|
Шинэ мэдээ

Нүүрс тээврийн жолооч нар архинд донтох эмгэгтэй болж байна гэв

 

Нүүрс тээврийн жолооч нар архинд донтох эмгэгтэй болж байна гэв

 


Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрсэн байгаа талаар мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн болон "Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гашуунсухайтад нийт 13 мянган жолооч том оврын автомашинаар нүүрс тээвэрлэдэг. Үүний 6 мянга орчим нь Цагаанхад орчимд түгжигдээд байгаа аж. Хэдий нүүрсээ буулгасан ч машинаа хүлээлгэж өгөхөөс нааш орхиод ар гэр рүүгээ буцаж чадахгүйд хүрээд байгаа бөгөөд улмаар архидан, согтуурах, гэмт хэрэгт холбогдох нөхцөл үүсээд байгаа гэдгийг Тээвэрлэгчдийн холбооны тэргүүн З.Түвшинзаяа ярив.
 

Хилийн цаана Монгол хүний үнэ цэнэ алдагдаад удлаа
 
Тэрбээр "Хилийн таталт зогссоноос хойш нүүрстэй машины цуваа улам нэмэгдсэн. Машинаа кемп дээр аваачиж тавиад хэсэг нь зардлаа өөрөө зохицуулаад ирсэн бол зарим нь автомашинаа орхиод ирж чадахгүй Цагаанхаданд гацаад байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас дорвитой арга хэмжээ авахгүй байна. Хилийн цаана Монгол хүний үнэ цэнэ алдагдсан. Жолооч нар хятадуудад зодуулж, амь насаа алдах тохиолдол байдаг л үзэгдэл болоод байна” гэв.
 
Архинд донтох эмгэгтэй болж байгаа тул нийгмийн хамгаалал үзүүлнэ

"Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Цогтсугар "Тавантолгой, Гашуунсухайтад хөдөлмөр эрхэлж буй Монгол эрчүүдийн дунд нөхцөл байдлын судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд тэнд "Аюултай нөхцөл байдал үүсээд байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Тэнд 13 мянган жолооч 160 компанийн нэр дээр 40 сая тонн нүүрс зөөж байна. Жолооч нарын 98 хувь нь эрчүүд байна. Урд Монгол хүн нас барж, гэр бүл ар гэр нь хүнд нөхцөл байдалд орж байна. Архинд донтох эмгэгтэй болж, архины хамааралтай болж эргэж гэртээ ирэхгүй байдалд хүрч байна. Тиймээс нийгмийн хамгаалал үзүүлнэ” гэв.

Нүүрс тээврийн жолооч нар хар хүйтэнд 10-30 хоног кабиндаа хонож байна. Улмаар сэтгэл гутралд орсон жолооч нар архинд орох, архины эмгэгтэй болох өвчлөмтгий болж байгаа тул жолооч нарыг нэн даруй дулаан байр, цалин мөнгөөр хангах тухай шаардлагыг Засгийн газрын гишүүдэд хүргүүлж байгаагаа дуулгав.

О.Гэрэл
Оллоо.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?