|
Шинэ мэдээ

Өчигдөр, 12:23

Газрын тосны үнэ өсөж эхэлсэн ч төлөв бууралтыг илтгэв

Брэнт маркийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар баррель нь 61.4 ам.долларт хүрч өсөөд байна. Өнгөрсөн сард газрын тосны үнэ сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн бага буюу 50 ам.доллараас доош буурч байсан бол ханш нь эргээд өсөж эхэллээ. Учир нь ОПЕК-ийн гишүүн орон болох Саудын Араб энэ сард экспортын хэмжээгээ өмнөх арваннэгдүгээр сарынхаас 800 мянган баррель/өдөр-өөр бууруулж, 7.1 сая баррель/өдөр болгохоо мэдэгдсэн. Тус улсын Засгийн газар газрын тосны ханш эргээд 80 ам.доллар/баррель болно гэсэн хүлээлттэй байгаа ч энэхүү борлуулалтын таналт нь зах зээлд хангалттай нөлөө үзүүлж чадахгүй гэж шинжээчид тайлбарлаж байна.

Газрын тосны үнийн өсөлт нь АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээр ахицтай болж ирж буйтай мөн холбоотой.

ОПЕК-ийн нийт үйлдвэрлэл өнгөрсөн арванхоёрдугаар сард 630 мянган баррель/өдөр-өөр буурч 32.43 сая баррель/өдөр болсон тухай түүхий эдийн зах зээлийн судалгааны байгууллага Platts-ын тайланд мэдээлсэн байна. Оны эхний хагасын хугацаанд ОПЕК-ийн гишүүн орнууд нийт үйлдвэрлэлээ өмнөх аравдугаар сарынхтай харьцуулахад 1.2 сая баррель/өдөр-өөр бууруулахаар тогтоод байгаа юм. Энэ нь нийлүүлэлтийг эрэлтээс давуулахгүй байж, ханшийг тогтоох зорилготой.

Гэсэн ч Голдман Сакс банкнаас энэ оны Брэнт маркийн газрын тосны ханшийн төлөвийг өмнөх тооцооллоосоо (70 ам.доллар/баррель) бууруулахаар болж 62.5 ам.доллар/баррель болгож өөрчилсөн байна. Ийнхүү ханшийн таамгаа бууруулж буй шалтгаан нь нийлүүлэлтийн илүүдэл хүчтэй байхын сацуу АНУ-ын занарын тосны үйлдвэрлэл нэмэгдэх зэрэгтэй холбоотой ажээ.

Газрын тосны ханш дэлхийн зах зээлд өнгөрсөн аравдугаар сард олон жилийн дээд түвшинд хүрч өссөн ч эргээд огцом буурч 50 ам.доллар/баррель-д хадгалагдаж байсан нь ийнхүү тодорхой өсөлт харагдаж эхэллээ. Гэвч үнийн өсөлтийн тухайд судлаачид эргэлзэнгүй байна. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?