|
Шинэ мэдээ

ТОРГОНД БООДОЛТОЙ БОРОО

ТОРГОНД БООДОЛТОЙ БОРОО

 

Олоон жилийн дараа нутагтаа ирж байгаа надад юу эс бодогдох билээ. Туруун голын минь улиасан өгөлд зун бүрийн үдшээр ганганаж л байдаг лам хувцас нөмөрсөн юм шиг хоёр шаргал ангир, хүүхэд насандаа дээлээ уралцаж дэггүйтэж явсан хар багын хэдэн нөхөд, намрын намарт шуугьсан их тарианд бүрнээ эрхшээгддэг сайхан нутаг, нандин бүхэнтэйгээ золгох мэт учирна гэж бодном. 
Ээж минь намайг нутаг руугаа явах боллоо гэсээр очиход, 
-Болж дээ, миний хүү. Нутагтаа очилгүй хэдэн ч жил болчихов доо. Аав чинь үүнийг бурхан болохынхоо өмнө надад өгсөн юм. Энэ хэдэн хүүхдүүдийн түрүүлж нутаг явсанд нь өгөөрэй. Өлөнгийн үтрэмийн хойхно талын гүдэн бий шүү дээ. Тэнд очсоныхоо дараа задалж үз гээрэй гэж бүүр нэг аминчилж захьсан юм шүү гээд бяцхан модон шоголтой зүйлийг авдраасаа гаргаж өгсөн юм. Нутагтаа ирсэн чинь миний санаанаас цүнхэнд байгаа нөгөө бяцхан модон хайрцагтай зүйл ер гардаггүй. Болж өгвөл сумын төв дээр сааталгүй Өлөнгийн үтрэм рүү гараад давхичихмаар санагдаж байв. Олон жилийн дараа нутагтаа очиход сэтгэлд нэг л ер бусын агаар салхин хөдөлж, сумын төвийн танил байшин барилгууд хүртэл “Сайн явж ирэв үү” гэх шиг урин зөөлөн, зүрхний дотор шир ширхийлгэсэн дотно дурсамжийг сөхөж байв. Манай ангийнхан ер нь бусдаас том байх гэсэн хүсэл тэмүүлэлтэй, хор шартай хүүхдүүд байсан даа. Тэд маань бүгдээрээ тохьтой эхнэр, тулхтай аавууд болж гэр орныхоо дотор эзлэх л ёстой байр сууриа хэдийнэ эзэлчихжээ. 
-Сумын захиргаан дээр очье гэж Цэндээ маань намайг хөтлөх шахан шавдуулахад би, 
-Хөөе, Цэндээ! Чи нөгөө дээгүүр сэвдэг хэвээр шив дээ. Би ямар сайд дарга биш. Захиргаа орж яахым. Харин Жоожоо гуайтай золгочихоод оройхон тийшээ Өлөнгийн хөндий рүү жирийлгэчихье гэж байж түүнийг тогтоож авав. Цэндээ маань нэг тиймэрхүү хүн. Хот хүрээ газар суурьшиж, хааяа хааяахан сураг чимээ авалцдаг багахан албан хаагч найзаараа бахархаж бардамнах гэж байгааг нь хараач. Сумын дарга нартаа гайхуулах юмаа олж ядаж байх шив дээ гэж би дотроо бодож найзыгаа өрөвдөх гоочлохын дундуур байв. 
Жоожоо өвгөний нас сүүдэр өндөр болсон нь огторгуйд нүүх цав цагаан үүлс лугаа хий бөгөөд үл танигдахын нууцыг хадгалсан юм шиг санагдав. Цав цагаан сахлаараа хацрыг минь арчих шиг үнсээд,
-Базарын дунд хүү сайн явна гэнээ, нутаг усандаа ирэхгүй л биз дээ. Сайн яваа нь биш амьдралд халтирч доголсон нь л нутаг руугаа ирдэг болж гэж бидний хэдэн хөгшчүүл ярьдаг байсан юм. Овоо доо нутаг усандаа хүрээд ирдэг нь гэж бяцхан гялгар юм нүдэндээ хуруулснаа Жоожоо бугай төө хаш соруултай гаансаа гарган тамхилав. Гаансыг ганц хоёр сороход нутаг үнэртэх шиг санагдана. Үүлэн мэт өндөрт завилсан цав цагаан сахалт Жоожоогийн үг хур бороо мэт намайг услаж тэтгэн ухааруулна. 
Элсэн цөлд алт олох гэж яваад ангаж цанган үхэхийн наагуур болсон хүн гэв гэнэт ёроол үгүй цүнхээлд хаягдах шиг ухаан санаа балайруулсан баяр хөөр миний цээжинд дүүрчээ. Гэхдээ энэ гэнэтийн баяр хөөрөө бага багаар амсаж тавин хүртэх ёстой гэсэн ухааныг Жоожоо гуай надад хэлэх шиг...Өвгөнд гаансыг нь буцаан өгөхөд авч пүд пүд үлээгээд,
