|
Шинэ мэдээ

БНХАУ гадаадын шахалтад хэзээ ч бууж өгөхгүй гэж мэдэгджээ

 

БНХАУ гадаадын шахалтад хэзээ ч бууж өгөхгүй гэж мэдэгджээ

БНХАУ гадаадын шахалтад хэзээ ч бууж өгөхгүй бөгөөд улс орныхоо хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхыг хамгаалах чадамж бий гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мягмар гарагт мэдэгджээ. БНХАУ-АНУ-ын худалдааны маргаантай холбогдолтой асуултуудад товч мэдээлэл өгөх үеэрээ тэрбээр ийнхүү хэлсэн байна.

"Хятад улс худалдааны дайныг хүсээгүй, гэсэн хэдий ч бид тулалдахаас эмээхгүй байна. Хэрэв хэн нэгэн дайтахаар хаалга тогшвол бид дуусах хүртэл нь тулалдах болно” гэж Гэн Шуан онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр, Хятад улс өгсөн амлалтаасаа буцаж, няцаагүй гэж мэдэгджээ. Хоёр орны хэлэлцээ 95 хувьтай явж байхад зарим амлалтаасаа няцсан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсыг буруутгасан юм.

"Хэлэлцээ нь хэлэлцүүлэгийн үе шат бөгөөд энэхүү үе шатанд талууд өөр өөр үзэл бодол илэрхийлэх нь хэвийн үзэгдэл” гэж Гэн Шуан хэлээд, хэлэлцээр байгуулсан үед хэлэлцээ дуусдаг, тиймээс амлалтаа зөрчсөн гэж үзэх нь тохиромжгүй гэдгийг онцолжээ.

"Талууд худалдаа, эдийн засгийн асуудлаар олон зөвшилцөлд хүрч, өнгөрсөн оны тавдугаар сард Вашингтон хотноо хамтарсан мэдэгдэл гаргасан. Гэсэн хэдий ч АНУ-ын тал уг зөвшилцлүүдээ хэдхэн хоногийн дотор хөсөр хаялаа” гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

"Хятад улс бие биеэ хүндэтгэх зарчимд тулгуурласан харилцан ашигтай үр дүнд хүрэхийн тулд зөвшилцөлд хүрнэ хэмээн найдаж, АНУ-тай хийж буй хэлэлцээнд чин сэтгэлээсээ хандаж байсан. Харин даваа гарагт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, манай улсын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай Д.Трампын саналаар ирэх зургадугаар сарын 17-нд нийтийн сонсгол явуулахаар болсон байна. Нэмэлт татвар ногдуулах нь ямар ч асуудлыг шийдэхгүй, худалдааны дайныг эхлүүлсэн хэн ч байсан өөрийгөө болон бусдыг гэмтээнэ” гэж Гэн Шуан хэлжээ.

Хятад улс 40 жилийн өмнөөс өөрчлөлт, нээлтийн бодлогыг явуулж эхэлснээс хойш гадаадын компаниудын хөрөнгө оруулалтын хамгийн чухал цэгүүдийн нэг болсныг тэрбээр онцлоод, тус компаниуд өөрсдийн ашиг сонирхол, зах зээлийн дүрэм журамд тулгуурлан аль улсад хөрөнгө оруулалт хийж, аль түнштэйгээ хамтран ажиллахаа шийдэх болно гэж хэлсэн байна.

Хятад улсад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг гадаадын компаниудад уриалж, цаашид илүү тогтвортой, шударга, ил тод, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг гадаадын хөрөнгө оруулагчдад бүрдүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргана гэж Гэн Шуан мэдэгджээ.

Мөн БНХАУ зах зээлдээ нэвтрэх боломжийг үргэжлүүлэн өргөжүүлж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний импортыг нэмэгдүүлж, нээлтийн бодлогын хэрэгжилтэд ихээхэн ач холбогдол өгнө гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

24news.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-3=?