|
Шинэ мэдээ

18-06-2019, 17:39

У.Хүрэлсүхийн сэлмийг хуйнд нь гацаасан ЖДҮ-гийн хэрэг

У.Хүрэлсүхийн сэлмийг хуйнд нь гацаасан ЖДҮ-гийн хэрэг

Мөнгө мөрөө үлдээдэг гэсэн үг бий. Гэхдээ МАН-ынхан ЖДҮХС-гаас хуйгаараа "зооглоод” жил ч хүрэлгүй шинэхэн мөр дээрээ баригдлаа.
АТГ-ынхан ч энэ асуудлын араас орж УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд ЖДҮХС-г цөлмөсөн нь гэмт хэрэг болохыг тогтоогоод нэлээдийг нь прокурорт шилжүүлж, прокуророос зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүллээ.
Харин УИХ энэ асуудлыг хэрхэн шийдэхийг бүү мэд. Гэхдээ нөхцөл байдлыг ажвал Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлээд явуулж чадахгүй л болов уу.
Энэ нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хандлагаас шууд харагдаж байгаа юм.
Ер нь бол ЖДҮ-д УИХ дахь МАН-ын бүлгийн 14 орчим гишүүн, гурван сайд, нэг дэд сайд холбогдсон байдаг. Дам байдлаар холбох юм бол талаас илүү нь элбэгхэн "ЖДҮ-чин” болчихсон. Дээрээс нь зарим агентлагийн дарга, бас МАН-ын генсек зэрэг албан тушаалтнууд ЖДҮ-гийн хэрэгт холбогдчихоод байна.
Одоо үүнээс хэн нь ч бултах аргагүй. Прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр нэрийг нь санал болгосон Д.Дамба-Очир гэхэд яаж гүрийж байлаа даа. Г.Солтан ч ялгаагүй. "…Намайг гүтгэлээ” л гэцгээж байсан. Нөгөөх Б.Ундармаа, Л.Энхболд хоёр бол гарцаагүй баримттай бололтой юм билээ.  Тэдэн дээр Я.Содбаатар, А.Сүхбат, Ж.Энхбаяр гээд ЖДҮ-чин цолтой болсон гишүүд олон бий л дээ. Ерөөс "ЖДҮ-чдийн сүрэг” бий болчихоод байгаа юм.
Ингэж сүрэглээд, бүлэглээд ирэхээрээ ЖДҮ-гийн хэргийг нуун далдлах элдвийн арга заль зохион байгуулж, том сенсаацаар энэ "жижигхэн” ЖДҮ-г дарах гэж бас үзсэн л байх. Гэвч ёс суртахууны талаасаа ЖДҮ-д нэр холбогдсон дээрх хүмүүс аль хэдийнэ ард түмэнд "яллуулчихсан” юм.
Гэсэн ч хууль тэдэн дээр яаж хэрэгжих вэ гэдэг тун чиг асуудалтай байгаа. Дээр хэлсэнчлэн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-гийнхэнд хариуцлага тооцох талаар ам ангайхгүй байна. ЖДҮ-д холбогдсон нэг дэд сайд, нэг агентлагийн дарга чөлөөлж явуулснаа хэлэх л байх. Гэвч тэд бол ЖДҮ-гийн жараахайнууд нь шүү дээ. Акулууд нь болохоор мань эрийг тойроод, мань эрийн далбаанд улс төр хийгээд яваад байна.
 
Дархан аварга А.Сүхбат хүртэл ЖДҮ-гийн хэрэгт холбогдчихоод, энэ талаар хэлэлцсэн намынхаа бүлгийн хурал дээр "…Ав гээд байхаар нь авчихсан шүү дээ. Ийм юм болно гэж хэлэхгүй яасан юм бэ” гэж тунирхаад сууж байна гэсэн.
 
