|
Шинэ мэдээ

Махны үнэ тэнгэрт, арьс шир нь хогонд

 
 
 

Махны үнэ тэнгэрт, арьс шир нь хогонд

 


Манай улсын малын тоо толгой жил бүр нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн онд гэхэд 244.7 мянгаар нэмэгдэж  66 сая малтай болсон. Ийнхүү мал нэмэгдсэн ч мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгддэггүй.Одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 15 хувьтай байгаа нь чамлахаар үзүүлэлт.  Уг нь мал манай улсын нөхөн сэргээгддэг үнэт баялаг. Наанадаж мах, сүүгээ дотооддоо хангах, арьс, шир, ноолуураараа ам.доллар олох гээд л ашиг шимийг нь захаас нь тоочоод барашгүй. Гэвч өнөөдөр манайд малын гаралтай түүхий эд шиг үнэгүй, мах шиг тэнгэрт хадсан үнэтэй  юм алга. Мал аж ахуйн салбарт 10 гаруй хууль, 50 орчим тогтоол, 10 гаруй бодлогын баримт бичиг, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч малын ашиг шим ийнхүү урвуу хамааралтай болжээ.

Өнөөдөр үхрийн цул мах кг нь 20 мянган төгрөгт дөхөөд байгаа. Өнөөгийн байгаа энэ үнэ нь өнгөрсөн онтой харьцуулахад хонины мах 17 хувь, ямааны мах 28 хувь, үхрийн мах 14 хувь, адууны мах 11 хувиар өссөн байгааг салбар яамнаас мэдээлсэн. Үнийн өсөлтийг салбарын сайд нь нийлүүлэлтийн хомсдолтой холбон тайлбарласан. Мах ямар шатахуун биш. Үнийг барих боломж бүрэн байгаа. Дэлхийн зах зээл дэх ханш, "ноён ногоон”-ы өсөлт, экспортлогч улсын татвар гээд л гадны гарыг хардаг шатахуунаас махны асуудал уг нь өөр шүү дээ. Нийлүүлэлтэд нь л хяналт тавихад болох асуудал байх. Гэвч манай Засгийн газарт махнаас илүү анхаарал хандуулах тогоо, шанаганы хэрүүл олон байгаа болохоор тоодоггүй. Тэр дундуур нь өмнө зүгийн наймаачид шургаад нийслэлд ирэх нийлүүлэлтийг замаас нь таслаад байгааг дотоодын ченжүүд хэлж буй. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өчигдөр мэдээлэл хийхдээ махны нийлүүлэлт өнгөрсөн долоо хоногт 30 хувиар багассан тухай хэлсэн. Ингэхээр үнэ тэнгэрт хадах нь зүйн хэрэг.

Махны үнэ ингэж "нисэж”  байгаа бол арьс шир нь хогонд нэрлэгдэж байгаа. Тийм болохоор үнэ нь ч өсдөггүй. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэд анхаарлаа хандуулъя. Үндэсний статистикийн хорооны өгсөн мэдээллээр өнгөрсөн сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 13.7 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 3 мянган төгрөг, бусад аймагт 5-12 мянган төгрөг байна. Адууны ширний дундаж үнэ Баянхонгор аймагт хамгийн бага буюу 3 мянган төгрөг, бусад аймагт 5-10 мянган төгрөг байгаа аж.  Тэмээний ширний дундаж үнэ Улаанбаатар хот, Хэнтий аймагт хамгийн их буюу 15 мянган төгрөг, Говь-Алтай аймагт хамгийн бага буюу 8.3 мянган төгрөг, бусад аймагт 10-12 мянган төгрөг байна. Хонины ноостой нэхийний дундаж үнэ Хэнтий аймагт хамгийн их буюу 2 мянган төгрөг, бусад аймагт 0.5-1.5 мянган төгрөг байгаа юм. Хүчин чадалтайхан үйлдвэртэй бол арьс шир хэрэглээ л дээ. Үйлдвэргүйн гайгаар, үйлдвэрлэх боломжийг ЖДҮ нэрээр хулгайлсны гайгаар л ийнхүү өгөөжгүй болоод байгаа хэрэг.

Эх Сурвалж: Eagle.mn 

http://eagle.mn/r/59362


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 3+3=?