-Хөөрхий муу Базар маань Өлөнгийн үтрэмийг байгуулалцсан хүн шүү дээ. Тэр үтрэмээс салдаггүй байсан байх. Өлөнгийн хөндий атар байхдаа ч, тариалангийн талбай болсон хойноо ч өгөөж шимтэй, нүнжигтэй нутаг шүү гэж миний цүнхэнд байгаа юу болохыг нь мэдэхгүй модон шоголтой зүйлийг мэдэж байгаа юм шиг хэлдэг байгаа. Жоожоо буурайгийн энэ үг Өлөнгийн үтрэм рүү яарах сэтгэлд минь ташуур боллоо. Цэндээ, Доржсүрэн бид гурав машинд суугаад сумын төвөөс зүүн тийш давхиж, Өлөнг зорихоор хөдлөх гэж байтал Жоожоо гуай таягаа тулан майжигнаж ирээд дарга болчихов. Цагаан торгон цамц, угалзтай монгол гутал халуун зунаар хослуулсан тэр өвгөн миний нүдэнд өвөл зун хоёрыг адилхан биендээ агуулж яваа юм шиг харагдаж байв. Машин хөдлөнгүүт салхи сэнхийтэл үлээгээд нутгийнхаа сайхан бүхэнтэй би хацар шүргүүлэн давхиж байлаа. 
Өлөнгийн үтрэм дээр би олон ч хавар намрыг үдсэн дээ. Аав маань САА-н анхны тракторчдын нэг байсан. Өлөнгийн бригадынхан бусаддаа дандаа үлгэр жишээ болдог байв. Уралдаанд түрүүлсний шагнал шар цацагтай улаан дарцгийг аав тракторынхаа бүхээгэнд өлгөчихнө. Түүнийг харах болгонд яагаад ч юм ааваараа бахархах сэтгэл төрдөг байсан юм. 
“Базар гэдэг чинь газар амраахгүй хүн юмаа” гэж бусад бригадынхан аавд үг хаяна. Би “газар амраахгүй” гэдэг үгийг сонсоод их л гайхдаг байв. Газар амардаг, унтаж сэрдэг, уйлдаг, инээдэг байх нь ээ гэж бодож байсан минь бүүр түүрхэн санагдана. Тогоруухан бага насны томоогүйхэн бодол минь дээ. Биднийг Өлөнгийн үтрэм дээр очиход манайхыг нутгаасаа нүүж, хот хүрээ бараадах үеийнхийг санагдуулан бүх юм янзаараа л байх шиг. Нүдэнд содон харагдах юм үрэлгээний хэдэн жижиг машинууд юм уу даа. Би Жоожоо гуайд аавынхаа захиасын талаар ярьсанд,
-Тийм ээ, тэр хойно харагдаж байгаа гүдгэр дээр хурал болж, тэнд эгнүүлэн тавьсан олон техник зэрэг пижигнэтэл асч Өлөнгийн хөндийн онгон хэвлийг анх ган анжсаар маажсан юм гэв. Би ганцаараа үтрэмийн том агуулахаас хойшоо гарч гүдэнгийн орой дээр гарч нөгөө модон шоголтой зүйлээ гаргаж үзсэнд ганцхан ширхэг үүлэн хөх чулуу байв. Яг бороо орохын өмнөхөн үүл хуралдаж, тэнгэрийн зүс ямар болдог билээ тийм өнгөтэй чулуу. Төрсөн нутгийнхаа чулууг авч яваад насны эцэст эцэг минь буцааж аваачиж чадаагүй нь энэ юм болов уу. Юун ч сүртэй юм, торгонд боож, ном судар шиг баринтаглаж шоголд залаад гэж бодсоноо өөрийгөө муу юм бодож байна хэмээн санаж “болохгүй ээ, болохгүй” гэж дотроо шивнэв. Нөгөө үүлэн хөх чулууг хавтгай талаар нь хэзээ ч хүн малын хөлд өртөн өнхөрөхгүй болгон суулгаж тавиад торгон баринтаг, модон шогол хоёрыг нь яах юм бол оо гэж гайхаж байтал гэв гэнэт дэрсний толгой бөхөлзүүлсэн гурван алдын үес үесхэн салхин тэрхүү дэрстэй хамт хөдлөж байснаа хойт их элсний өехийг тулан өндийж өтгөн хөх үүл бүрэнхийлэн гарч ирлээ. Нэгэн цагт хайрт аавынхаа барьж илж байсан торгон баринтаг, өнгөлсөн модон шоголыг цээжиндээ тэврээд хөмсөг зангидсан баатар эрийг санагдуулам төрхтэй тэр бөөн үүлсийн зүг харахуй нүднээс яах ийхийн зуургүй нулимс мэлмэрч нутаг усны сайхан бодлууд оюун тархинд бүрэлзэн баралзана. 
Сайхан юм гэдэг гял цал биш бүрэлзэж баралзаж, дотоод сэтгэлийг өнгөлөн арчдаг ч юм болов уу. Төдөлгүй час часхийн борооны том том дуслууд хол хол хаялж байснаа жижигрэн нарийсч зүсрээд газар дэлхийг ханатал нь ундаалах тэнгэрийн өглөг хур болон хувирлаа. Аавын минь торгонд боосон чулууны өнгөтэй үүл надтай ярилцах шиг санагдана. Бүүр ам хуурайгүй ар араасаа урсах үг шиг бороо тасралтгүй орсоор... Ирэх л ёстой нутагтаа ирж, норох л ёстойгоороо норсоор би сайхан болов.

Я.МӨНХЖАРГАЛ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?