|
Шинэ мэдээ

KFC-д хийсэн шалгалтын дүгнэлт хаачсан бэ?

KFC сүлжээний Зайсан салбарт хоол идсэн 37 хүн хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Өвчтнүүдээс цусан суулгын нян илэрсэн гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас урьдчилсан байдлаар мэдээлээд байгаа.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас KFC-ийн Зайсан дахь салбарт нарийвчилсан хяналт шалгалтыг хийхээс гадна бусад 11 салбарт урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.  Хяналт шалгалтын дүгнэлт өнгөрөгч долоо хоногт эцэслэн гарна хэмээн мэдэгдээд байв. Үүний дараагаар шалгалтын дүгнэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэсэн. Одоогоор хяналт шалгалтын дүгнэлтийг хэзээ танилцуулах талаар тодорхой мэдээлэл алга байна. Энэ долоо хоногийн сүүлчээр МХЕГ, ХӨСҮТ-тэй хамтран мэдээлэл хийх албан бус сураг сонсогдов.

 

Үндсэндээ KFC сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордсон асуудал үүсээд даруй сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Гэвч одоог хүртэл тус хоолны газарт хийсэн хяналт шалгалтын дүнг мэргэжлийн хяналтын байгууллагаас танилцуулахгүй байгаа нь иргэдийн дунд бухимдал үүсгээд байна.

 

KFC-ийн асуудлын араас Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Эко алтан Заамар” ХХК-ийн уурхайд гарсан ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажилласан хяналт шалгалтын дүгнэлтийг ч мөн танилцуулаагүй байгаа нь нийгэмд хүлээлт үүсгээд байгаа юм. 

 

Э.Халиун

Shuud.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?