Нэг ёсондоо бооцоогоо одоогийн намын даргадаа тавиад, экс дарга М.Энхболдыгоо унагах ажилд оролцож байгаа 40-өөд гишүүний нэлээд нь ЖДҮ-чид байгаа юм. Хэрвээ М.Энхболд унахгүй, бүр эргэж босоод ирвэл тэд прокурорын саналын дагуу туугдаад л бүрэн эрхээсээ бууна гэсэн үг. Ингэхээр ЖДҮ-д холбогдсон гишүүд, албан тушаалтнуудын хувьд энэ дажны үр дүн маш чухал юм.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ч тэдний төлөө байдаг чадлаараа л ажиллаж байна. Уг нь хоёр сар орчмын өмнө МАН-ын Удирдах зөвлөл ЖДҮ-гийн асуудлаар хуралдахаар зарлагдсан ч УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга Су.Батболд нарын суудалтай холбоотой хурал болж дууссан. Түүний дараа МАН-ын Бага хурал ч юун ЖДҮ-тай манатай, нөгөөдүүлийг ноцсоор төгссөн.
Одоо дээрх гурваас УИХ-ын дарга М.Энхболд гүрийж үлдчихээд байна. Гэхдээ Ерөнхийлөгч хууль санаачилж, түүнийг нь УИХ хэлэлцээд эхэллээ. Энэ тухай нэг марзан яриа бас гарсан. "…Ерөнхий сайдын санаачилсан хуулийг Ерөнхийлөгч өргөн барилаа” гэж яригдсан. Ерөөс Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ингэж л ЖДҮ-д холбогдсон журмын нөхдөө хамгаалан тэмцсээр өнөөг хүрлээ. Цаашдаа ч энэ хэвээрээ байх бололтой.
Энэ сацуу У.Хүрэлсүхийн анх Ерөнхий сайд, МАН-ын дарга болохдоо, сүүлд дахиад хэлж байсан үгүүдийн үнэ цэнэ улам бүр унасаар байна. Үг нь ч бас биш юм байна. Өөрт нь өгсөн олны итгэл хажуулдсаар байгаа юм.
Ард түмний У.Хүрэлсүхээс хамгийн их хүсэн хүлээсэн зүйл бол шударга ёс. Энэ ёсыг тогтоохоор хэзээ сэлмээ сугалж, уухайлаад дайрах нь вэ гэж бүтэн жил хүлээсэн.
Жил гаруй болсны дараа Засгийн газрыг нь огцруулахаар өргөн барих үед мань эр гэнэт ухаан орж "…Цэвэрлэгээ хийнэ” гэж мэдэгдсэн. Цэвэрлэгээ нь М.Энхболдыг УИХ-ын даргын суудал дээрээс "шүүрдэх” л болж таарсан. Харин олын дургүйцлийг айхтар хүргэсэн ЖДҮ-чин гишүүд, намын удирдлагууд У.Хүрэлсүхийн ард орж зогсоод хэлсэн ярьсан бүгдийг нь давтан хашгирч зогсдог болсон юм. Ингэж У.Хүрэлсүх үнэ цэнээ, нэр хүндээ золин байж ЖДҮ-д холбогдсон хүмүүсийн талд гарч зогссон нь анхаарал татсаар байгаа.
У.Хүрэлсүх өөрөө ЖДҮ-д холбогдсон нь үнэн, аль эсвэл ЖДҮ-д холбогдсон хүмүүст нээнтэгтэй болж таарна.
Нөгөөдүүл нь ч гэж албатай юм шиг төрийн мөнгө хусчихаад намдаа, төрд эрхэлж туниад л байгаа дуулддаг. Дархан аварга А.Сүхбат хүртэл ЖДҮ-гийн хэрэгт холбогдчихоод, энэ талаар хэлэлцсэн намынхаа бүлгийн хурал дээр "…Ав гээд байхаар нь авчихсан шүү дээ. Ийм юм болно гэж хэлэхгүй яасан юм бэ” гэж тунирхаад сууж байна гэсэн. Ганц л жишээ шүү.
Ингэж л алдарт ЖДҮ-гийн хэрэг галтай цогтой, ард түмний хүсэн хүлээж, итгэж найдаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлмийг хуйнд нь гацаачихаад байна. Тийм учраас У.Хүрэлсүхийн яриад байгаа "их цэвэрлэгээ” бас гацчихсан гэсэн үг. Угтаа ЖДҮ-чин нөхдөө цээрлүүлж байж нөгөөх цэвэрлэгээ нь хэрэгжих нигууртай юм шүү.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?