|
Шинэ мэдээ

Солонгосын дайн ба Монгол Улс

Солонгосын дайн ба Монгол Улс

1948 оны аравдугаар сарын 8-нд БНАСАУ-ын ГЯЯ-ны сай д Пак Хон-ёнгоос хоёр орны хооронд дипломат болон эдийн засгийн харилцаа тогтоох санал дэвшүүлсэн байдаг. Монгол Улсын Засгийн газар хүлээн авч "Тусгаар тогтносон Солонгос Улс болон түүний Засгийн газар байгуулагдсан явдалд БНМАУ-ын Засгийн газар Солонгосын бүх ард түмэнд баяр талархлаа хүргэж, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа, эдийн засгийн хэлхээ холбоо тогтоох гэсэн БНАСАУ-ын Засгийн газрын саналыг ханамжтай хүлээн авч байгаагаа нотлон, ноот бичиг солилцсоноор 1948 оны аравдугаар сарын 15-нд  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтжээ.
1950 оны зун Монгол Улсын ЭСЯ Пёнъян хотноо байгуулагдан үйл ажиллагаа эхэлж, элчин сайд Ж.Самбуу 1950 оны наймдугаар сарын 11-нд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ду бон Итгэмжлэх жуух бичигээ барьжээ. Өөрөөр хэлбэл Солонгосын дайн эхэлсэн тэр зун байв. ЭСЯ-нд зөвлөх бөгөөд нэгдүгээр нарийн бичгийн дарга Х.Санжмятав, хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Пүрэв нар ГЯЯ-наас томилогдсон байна.
БНМАУ-д суух БНАСАУ-ын анхны элчин сайд КУТВ-т суралцсан Ким Ён-жин (Kim Yong-jin),  ЭСЯ-ны бүрэлдэхүүн III нарийн бичгийн дарга болон хоёр атташег ГЯЯ-ны Ёслолын хэлтсийн эрхлэгч Б.Очирбат, Дорнод хэлтсийн эрхлэгч Б.Дөрвөлжин нар Монгол, Зөвлөлтийн хилийн Алтанбулаг боомтод  угтан авчээ. БНАСАУ-ын дипломат төлөөлөгчид Зөвлөлтийн цэргийн ангийн зочид буудалд нэг хонож, маргааш нь хамтдаа галт тэргээр Улаанбаатар луу мордсон байна. 1951 оны дөрөвдүгээр сарын 19-нд Улаанбаатарт  ГЯЯ-ны сайд Намтайширын Лхамсүрэн, орлогч сайд Г.Пунцаг, ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Бадамын Лхамсүрэн, Дорнод хэлт­сийн эрхлэгч Д.Цэрэндорж, Ёслолын хэлтсийн орлогч Г.Минжүүр болон ЗХУ-ын элчин сайд Юрий К.Приходов, БНХАУ-ын элчин сайд Цзы Яа-тай угтаж авч харилцан ярилцжээ. 1951 оны дөрөвдүгээр сарын 24-нд элчин сайд Ким Ён-жин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндэд Итгэмжлэх жуух бичигээ өр­гөн барьжээ. Эдгээр бүх үйл явц Солонгосын дайны эхний хамгийн хүнд өдрүүдэд болж өнгөрчээ.
Солонгосын дайны талаарх ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны "маш нууц” зэрэглэлтэй архивын багц материалууд (эдүгээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн архив болж өөрчлөгдсөн) 1990-ээд оны дундаас нээлттэй болж эрдэм шинжилгээний эргэлтэд орсноор пост-коммунист орнуудад энэ дайны гол зохион байгуулагчид нь тодорхой болсон билээ.   1950 оны зургадугаар сарын 25-нд ЗХУ-ын шууд дэмжлэг, оролцоотойгоор Солонгосын дайн эхэлжээ.
Энэ дайны талаар тухайн үедээ Монгол Улс болон бусад социалист орнууд ерөнхий ойлголттой байсан ба БНАСАУ нь өөрийгөө хамгаалах, эх орноо нэгтгэх үйлсийн төлөө эх орны дайн явуулж байна гэж үзэж байжээ. АНУ болон НҮБ-ын энхийг сахиулах хүчин энэ дайнд оролцсоноор ЗХУ, БНАСАУ-аас бусад социалист орнуудад тарааж байсан мэдээллээр "Америкийн түрэмгийлэгчдийн эсрэг явуулж буй эх орны дайн” болон өөрчлөгдсөн байна.  Монголын Засгийн газар ч ийм л ойлголттой байжээ.
