|
Шинэ мэдээ

Улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эхэллээ

Улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эхэллээ

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, томуу, томуу төст өвчин, улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тус төвийн эмч, эмнэлгийн ажилчид, удирдлагуудтай уулзаж, зарим үүрэг даалгаврыг өглөө. Тэрээр Шуурхай удирдлагын нэгжээс 21 аймгийн эрүүл мэндийн газрын дарга, халдвартын эмч, халдвар судлагч, эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан “Улаанбурхан өвчний оншилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”, ТТТӨ-ий төлөв байдал сэдвээр хийж буй онлайн сургалтад оролцож, аймаг орон нутгийн эмч нарыг бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов.


Үүний дараа Вакцины төв агуулахтай танилцлаа. ДЭМБ-ын стандартад нийцсэн вакцин, биобэлдмэлийн төв агуулах нь Монгол улсын 0-15 настай хүүхдэд хийх товлолын болон иргэдэд тархвар судлал, сайн дурын үндсэн дээр хийгдэх вакцин, биобэлдмэлийн жилийн нөөцийг хадгалж аймаг, орон нутагт түгээдэг. Вакцины чанарыг алдагдуулахгүйн 24 цаг тасралтгүй хэмийн хяналт хийх мультилог систем суурилуулагдсан.  Хэмд ямар нэгэн өөрчлөлт гарвал дохио дуугарч сануулга өгдөг байна.


 

Монгол Улс 1973 онд улаанбурханы эсрэг сэргийлэх тарилгыг дархлаажуулалтад нэвтрүүлж нэг тунгаар хүүхдийг дархлаажуулж байсан бол 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулдаг болсон. 2009 оноос улаанбурхан-гахай хавдар-улаануудын эсрэг гурван цэнт хавсарсан вакциныг нэвтрүүлсэн. Монгол Улсын заавал хийх дархлаажуулалтын товлолын дагуу хүүхдийг 9 ба 24 сартайд нь улаанбурхан-гахай хавдар-улаанууд өвчний эсрэг сэргийлэх тарилгын хоёр тунгаар дархлаажуулж байгаа юм.
 Эрчимт эмчилгээний тасагт өнөөдрийн байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. 10 ортой тус тасаг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Цусны лаборториудад цөөхөн байдаг цусны анализоторын аппарат нь тасаг дотороо байдаг нь өвчтнөөс цусны шинжилгээг газар дээр нь авч, эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй хийдэг давуу талтайг Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр ярьлаа.  


Тэрээр үргэлжлүүлэн тус төвийн вирусийн лаборторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Улаанбурхан өвчин 2 хөршид гарсан. ДЭМБ-аас дахин дэгдэх магадлал өндөр байгааг сануулж буй. Тиймээс эрүүл мэндийн яамнаас Улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, эмч эмнэлгийн ажилчдыг сургах, нийт ард иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлж байна. Улаанбурхан өвчин бол амьсгалын дээд замаар дамжин халдварладаг вирусийн гаралтай цочмог халдварт өвчин. Ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог энэ өвчин өндөр халууралт, хордлогоор илэрдэг бөгөөд нүдний салст бүрхүүл улайж үрэвсэн, бүх биеэр толбот гүвдрүүт тууралт гарах шинжээр илэрдэг юм байна. Тиймээс ард иргэд та бүхэн Улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?