|
Шинэ мэдээ

Хар тамхины хэрэгт холбогдсон Б.Баттүшиг мөрдэстэй дипломатч уу? Франктай дипломатч уу?

Хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт сэжиглэгдээд байгаа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа ЭСЯ-ны Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын талаар сүүлийн 7 хоног шуугив. С.Эрдэнэбаярын хувьд хаанахын хэн бэ гэдэг нь эхнээсээ тодорхой байлаа. Харин Б.Баттүшигийн талаар ГХЯ, ТЕГ хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй дүлгэнэсэн мэдэгдэл хийсэн нь олон нийтийг төөрөгдүүлж орхив. Баттүшиг гэж хэн бэ?

 

Дипломат халхавчаар ажиллаж байсан, Тагнуулын газрын ажилтан юм болов уу? Ингэж хардах нь зүйн хэрэг. Улс орнууд дипломат халдашгүй байдлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн байгууллагаасаа гадна хэд хэдэн чиглэлд ашиглахыг зөвшөөрсөөр ирж. 
Юуны өмнө тагнуулын байгууллагуудын хилийн чанадад ажиллаж буй нэгжийн удирдлага, ажилтнууд дипломат эрх ямбатай байдаг. Анх тагнуулын байгууллагын ажилтнууд гадаад харилцааны байгууллагын ажилтны орон тоон дээр, тэндээсээ цалинжин, тэдний ажлыг хийхийн зэрэгцээ тагнуулынхаа ажлыг хийдэг хэлбэрээр ажилладаг байсан бол 1930-аад оноос Зөвлөлтийн КГБ,  Английн Ми-6, АНУ-ын ТТГ, 1950-иад оноос Израйлын Моссад, Зүүн Германы Гадаад тагнуулын газар  зэрэг хүчирхэг тусгай албад хилийн чанад дахь ЭСЯ-нд хэдэн орон тоо гаргах, хэдэн хүн ажиллуулахаа өөрсдөө шийддэг болж, төсвөө ч тусад нь батлуулах болсон. Үүнтэйгээ холбогдуулан аливаа хариуцлагын асуудал гарч ирвэл гадаад яам руугаа чихэлгүй өөрсдөө хариуцах болсон. 
Мөн төрийн нууц хадгалдаг ажилтнууд,  төрийн өндөр албан тушаалтнууд, улс оронд амин чухал хэрэгцээтэй мэргэжилтнүүдээ гадаадад зорчих үед нь дипломат паспорт олгож, зорчих оронд нь нот илгээж мэдэгдэх зэргээр хамгаалдаг. 
 
ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ, Баттүшиг нь өмнө нь ТЕГ-т ажиллаж байсан болохоос манай байгууллагын ажилтан биш харин ч бид бусад байгууллагатай хамтран хэргийг шалгаж байна гэж мэдэгдэв. Тэгэхээр дипломатч Б.Баттүшиг Тагнуулын байгууллагын ажилтан биш, харин ч мөрдөн шалгагдаж  буй хүн юм байна гэж ойлгов. 
 
Гадаад яамны ажилтан юм болов уу? Д.Цогтбаатар сайд би биш, Төрийн албаны зөвлөл томилсон гээд хэлчихсэн, шууд удирддаг Консулын газрын захирал нь болохоор танихгүй хүний тухай ярьж байгаа юм шиг тойрч  зугтаагаад байдаг. Би худлаа уншаагүй бол анхны  мэдээ гарангуут Гадаад яамны нэг албан тушаалтан манай ажилтан биш гэж хэлсэн нь сайтуудаар цухас үзэгдээд өнгөрсөн. Тэгэхээр Гадаад яамныхан мэдэхгүй болж таараад байна. 
 
60 тэрбумынхны нэг юм болов уу? Б.Баттүшиг нь Гадаад харилцааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхантай баз бөгөөд базынхаа дэмжлэгтэйгээр тус албан тушаалд томилогдсон байж болзошгүй. Б.Баярсайхан нь Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай маш эртнээс нөхөрлөсөн, түүнийг хаана явна, тэнд даргаар томилогддог нэгэн гэсэн мэдээ LiveTV цацав. Юу ч хийж магадгүй манай томчууд хандиваа өгсөн бол хэнийг, хааш нь ч тавьж чадна.
 
Олон нийт энэ тодорхойгүй байдлыг анзаарч, энэ хүний намтар түүхийг дор нь гараад ирэв. Анх манай нэрт 2 сэтгүүлч бүсгүй Баттүшигийг Тагнуулын газраас томилсон тухай, нэг нь жиргээгээ тавьсны дараа "хөөрхөн чекист банди” эргэлдээд байгаа тухай жиргэснээс хойш өнөөдрийн байдлаар Бат-Эрдэнийн Баттүшиг нь 2012 онд Банкок дахь ЭСЯ-нд тухайн үед ТЕГ-ын дарга байсан одоо Турк дахь Элчин сайд Р.Болд томилсон, тэндээсээ архи, дарсны асуудлаар эгүүлэн татагдсан, 2018 онд ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл Истанбул дахь Консулын газарт дэд консулаар томилсон, англи хэлтэй, хурандаа цолтой, улсын дээд шүүхийн шүүгч асан Бат-Эрдэнийн хүү, аав нь ТЕГ-ын дээд сургуульд багшилж байсан, өөрөө Тагнуулын ажилтан гэдгээ ГХЯ-ны ажилтнуудад ил хэлдэг  тухай олон нийт нийгмийн сүлжээнээс мэдэж авлаа. 
 