БНМАУ дэлхийн II дайны сүүлчийн улиралд Японы милитаризмын эсрэг чөлөөлөх дайнд ЗХУ-ын улс төр, цэргийн холбоотны хувиар оролцсон, БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрсөн хоёрдахь социалист орны хувьд энэ дайнд Умард Солонгосын талд баттай зогсч, эд материалын болон санаа сэтгэлийн үлэмж хэмжээний тусламж үзүүлжээ.
Солонгосын дайн эхлээд удаагүй байхад БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан Хойд Солонгосын удирдагч Ким Ил-сонд 1950 оны долдугаар сарын 12-нд илгээсэн цахилгаандаа: "Эрх чөлөөг эрмэлзэгч солонгосын ард түмний эсрэг зэвсгээр халдан түрэмгийлсэн Ли Сын-маны (Rhee Syng-man Д.У) урвагч бүлэг ба америкийн импе­риалистуудаас өөрийн орныг бүрэн чөлөөлөхийн төлөө эрэлхэгээр тэмцэж байгаа солонгосын ард түмний баатарлаг тэмцлийг монголын ард түмэн гүнээ талархан ширтэн харж байна. БНАСАУ-ын бүрэн чөлөөлөгдөх өдөр айсуй гэдэгт монголын ард түмэн гүнээ итгэж, солонгосын ард түмний баатарлаг тэмцэлд цаашдын амжилт ба түргэн ялалтыг хүснэ” гэсэн байна. Энхтайвныг Хамгаалах Монголын Хорооноос (ЭТХМХ) Солонгосын Энхтайвныг хамгаалах Хороонд 1950 оны долдугаар сарын 19-нд илгээсэн захидалд Монголын олон нийт олон тооны цуглаан хийж, Аме­рикаас БНАСАУ-ын эсрэг түрэмгийлж байгаа явдлыг нэн даруй зогсоохыг шаардсан тогтоолуудыг гаргасныг дурдаад "ЭТХМХ нь америкийн империалистуудаас солонгосын ард түмний до­тоодын хэрэгт зэвсэгл­эн оролцож байгаа явдлыг эсэргүүцэн, Солон­госоос Америкийн зэвсэгт хүчнийг нэн даруй гар­гахыг шаардаж, бүх ард түмний санал зори­гийг илэрхийлж байна” гэжээ.
БНМАУ Солонгосын дайн эхэлсэн даруйд БНАСАУ-д тусламж үзүүлэх шийдвэр гаргаагүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Харин АНУ тэргүүтэй холбоотны цэргийн хүчин 1950 оны есдүгээр сарын 25-нд Сөүлийг чөлөөлж, аравдугаар сарын 8-нд 38 өргөргийг давж, 1950 оны аравдугаар сарын 19-нд нийслэл Пёньян хот эзлэгдэж, АНУ-ын агаарын хүчин В-29 онгоцноос Хойд Солонгосын хот тосгодыг бөмбөгдөж, түүнд энгийн иргэд олноор хэлмэгдэж эхэлсэн, түүнчлэн аравдугаар сарын 25-нд "сайн дурынхан” нэртэй Пэн Дэнхуайн удирдсан БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн цэргүүд Солонгосын дайнд хөндлөнгөөс оролцож, дайн ноцтой өргөжих болсон тэр үед л МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо хуралдаж, 1950 оны аравхоёрдугаар сарын 1-ний өдөр "Солонгосын ард түмнээс америкийн империализмын эсрэг явуулж буй баатарлаг тэмцэлд нь тусламж үзүүлэх” тухай тогтоол батлан гаргажээ.
1950-1953 оны Солонгосын дайны үед болон дайны дараах сэргээн босголтын жилүүдэд МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хурлаар Солонгосын ард түмэнд туслах тухай асуудлыг удаа дараа хэлэлцэн, Солонгосын ардын армид агт морьд, үржлийн мал, дулаан хувцас, хүнсний зүйлээр туслах, дайн дууссанаас хойш УААА-гаа сэргээн босгоход нь зориулж тусламж үзүүлэх тухай шийдвэр гаргаж байжээ. Ерөнхий сайдын орлогч Б.Ламжав, ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн ахалсан "Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөнийг зохион байгуулах тусгай комисс”-ыг байгуулж, энэ хугацаанд 43924 адуу, 9094 үхэр, хонь, ямаа 79965 толгой (үүний 30 хувь нь эр, 70 хувь нь үржлийн мал), дулаан хувцас, үстэй дээл 17462 ширхэг, эсгий гутал 10000, хөвөнтэй өмд цамц 20030 хос, шинель 4500 ширхэг, хонины элдсэн нэхий 50000 ширхэг, савхин гутал 10000 хос зэрэг олон нэрийн үнэ бүхий зүйл бэлэглэжээ. Хүнсний зүйлд мах 2248,7 тонн, цөцгийн тос 30 тонн, өөхөн тос 65 тонн, хиам 99,1 тонн, нарийн боов 97,3 тонн, улаан буудай 1209, долоон тонн, цагаан будаа 160,8 тонн, гурил 200 тонн, спирт 26,5 мянган литрийг  тус тус тусламжаар үзүүлжээ.
