|
Шинэ мэдээ

Хэрэв чи зовлонтой амьдардаг бол илбийн наадамд хэтэрхий ноцтой хандсаных

Хэрэв чи зовлонтой амьдардаг бол илбийн наадамд хэтэрхий ноцтой хандсаных

Амар жаргалд хүрэх арга зам сүвэгчлэх хэрэггүй. Зүгээр хандлагаа өөрчил. Ийм ноцтой сэтгэлээр жаргалтай байж чадахгүй. Хөгжүүн цайлган сэтгэлээр амар жаргалыг амтална. Долоо хоногийн турш нэг юмыг санаад үз. Хорвоо ертөнц бүхэлдээ үлгэр туульс, жүжиг наадам. Долоо хоног тасралтгүй санах юм бол чиний амьдрал тэс өөр болно. Тэр хугацаанд бодь чанарынхаа гялбааг үзэж, жинхэнэ амгаланг мэдрэх вий. Одоо бол чи амар амгаланг мэдэхгүй болохоороо төсөөлж чадахгүй. Зөвхөн зовлон гунигийн хэмийг мэдэрдэг. Заримдаа хэм нэмэгдэж, заримдаа буурна. Зовлонгийн хэм буурснаа чи жаргал гэж боддог.

 

Тэгвэл туршаад үз. Өдөр тутмын амьдралаа жүжиг наадам гэж ойлго. Гэрийн эзэн бол гэрийн эзний дүрд тогло. Гэргий бол гэргийн дүрд тогло. Мэдээж хэрэг тоглоомд дүрэм бий. Гэрлэх ч дүрэм, салах ч дүрэмтэй. Салахыг муухай гэвэл гэрлэх ч муухай. Гэхдээ нэг нь нөгөөдөө шүтэлцсэн тоглоомын дүрэм. Тэр бүхэнд хэт ноцтой хандах хэрэггүй, зүгээр наадан баяс. Амьдралын чинь амт чанар тэр даруй өөрчлөгдөнө. Өнөө орой гэртээ хариад л айл гэр болж, амьдрал зохиож буй тоглоомыг мэдэрч, таашаагтун. Өөрийнхөө бүтээж буй дүрийг урлагтай сайхнаар туурви. Харин жүжиг наадам гэдгийг мартаж, бачуурах ёсгүй шүү.

Долоо хонгийн дараа дахиж ганирах хэрэггүйг ойлгсон байна. Гаслах уу, баясах уу чиний л сонголт. Амьдралд хандах буруу хандлагаас болж хүн зовдог. Зөв хандлага сонгосноороо амар амгаланг эдэлдэг. Тийм учир "Зөв хандлага хамгийн чухал” гэж Будда онцолж байв. Зөв хандлага гэж юуг хэлэх вэ? Ганцхан шалгуур бий. Энэ бол обьектив биш, субьектив шалгуур. Чиний амар жаргалаас өөр шалгуур байхгүй.

 

Ошо: Агнистын гэгээ
Орчуулсан П. Бадрал

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?