|
Шинэ мэдээ

УИХ-аас “Оюутолгой"-н гэрээний дүгнэлттэй холбоотой нууц материал “алдагдсан уу”

“Оюутолгой”-н гэрээний хэрэгжилттэй танилцаж, шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гараад байгаа. Уг дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээгүй байхад “Оюутолгой”-д алдагдлаа гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүд шүүмжилж байгаа. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. 

“Оюутолгой”-д хүргүүлсэн 43 хуудас материал нууцын зэрэглэлгүй

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Өнгөрсөн долоо хоногт "Оюутолгой"-н асуудлыг хэлэлцэхээр материалуудыг байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. АТГ-ын дүгнэлтээс бусад бүх материалыг гишүүддээ хүргүүлсэн. Нууцлалын чанартай хоёр материал байсныг мөн байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. Засгийн газар, Оюутолгойн хооронд хэлэлцээр, Дубайн гэрээнд хийсэн аудитын дүгнэлт байсан. Оюутолгойн хүсэлтээр 43 хуудас материалыг хүргүүлсэн. 43 материал дотор ямар ч нууцлалтай холбоотой материал байгаагүй. Оюутолгой тайлбар ирүүлсэн. Д.Дамба-Очир гэдэг хүн нууцлалын чанартай материал гаргасан юм байхгүй. Өнгөрсөн долоо хоногт гишүүд материалуудтай танилцаагүй учир хойшлуулсан. Бүх гишүүдэд тараахад болохгүй зүйлгүй.

Ажлын хэсгийн дүгнэлтэд би гарын үсэг зураагүй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-"Оюутолгой"-н ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва ажлын хэсгийн хуралдуулж, дүгнэлт гаргаагүй. Дэд ажлын хэсгийг хуралдуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг гишүүдийн өрөөгөөр туслахаа явуулж, гарын үсэг зуруулсан. Санхүүгийн тооцоолол гаргах бүрэн боломжтой. Дубайн гэрээг өөрчлөлт шаардлагатай гэж байгаа ч гэрээн өөрчлөлт хийх талаар дурдагдаагүй. Тооцоолол дээр үндэслэж гэрээ хэлэлцээр өөрчлөх талаар УИХ хэлэлцэх ёстой. Ийм үндэслэлээр дүгнэлтэд би гарын үсэг зураагүй. Боловсруулах үйлдвэрлэл, усны асуудал тусгагдаагүй. Туйлын хангалтгүй дүгнэлт болсон. Тиймээс хэлэлцэх асуудал дээр дүгнэлтийг биш ажлын хэсгийн явцтай танилцах байсан.

Оюутолгойн гэрээг зөв байсныг бид эсэргүүцсэн уучлал гуйя

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-"Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээг анхнаасаа эсэргүүцэж байсан хүмүүс бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, З.Энхболд бид хэд. Оюутолгойн гэрээг зөв байсныг бид эсэргүүцэж байсан бол уучлал гуйя. "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэхээр Т.Аюурсайхан хуралд нь нэг ч ирээгүй. Д.Тэрбишдагва гэдэг хүн бол ажил хийдэг хүн. Зунжин ажилласан, Тэрбишдагва. Хэрвээ ажил хийхгүй байсан бол солих нь яасан юм. "Оюутолгой"-д очсон хүмүүс бэлэг, хадаг авсан гэж ярьж байна гэсэн. Тэнд бэлэг аваад байх уу. Би ажлын хэсэгт ороод анх удаа "Оюутолгой"-д очиж үзсэн. Тэр үед одоо шүүмжлээд байгаа хүмүүс хамт яваагүй. Үхтлээ тэмцэж, зүтгэж байж Д.Дэмбэрэл гэж тулхтай төрийн түшээгийн үед УИХ-ын 57 дугаар тогтоол гарч байлаа.

Засгийн газар хөндлөнгийн шинжээч авч ажиллуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-"Оюутолгой"-н асуудалд Засгийн газар хөндлөнгийн шинжээч авч ажиллуулахаар болсон байна лээ. Ажлын хэсгийн, АТГ-ын, аудитын газрын дүгнэлтүүд байгаа. Тиймээс Эдийн засгийн байнгын хороо саналаа оруулаад ирээд УИХ-аар хэлэлцүүлэх хэрэгтэй. 

Н.Энх

Shuud.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?