Эндээс харахад Баттүшиг нь Тагнуулын байгууллагаас томилогдсон хүн байж болох магадлал хамгийн өндөр байна. Тагнуулын байгууллагууд ганц тагнуул хийлгэх гэж ажилтнуудаа Элчин сайдын яаманд ажиллуулдаггүй. Тухайн оронд ажиллаж буй ЭСЯ-ны аюулгүй байдлыг хангах, иргэдээ алан хядлагаас хамгаалах үүрэгтэйгээр ч явуулдаг. Би ТЕГ-ыг арай ч найрамдалт Турк Улсыг тагнахаар хүн явуулаад байна гэж бодохгүй байна. Тэгэхээр Баттүшиг тагнуулын ажилтан юм бол ЭСЯ-ны аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байсан байж таарна. 
 
Баттүшигийг олон нийтээс нуух нь хэнд хэрэгтэй вэ? Юуны өмнө томилолт өгч явуулсан хүмүүст нь хэрэгтэй, дээрх магадлалаар бол ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэлд хэрэгтэй. Учир нь манай нэрт нийтлэлч нэгэн Гэрэл даргыг генерал цол,  Өмнөд Солонгост суух Элчин сайдын суудал мөрөөдөж байгаа тухай жиргэсэн. Хэрэв Баттүшиг тагнуулын ажилтан бөгөөд Гэрэл дарга томилсон нь ил болчихвол даргын энэ мөрөөдөл салхинд хийсэх юм. Дээр нь Тамгын газрын даргаараа Баттүшиг Тагнуулын ажилтан биш, харин шалгагдаж байгаа хүн гээд хэлүүлчихсэн байдаг. Өөрийнхөө томилсон хүнийг хойноос нь хар тамхины хэргээр шалгаж байгаа хэрэг болж таарч бүр утгаа алдана.Уг нь Гэрэл дарга Баттүшигийг Истанбул дахь ЭСЯ-ны аюулгүй байдал хариуцсан манай ажилтан мөн гээд уучлал гуйчихсан бол ийм эвгүй байдал үүсэхгүй байсан юм. Тагнуулын ажиллагаа бүхэлдээ Төрийн нууцын хуулинд хамаардаг. Гэхдээ тэр хуулинд боловсон хүчин нь бус үүрэгт ажил нь нууц гээд тодорхой биччихсэн байна билээ.
 
Гадаад харилцааны сайд өөр дээрээ гал дуудаж байна. Өнөөдрийн байдлаар олон нийтийн зүгээс хамгийн их шахуулж байгаа хүн Цогтбаатар сайд. Энэ хүний тодорхойгүй, сулбагар байр суурь нь сонгууль дөхөж байгаа энэ үед өөрийнх нь карьерыг үгүй хийж байна.  Хийсэн мэдэгдлээс нь харахад Баттүшиг өөрт нь хамаагүй гэж олон нийтэд ойлгуулах гээд ч байгаа юм шиг эсвэл хүчинд автаад ч байгаа юм шиг байх юм. 
 
Дипломат ажилтнууд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ? Хэрэгт холбогдсон хүмүүс нь дипломат эрх, ямба нь үйлчлэх улс оронд бол хөөгддөг, эх орондоо ирээд карьер нь төгсдөг, бусад гэм буруутай этгээдүүд нь тус улсын дотоод хууль, дүрмийн дагуу шийдэгдэж байгаа өч төчнөөн жишээг дурьдаж болно. 
Харин дипломат халхавчаар ажиллаж байсан тагнуулын ажилтан хар тамхины хэрэгт холбогдсон хэрэг /хурандаа Ковальчук гэгч Аргентинээс ОХУ-аар дамжуулан Европ  руу хар тамхи зөөдөг гэмт бүлэг зохион байгуулсан, түүндээ Аргентин дэх ОХУ-ын  ЭСЯ-ны 2 дипломат ажилтныг элсүүлсэн/ 2016 онд ОХУ-д гарч, Англи, Америкийн чиглэлийн хэд хэдэн удаагийн  тагнуулын үйл ажиллагааны бүтэлгүйтэл, боловсон хүчний бодлогын алдаа гаргасан гэж шүүмжлэл хүлээгээд байсан ОХУ-ын Гадаад тагнуулын газрын дарга, хурандаа М.Е.Фрадковыг 9 жил суусан сэнтийгээс нь буулгахад дэм болсон гэж Оросын хэвлэлд бичсэн байна.
Манайхан өчигдөр арга хэмжээ авчихлаа. Ерөнхийлөгч Засгийн газарт нэг бичиг илгээгээд мөрөөр нь УИХ-ын Байнгын хороо хуралдаж, ажил сайжруулах, 1, 2 шийдвэр гаргах болов. Хариуцлага хүлээх хүн байна уу гэсэн сурвалжлагчийн асуултаас Аюурсайхан гишүүнээс эхлээд нохойд хөөгдсөн аятай тойрч зугтацгаав. Ингээд л боллоо. 
 sonin.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?