|
Шинэ мэдээ

Архитай “дайн” зарлая

 

Архитай “дайн” зарлая

 

 

Арванхоёрдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн XXII  хорооны Алтан-Өлгийн .... тоотод оршин суух эмэгтэй өөрийн охин  гурван настай Х-гийн ам руу их хэмжээний дарс цутгасан хэрэг гарсан. Бага насны хүүхдэд архи, согтууруулах ундааны зүйл өгөх нь битгий хэл хүүхдийн хажууд архи, согтууруулах  ундааны зүйл хэрэглэх нь  хүүхдийн эрх ноцтой зөрчсөн хэрэг юм. Энэ нь манай улсын хүн амын дунд нийгмийн олон асуудлаас үүдэн архинд донтох эмгэг их байгааг илтгэнэ. Мөн архины замбараагүй үйлдвэрлэл, худалдаатай холбоотой юм. ДЭМБ-ын судалгаагаар нэг хүнд 8-9 литр архи ноогдоход Үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үздэг бол 2006 оны байдлаар нэг монгол хүнд 8.6 литр архи ноогдож байсан юм. Манай улсад архины үйлдвэр 83, нийслэлд шөнийн цэнгээний газар 1600 байдаг нь гэмт хэрэг, аливаа эрсдэлийн эх суурь болж болж байна. Дэлхий дахинд, аливаа улс үндэстэнд тулгарч буй муу муухай бүхэн архинаас  үүдэлтэй. Архинаас болж гэр бүлийн хүчирхийлэл, авто осол болж, хүүхдүүд өнчирч, хэн нэгнээ гэмтээдэг.

Баримттайгаар өгүүлэхэд, дэлхий дахинд жил бүр гурван сая хүн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барж байна. Өнөөх зүүний үзүүрт будаа тогтохтой зүйрлэхүйц үнэт амиа өөрийгөө захирч чадахгүйгээс болж "толгойгүй мангаст” залгиулсан нь харамсалтай биш гэж үү. Архи нь олон өвчин эмгэгийн шалтгаан болдог. Ялангуяа мэдрэл сэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг. Архи ууснаар элэгний хатуурал, амны хөндийн хавдар, сүрьеэ, бүдүүн гэдэсний өвчин зэрэг тусахаас гадна, тухайн хүний зан авир, ой тогтоолт, хөдөлгөөний тэнцвэр, нойр алдагдах, мэдрэлийн ядаргаанд хүртэл оруулдаг. Архинаас болж хүмүүс мартамхай болдог. Үүнээс гадна нийгмийн хамгийн том "дайсан” бол архи.  Өнгөрсөн оны эхний хагаст гэхэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас 86.5 мянган хүн саатуулагдсан. Нийт саатуулагдсан хүний 6.3 хувь нь эмэгтэй, 271 буюу 0.31 хувь нь насанд хүрээгүйчүүд байна. 2017 онд улсын хэмжээнд 32.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс дөрвөн мянга нь согтуугаар үйлдэгдсэн байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэлийн хэлтсээс авсан судалгаагаар 2017 онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсныг өмнөх онтой харьцуулахад 15.5 хувиар өссөн байна. Зөвхөн шинэ жилийн баярын өдрүүдэд гэхэд цагдаагийн албан хаагчид 262 согтуу жолооч илрүүлж, 306 зам тээврийн ослыг бүртгэжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 1110 дуудлага ирж, 25 хүнийг түр хамгаалах байранд оруулсан байна. Зам тээврийн ослоор таван хүн, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас гурван хүн нас баржээ.

Хэдийгээр хуулийн дагуу 21 нас хүрээгүй хүнд архи худалдаалахгүй гэж байгаа боловч яг бодит байдал дээрээ дэлгүүр, цэнгээний газрууд мөрдөх нь ховор. Манай улсад архины Онцгой албан татвар хэтэрхий бага байдаг. Импортын ч тэр, дотоодын үйлдвэрлэлийн ч тэр. Архины Онцгой албан татварыг өнгөрсөн оны  нэгдүгээр сарын 1-нээс 10 , энэ оны нэгдүгээр сарын 1-нээс архины таван хувиар нэмсэн. Мөн 2020 онд дахин таван нэмэх юм. Ингэж нэмлээ ч үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи  литр тутамдаа 335 төгрөг болж байгаа юм. Бүх төрлийн импортын архи төрлөөсөө шалтгаалаад литр тутамдаа 3000-17000 төгрөгийн татвартай байсан юм. Үүнээс тав таван хувиар нэмэгдэнэ.  Ингэсэн ч энэ нь архины хэрэглээг бууруулах, үйлдвэрлэл, импортыг цөөлөх нөхцөл биш юм. Архины татварыг тэнгэрт тултал нь нэмээд, шөнийн цэнгээний газруудыг цөөлье. Энэ мэтээр архитай "дайн” зарлая. Тэгвэл зам тээврийн осол, аливаа гэмт хэрэг, хүчирхийлэл, өнчрөл хагацал багасч, нэг ээжийн өрц амарч, нэг аавын магнай тэнийж, нэг хүүхэд гэртээ тайван амарна.

Eagle.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?