|
Шинэ мэдээ

Чух нуур ба эргийн аялал жуулчлал

Нуурын ус нь арьсны янз бүрийн өвчинд тустай бол ёроолын лаг шавар нь тулгуур эрхтний өвчин эмгэгийг засахад тустай гэж мэргэжлийн судлаачид үзжээ. Эдүгээ нуурын хөвөөнд Чух амралтын газар, жуулчны бааз байгуулагдсан бөгөөд нийт 100 хүртэл хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Нуурын ус гидрокарбонат натрийн рашаан усны бүлэгт багтдаг ба ёроолын хурдас шавар нь маш нарийн ширхэгтэй, зөөлөн, наанги наалданги чанартай, дулаан болон чийг агуулах чадвартай, шүлтлэг, органик эрдсээр баялаг, төрөл бүрийн замаг агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм.

 

Нуурын ёроолын ундарга, гаднаас цутгах Бүрдэн булаг, хур тунадасны усаар тэжээгдэж байдаг Чух нуур нь Дашбалбар сумаас зүүн тийш 20 километр зайд Улз голын савд далайн түвшингээс дээш 684 метр өндөрт оршдог. Урдаас хойш сунаж тогтсон гонзгой хэлбэртэй, намхан толгодоор хүрээлүүлсэн, өмнө хойноо бяцхан элсэн хаялгуудтай.

Цаашид Чух нууранд эргийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд одоогийн амралтын баазыг нь түшиглэн ажил хэргийн уулзалт, семинар зөвлөгөөн зохион байгуулах, экологи биологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуучууд дадлага хийх, наран шарлагын газар байгуулж усанд сэлэх, янз бүрийн спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, завин аялал хийх, загасчлах боломжууд бий.

Мөн шувуу ажиглах аялал жуулчлалын чухал цэгүүдийн нэг юм. Чух нуурын хойд болон баруун урд хэсгийн намгархаг орчинд шувууд үүрлэдэг, хажуугийн зэгсэнд Хархираа тогоруу өндөглөж зусах нь элбэг. Зарим зун Чух нуурт 100 хүртэл хос хун чуулдаг онцлогтой.

Гэвч экосистемийн хувьд эмзэг жижиг нуур бөгөөд хүний сөрөг нөлөө, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан усны түвшин багасах аюулд өртөж болзошгүй юм. Цаашид нуурын орчинд нутаглах айлуудын тоог нэмэхгүй байх, малын бэлчээрийн талхагдлыг багасгах шаардлагатай.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?