|
Шинэ мэдээ

Нийтлэл: Махны үнийг яах вэ?

 

Нийтлэл: Махны үнийг яах вэ?

 


Өргөн уудам нутаг, нүүдэлчин ахуй, мал аж ахуйгаараа гайхуулдаг Монгол улсад сүүлийн үед махны үнэ "Тэнгэр"-т хадав. Уг нь аймаг бүрт махны үйлдвэр байгуулж "Мах, сүү, түүхий эд нийлүүлэх замаар малчдын орлогыг 2-3 ДАХИН нэмэгдүүлэх зорилт"-ыг намууд 2016 оны өмнөхөн тавьж сонгуульд өрсөлдөж байсан билээ.

Гэвч махны үнэ дийлдэхээ больж бараг 20 000 төгрөг болох зам руугаа шуударч эхэллээ. Манай Улс мал, мах экпортлох асар их нөөц бололцоотой орон. Монгол Улс жилд дунджаар 150.0 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоолол бий. Өнгөрсөн оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсад 66 сая 463.7 мянган мал тоологдсон байна. Үүнийг хүн амын тоотой харьцуулбал иргэн бүрт 20 гаруй толгой мал ноогдох аж..

Гэтэл яагаад махны үнэ ингэтлээ өсөөд байна вэ?

Асуудал 1. Худалдаачдын болон иргэдийн хэлж буйгаар махны үнэ өсөөд байгаа нь хятад иргэн болон, тэдэнд ажилладаг монголчууд "үнэ цохиж" авч байгаатай холбоотой.

Манай улс Чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс. Тухайн барааны үнэ Зах зээлийн эрэлт нийлүүлтээ даган өсөх, буурах ёстой байдаг. Гэтэл Монголчууд бид өөрсдийн зах зээлээ хамгаалах төрийн бодлого үгүй. 2000 оны оны эхэн үед Японы ЗГ хятадаас цагаан будаа экспортлох тогтоол гаргасанаасаа болж огцорч байсан билээ. Энэ нь өөрийн улсдаа "Нүүр бардам" хийж, үйлдвэрлэж чадах зүйлээ гаднаас оруулж ирсэнийг нь Японы фермерүүд эсэргүүцсэний үр дүн байсан юм. Гэтэл бидэнд ийм бодлого дутагдаад байгаа ажээ. Өнгөрсөн жил Нөөцийн маханд зориулж 4000 тонн мах нөөцөлсөн аж. Өмнөх жилүүдэд 10 000 тонныг нөөцлөж, ЗГ-аас үнэ тогтворжуулах хөтөлбөр зарлан махны үйлдвэрүүдтэй гэрээ хийдэг байсан юм байна. Харин сүүлийн нэг жил "Үнэ тогтворжуулах гэрээ"-ний бодлого алдагдсанаас болж ийнхүү махны хомсдолд ороод байгаа ажээ. Мөн махны экспортын бодлого мөн л алдагдаж, ЖДҮ-тэй хийсэн гэрээ нь "Дашийн шог" болжээ.

Асуудал 2. Үндсэн гол бүтээгдэхүүнээ яаж хамгаалах вэ?

Өмнөх сонгуулиар 21 аймагт махны үйлдвэр байгуулан мах, сүү, түүхий эд нийлүүлэх замаар малчдын орлогыг 2-3 ДАХИН нэмэгдүүлэх зорилтыг намууд мөрийн хөтөлбөртэй тусгаж байжээ. Гэвч энэ бүхэн үлгэр болж, ЖДҮ-г хөгжүүлэх зээл нь сайд дарга нарыг баяжуулах зээл болон хувирсан. 
Засгийн газраас бүх аймагт үйлдвэр барих нь уг нь зөв санаа. Гэхдээ бүх зүйлд ЗГ-аас оролцох нь зүйд үл нийцнэ. Тухайн аймагт байрлах махны үйлдврийн тодорхой хэсгийг төр мэдэлдээ авч, малчдад хувь эзэмшүүлвэл 60 сая малтай манай улсад тохирох бодлого юм. Нэгэнт Хөдөө аж ахуйн биржээр малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ зохицуулж чадахгүй байгаа учраас нэн яаралтайгаар энэ асуудлыг шийдвэрлэх нь ЗГ-ын хийх ажлын нэг байх ёстой болов уу? Нефтээр баялаг Арабын орнуудад бензин шатахуун маш хямдхан байдаг. Харин малаар баян манай улсад төрийн ганцхан зөв шийдвэр махны хямралыг бүрэн шийдэх боломжтой.

Асуудал 3. Шийдэлд яаж хүрэх вэ?

2016 оны хоёрдугаар сарын 22-нд болсон Засгийн газрын хуралдаанаар "Сайн малчин” хөтөлбөрийг батласан байдаг. "Сайн малчин” хөтөлбөр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулахаар төлөвлөжээ. 
1. Махны үйлдвэрийг, Мах нөөцлөх агуулахтай барих
2. Малын гаралтай түүхий эдийг өөрийн хэрэглээнд хангалттай нөөцлөн илүүдэл түүхий эдийг экспортлох
3. Өнөөдөр МАН-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн "Итгэлийн зээл"-ийн хууль батлагдвал тэрхүү зээлийг жинхэнэ үйлдвэрлэгчдэд олгох
4. Малын вакцины Үйлдвэрийг нэн яаралтай байгуулах
5. Аймаг бүрт байгуулагдсан Махны үйлдвэрүүдийг нэгдсэн сүлжээнд оруулах, 
6. Махны экспортлох хэмжээг тогтоон, малын халдварт өвчнийг хязгаарлан хоёр хөршдөө болон гуравдагч зах зээлд нийлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг шат дараалан авах хэрэгтэй.
Ч.Амартүвшин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?