|
Шинэ мэдээ

18-05-2019, 16:28

Импортлогчид үнэ БУУЛГАХГҮЙ бол засаг тусгай зөвшөөрлийг нь цуцална

 

 

Дэлхийн зах зээл дээр Брэнт маркийн газрын тосны үнэ өнөөдөр /2018.12.05/ 61.37 ам.доллар байна. Энэ нь өмнөх өдрөөс 1.14 хувиар буурсан үзүүлэлт юм. Гадаад зах зээлээс хамаарч түлшний үнэ тогтдог Монголын тухайд энэ таатай мэдээ. Үүнтэй зэрэгцэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, үнэ бууруулах тохиролцоонд хүрсэн талаараа өчигдөр /2018.12.04/ мэдээлсэн.

Сайд Г.Занданшатар өөрийн сошиал хуудсаараа дамжуулан,

  • Арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна.
  • Арванхоёрдугаар сарын эцэс гэхэд 200 төгрөрөөр буурна.
  • Автогаз өнөөдрөөс эхлэн 150 төгрөгөөр буураад байна гэж мэдэгдээд байгаа. 

Тэгвэл ШТС-ууд шатахууныг ямар үнэтэй худалдаалж байгааг тодруулан хүргэе.

Импортлогч компаниудын ШТС-уудад худалдаалагдаж буй шатахууны үнэ арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар дараах байдалтай байна.

  •     "Дизель түлш” 2350-2385 төгрөг
  •     "Аи-76, 80” шатахуун 1780-1850 төгрөг
  •      "Аи-92, 93” шатахуун 1970-1985 төгрөг
  •      "Аи-95” шатахуун 2300-2345 төгрөг
  •      "Газ” 1300 төгрөг байна. 

 

Тэгэхээр засгаас мэдээлсний дагуу бол энэ сарын эцэс гэхэд эдгээр үнэ 200 төгрөгөөр БУУРАХ болж байна. 


 

Ер нь бол Засгийн газар шатахууны үнийн асуудал дээр "төмөр” нүүр харуулсан байр суурь илэрхийлсэн нь албаны хүмүүсийн үгнээс ойлгогдож байгаа юм. Г.Занданшатар хэлэхдээ "Ам.долларын ханш суларч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ эрс буурсан энэ үед ойрын хугацаанд бензин шатахууныхаа үнийг литр тутамд хямдруулах нэгдсэн арга хэмжээ авахыг импортлогч компаниудаас Монгол Улсын Засгийн газар шаардаж байгаа” гэсэн бол  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Импортлогчид улс төрийн зорилгоор эсвэл үгсэн хуйвалдах хэлбэрээр үнээ бууруулахгүй санаатай үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэв.

Харин импортлогчид ам.долларын ханш суларсан хэвээрээ байвал  дэлхийн зах зээлийн үнэтэй хамааруулж, бензин шатахууны үнээ шат дараатай бууруулах боломжтой гэж дуугарцгаав.

Тэгэхээр талууд уулзаж, засгаас шаардлага тавьсны үр дүнд импортлогчид алхам хийхээр болж байна. Гэхдээ дэлхийн зах зээлийн ханш манайд хэрхэн, яаж нөлөөлдөг вэ гэдэг нь чухал. Тэгвэл судлаач А.Батпүрэв энэ талаар хэлэхдээ "Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буучихаад байна, манайд буусангүй гээд байдаг. Монголд тогтож байгаа үнэ  дор хаяж 30 хоногийн хоцрогдолтой явдаг. Манай нефтийн компаниуд "Роснефть” компанитай гэрээ хийхдээ сүүлийн 30 хоногийн Сингапурын биржийн индексээр тооцдог. Тэрэн дээр  "Роснефть” өөрийнхөө ашгийг  нэмдэг. Тэгэхээр газрын тосны үнийн одоогийн энэ бууралтын үр дүн арванхоёрдугаар  сарын гэрээн дээр тусгагдаж орж ирнэ. Тэр гэрээний дагуу шатахуун Монголд орж ирэх гэсээр байтал ирэх нэгдүгээр сараас л хямдарсан түлш орж ирэх боломжтой” гэж байгаа юм.

 

Э.Болор

www.zindaa.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?