|
Шинэ мэдээ

БНАСАУ уран баяжуулалтаа зогсоогоогүй

Хойд Солонгосын Йонбён цөмийн цогцолборт ураны үйлдвэр хэвийн ажиллаж байгаа гэнэ. Энэ талаар БНАСАУ-ын тухай сэдвээр дагнан мэдээлэл өгдөг, Америкийн  38 North порталаас авсан эх сурвалжтайгаар Өмнөд Солонгосын KBS телевиз мэдээллээ. 

 


Эх сурвалжийн дамжуулснаар, тавдугаар сарын 28-ныг хүртэл авсан сүүлийн саруудын хиймэл дагуулын зурагнуудаас харахад "уран баяжуулах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” гэдэг нь тодорхой байсан гэнэ. Гэхдээ баяжуулалтын бодит түвшин эсвэл нийт үйлдвэрлэлийн чадлыг тодорхойлох боломжгүй гэж эх сурвалж дамжууллаа. 


Энд дуулгахад, гуравдугаар сарын сүүлээр БНСУ-ын Үндэсний тагнуулын алба Йонбён дахь цөмийн цогцолборт ураны баяжуулалт хэвийн явагдаж байгаа гэж мэдээлж байлаа. Эндээс харахад Хойд Солонгос цөмийн хөтөлбөрийн хөгжлөө зогсоогоогүй гэж БНСУ дүгнэж байв. 


Эргэн сануулахад, Солонгосын хойгийн нөхцөл байдал олон жилийн туршид дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Тодруулбал, БНАСАУ цөмийн хөтөлбөрөө зогсоохыг татгалзан, 2018 оныг хүртэл удаа дараа цөмийн туршилт хийн, баллистик пуужин хөөргөж, улмаар дэлхий нийт цөмийн дайны ирмэг дээр байна гэж хэвлэлүүд бичиж байсан юм. Харин өнгөрсөн жил "дайсагнагч” хоёр тал болох АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд анх удаа уулзан, улмаар БНАСАУ цөмийн хөтөлбөрөө зогсооход бэлэн хэмээн мэдэгдсний дээр цөмийн зэвсэг турших полигоноо буулгана гэж амлаж байлаа. 


Улмаар энэ оны хоёрдугаар сард Америк болон Хойд Солонгос дахин дээд хэмжээний уулзалт хийхээр болсон нь олон улсад найдлага төрүүлж байсан ч Ханойн хэлэлцээр бүтэлгүйтэн, талууд хамтарсан мэдэгдэл хийлгүй, зөвшилцөлд хүрэлгүй нутаг буцацгаасан юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?