|
Шинэ мэдээ

"Аваргын энтэй 10 арслан"

"Аваргын энтэй 10 арслан"

 

Арслан цол хvртсэн 44 бөхийн 10-д нь алдарт аварга цолтнуудын эгнээнд багтахуйц амжилт, боломж тохиосон ч харамсалтай нь учраануудаа дийлэлгvй өвдөг шороодсон байдаг. Аварга хэмээх алдар цолоос шүүрэн алдсан аваргын энтэй хүчтэнүүд

Нэгэн болбоос бөхийн түүхэнд “Цэргийн” гэгдсэн тодотголтой үлдсэн С.Шагж арслан юм. 
Тэрээр 1928, 1929 оны улсын их баяр наадамд дараалан үзүүрлэж, улмаар 1930 онд түрүүлж байжээ. Тэрээр 1927 оны наадмаар найм давж дөрөвт үлдэн заан цол, 1929 онд ес давж хоёр дахиа үзүүрлэн арслан цолыг хvртсэн байх аж. Тиймээс 1930 онд түрүүлэхэд нь аварга цол хүртээж болох байлаа. Хэрэв тэрээр энэ цолд хvрсэн бол Завхан аймгаас анхны аварга төрөх байжээ.

Удаахь нь “Урт гарт” хэмээх М.Лхагва арслан болой. 
Тэрбээр 1931 оны наадмаар заан цолтойдоо ес давж үзүүрлэж байв. 1933 онд түрүүлж арслан цолд хүрчээ. 1939 оны наадмаар аанай үзүүрлэсэн байдаг. Ийнхvv Завхан нутгаас хоёр дахь аварга төрөх байсан нь талаар болсон ажээ.

Гурав дахь нь Л.Чимэд арслан юм. 
1934 онд үзүүр, түрүүнд үлдэж Дэлэг арсланд унаж үзүүрлэжээ. 1935 онд түрүүлж арслан цолд хүрчээ. 1936 онд дахин түрүү булаалдаж, Балсан арсланд өвдөг шорооджээ. Түрүүлсэн бол Төв аймгаас анхны аварга төрөх байжээ.

Дөрөв дэх нь Д.Лувсанжамц арслан юм. 
Мань хүн 1937 онд үзүүрлэж, зургаан жилийн дараа буюу 1943 онд түрүүлжээ. Чингэж арслан цолд сая хүрсэн байна.

Тав дахь нь Ц.Бадамсэрээжид арслан юм. 
Тэрээр 1954, 1959 онд тус тус үзүүр, түрүү булаалдан Б.Түвдэндорж, Д.Дамдин аварга нарын ид үед дарагдсан юм. Тэрбээр түрүүлсэн бол Хөвсгөлөөс бас нэг аварга төрөх байлаа.

Зургаа дахь нь Ж.Чойжилсүрэн арслан юм. 
Тэрээр 1958, 1962 онд үзүүр, түрүү булаалдан Д.Дамдин аварга, Д.Жамц арсланд тус тус өвдөглөж түрүүлэх боломжоо алдаж байв. Ялангуяа Д.Жамц арслантай тун хариуцлагагүй барилдсан гэдэг. Тэр жил бөх сонирхогч олон түүнд их итгэл өгч, түрүүлнэ хэмээн найдлага тавьж байсан аж.

Долоо дахь нь У.Мижиддорж арслан юм. 
Тэрбээр 1963 онд Ж.Мөнхбат аварга(тэр vед заан цолтой байж)-тай үзүүр, түрүүнд үлдэж, өвдөг шороодсон гэдэг.

Найм дахь нь П.Дагвасүрэн арслан юм. 
Тэрээр 1973, 1976, 1977 онд гурвантаа үзүүр, түрүүнд хүрч Х.Баянмөнх аваргад хоёр, Д.Хадбаатар аваргад нэг удаа яалт ч үгүй өвдөг шороодож байжээ.

Ес дэх нь М.Мөнгөн-Оньс арслан юм. 
Тэрбээр 1982, 1984 онд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох аваргад тус тус өвдөг шороодон, Увс аймгаас төрөх магадлалтай асан гурав дахь аварга ийн талаар болжээ.

Арав дахь нь Д.Мөнх-Эрдэнэ арслан юм. 
Тэрээр хамгийн олон удаа түрүү булаалдсан хамгийн азгvй арсланд тооцогдоно. Чингэхдээ цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй таван удаа түрүү булаалдаж ганцад нь ч болов өвдөглүүлж чадаагүй билээ.

Эдгээр арван хvчтэн амжилтаа ахиулах гэж бие биетэйгээ арсалдсан их аваргуудын замд тааралдан, хөлд нь “үрэгдсэн” гэхэд хилсдэх юун. Нөгөө талаар бөх сайтай нутгаас сайн бөхчүүл төрдөг гэдэгчлэн сайхь аваргуудыг хурцалж, амжилт алдрын оргил өөд “дөрөөлүүлцсэн” гавьяатай бөхчvvд юм.

Zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?