камерын төмөр сараалжны цаана бүрэнхийд танил царай хальт харагдах шиг боллоо. Би зог тусав. Сайханбилэг шиг харагдах юм. Мөн үү? Сайханбилэг мөн байна "Та яасан бэ, зүгээр үү" гэж тэр асууж байна. Хариу хэлэх гэтэл ард явсан харгалзагч харьцаж болохгүй гэж зандарч байна. Би гараа өргөж даллахаас өөр яаж ч чадсангүй цааш хөдлөв. Сайханбилэг бид хоёр энд нэг өдөр хүргэгдэж ирсэн гэж өмгөөлөгч маань хэлсэн. Тэрнээс хойш сураггүй байж байгаад одоо л бие биенээ олж харж байгаамаа нь энэ. Энэ улсын Ерөнхий сайд явсан хоёр эр шөнө дөлөөр шоронгийн хүйтэн хонгилд бараа бараагаа ийнхүү хальт харах тавилантай байж. Сайханбилэг бид хоёр эрүүгийн нэг хэргээр нэг өдөр энд суусан гэсэн. Гэтэл хоорондоо долоо найман жилийн зайтай засагласан бид хоёрыг эд нар яаж хамаатуулж нэг хэргээр яаж холбож байгаа юм болоо. Сайханбилэг миний танхимд, би түүний танхимын бүрэлдэхүүнд орж байгаагүй ээ. Манай засгийн шийдвэр түүнд, түүний засгийн шийдвэр надад хамаагүй л баймаар юм. Бид хоёрыг холбож болох сэжүүр бол Оюутолгой гэх сэдэв л юм. Оюутолгойн сэжүүрээр толгой холбогдсон, "хоёр баагий юм биздээ"

PS: Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон тэмдэглэлээрээ бичсэн "Жаран хоног", "Жаран"-ы бутархай" номоос.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?