|
Шинэ мэдээ

Цөөхөн монголчууд минь ухамсаргүй үйлдлээрээ өдөрт зуу зуугаар нь биесээ сүйтгэсээр байх уу

Цөөхөн монголчууд минь ухамсаргүй үйлдлээрээ өдөрт зуу зуугаар нь биесээ сүйтгэсээр байх уу

 

Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй гэдэг. Сар шинийн өдрүүдэд Дархан-Сэлэнгийн замд төдөн машин осолдож, төдөн хүн энджээ гэсэн мэдээний дор:
-Төрийн буруу
-Зам нь муу
-Иргэний дайн биш дээ
-Тэр замд олон жил олон тэрэг осолдож байна … , гэх мэт сэтгэгдэл уралдаж байна. Хмм, дам яриа бус эх сурвалжийн тоо мэдээ эргүүлж, зам тээврийн осолд нөлөөлдөг зарим шалтгааныг харвал.

 

Тээврийн Цагдаагийн Албаны мэдээллээр тус албанд нэг өдөрт зам тээврийн ослын 350-400 дуудлага ирдэг бөгөөд сүүлийн таван жилийн байдлаар авч үзвэл өдөрт зам тээврийн ослоор хоёр хүн нас барж, 20 хүн гэмтэж бэртдэг. Нэг жилд 4,000 хүн зам тээврийн осолд өртөж, 1,000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг судалгааны дүн үзүүлж байна.
World Health Organization (WHO) буюу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2017 оны мэдээллийг харвал Монгол Улс 100000 хүнд ногдох зам тээврийн ослоос шалтгаалсан хүн амын нас баралтын түвшингээр 183 орноос 75 дугаарт байна.
Үндэсний Статистикийн Хорооны мэдээгээр 2017 онд улсын хэмжээнд 36,591 тээврийн осол бүртгэгджээ. Эдгээрээс 88.1 хувь нь мөргөлдсөн, 6.9 хувь нь явган зорчигч дайрсан, 0.4 хувь нь мал амьтан дайрсан байна. Нийт ослын 97.5 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болжээ. Ослын шалтгааныг хот хөдөөгөөр авч үзвэл
Нийслэлд:
-Хажуу хоорондын зай тохируулаагүй 48.6%
-Уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн 16.5%
-Ухрах үйлдэл буруу гүйцэтгэсэн 8.3%
-Зогсоох арга хэмжээ аваагүй 2.1%
-Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон 2.0%
Аан харин орон нутагт:
-Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон 20.2%
-Хажуу хоорондын зай тохируулаагүй 9.9%
-Ухрах үйлдэл буруу гүйцэтгэсэн 9.0%
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8.5% байна. Ослын шалтгааныг нэг үгээр илэрхийлбэл "Ухамсаргүй”. Ухаант хүний ухамсаргүй үйлдлээс болжээ. Эдгээр жолооч нар хотод жаахан хүлээцтэй хандаад "зайгаа тохируулсан” бол, орон нутагт "Анхаарал болгоомжтой” жолоодсон бол дээрх ослын 68.8% "үйлдэгдэхгүй” байх байж. Цаашлаад осол гаргаж буй жолооч нарын хэдэн хувь нь орон нутгаас нийслэлд ирж хувиараа таксинд явж байсан, хэдэн хувь нь 25 ба түүнээс доош насны залуус, хэдэн хувь нь хүний тэрэг барьж байсан, хэдэн хувь нь жолооны сургалтанд бүрэн хамрагдаагүй ч танил тал тохойгоор үнэмлэх авсан, хэдэн хувь нь эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй, хэдэн хувь нь жолооны эрхээ хасуулсан ч жолоо барьж явсан гээд нарийвчлан үзэх хэрэгтэй.

Зам тээврийн ослын шалтгааныг олон нийтэд таниулах нь ослыг багасгах зорилготой. Ухамсар, дүрэм журам, нинжин сэтгэл ярихаар ойлгодоггүй улс бас байх. Нэг жилд арав орчим тэрбум төгрөгийн хохирол авто тээврийн ослоос үүсдэг гэвэл ойлгож мэдэх. Эрдэнэт хүний эрүүл мэнд, амь нас, цаг хугацаа, сэтгэл санааны хохиролыг ямар хэмжүүр илэрхийлэх билээ дээ.

Өчүүхэн бичээч би бээр уг нь Монголын эзэнт гүрний түүх соёл судлагч хэдий ч өнөөдөр тээврийн ослын тухай тэс хөндлөн сэдвээр бичиж байгаа нь гурван сарын өмнө ганц ах минь машинд дайруулж эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг хугацаа, ажил төрлөөр хохирогч болсных. Ажил мэргэжлийн минь онцлог, судалгааны зорилтот бүс нутаг болох Иран, Ирак, Афганистан гээд хатуу хэцүү, мөргөлдөөнтэй улсуудад нүд хальтрам олон зүйл харж байсан ч цунамитай улсаас бусдаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд зам тээврийн осол, барилгын ослын улмаас ирж буй ид сурч боловсрох, ажиллах насандаа яваа залуусыг харах дэндүү эмгэнэлтэй. Ийм зовлон бэрхшээл хэн ч бүү өртөөсэй гэсэндээ зам тээврийн ослын шалтгааныг ч сөхөж суугаа минь энэ, цаашлаад "хүний биеийн 206 ясны бүтэц, ослын улмаас үүсэх бэртэл тэдгээрээс гавал тархины гэмтлийн оношилгоо эмчилгээ манай улсад” гэх зэрэг ахад минь тохиолдсон гэнэтийн энэ зовлон бэрхийг давахын тулд олон салбарын үүдийг сөхөж явна.

Голомтондоо бид гуравхан сая хоёрхон бум. Цөөхөн монголчууд минь ухамсаргүй үйлдлээрээ өдөрт зуу зуугаар нь биесээ сүйтгэсээр байх уу. Уудам эх орондоо сэтгэл амар амьдрахад ч улс эх орны хөгжилд ч хувь хүний ухамсар нэн чухал билээ.

Төрийн соёрхолт, соёл судлаач Ц.Санчир

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?