1951 оны намар Монголын төлөөлөгчид БНАСАУ-д айлчлан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 3 жилийн ойн арга хэмжээнд оролцон 3 дахь удаагийн тусламжийн цувааг гардуулан өгчээ. СХН-ын Төв Хороо, Засгийн газар, ард түмэн төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч, Монголын ард түмний тусламжийг өндөр үнэлж фронтын шугам дээр байлдаж байсан цэргийн анги нэгтгэлүүдээр явж, Монголын төлөөлөгчдийг танилцуулж байжээ. Тэнд "БНМАУ-аас үзүүлсэн дэмжлэг, тусламж” гэсэн нэртэй олон самбаруудтай булан гаргаж байжээ. Монгол агт, морьдыг "Монголын сайн дурынхан” гэж нэрлэж байснаас гадна фронтын зурвас нутгуудын зам муутай, шавар намаг ихтэй нуга, хөндий, гол горхи, уул даваануудад их буу, миномёт, байлдааны бусад техник хэрэгслэлийг тээвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсан монгол морьдод хувийн нэр өгч, зургийг нь самбар дээр тавьж, "баатар морь” гэж цол өгч байжээ.  Зохион байгуулах комиссын гишүүд аймаг, орон нутагт явж, агт морьд, хонь, мал сонгон авч, сүрэг болгон зохион байгуулж, тууврын замд гаргаж улсын хил давуулан БНХАУ-ын Манжуур өртөөн дээр хүргэж галт тэргэнд ачиж цуваа болгон явуулдаг байжээ. Цаашид Солонгост нутагшуулан үржүүлэх зориулалтаар унагатай гүү, азарга, үхрийн үржлийн хэсгийг илгээж байжээ. Фронтын дайчдад монголын ард түмнээс олон мянган захидал, цахилгаан утас бичдэг байсан байна. Гэвч тэр бүгдийг солонгос хэл дээр орчуулах бололцоогүйгээс шууд хүргүүлдэг байжээ. "Америкийн империалистууд Солонгосоос бузар савраа тат!”,"Солонгосын ард түмэн ялна” зэрэг өгүүлбэрийг захидлуудаас иш татан олон мянган хувь хэвлүүлэн Солонгост явуулах тусламжийн барааны хайрцаг, сав баглаа, түүнийг тээвэрлэсэн машин, галт тэргэн дээр нааж явуулж байжээ.
Тусламжийн эдгээр зүйлийг Монголын төлөөлөгчид 3 удаа явж Ардчилсан Солонгосын Засгийн газрын төлөөлөгчдөд гардуулан өгчээ. 1950-1953 онд үзүүлсэн тусламжийн зүйлийн нийт үнэ  23 сая 365 мянган төгрөг болж байжээ. Тэгвэл 1950 онд Монгол Улсын нийгмийн нийт бүтээгдэхүүн 1.327 тэрбум төгрөг, үндэсний орлого 879.3 сая төгрөгөөр хэмжэгдэж байжээ. Тус­ламжийн нийт үнийн дүнг тухайн үеийн төгрөг-рубль-долларын ханшны тооцоогоор авч үзвэл 1.298.000 сая ам. доллартай дүйцэж байсан байна.
Үүнээс гадна Монгол Улс 1952-1959 онуудад эцэг, эх нь амь үрэгдэж, өнчин хоцорсон 197 хүүхдийг (115 эрэгтэй, 82 эмэгтэй) найман багшийн хамт Улаанбаатарт авчран асран хүмүүжүүлж 30 гаруй оюутныг өөрийн их, дээд сургуульд сургаж нутагт нь буцаажээ. Эд­гээр хүүхдүүд Монгол Улсад найман жил сурч хүмүүжихдээ Шарга морьтын аманд зус­лангийн байртай, Зайсан толгойн аманд өвлийн байртай байсан ба дурьдсан хугацаанд Монгол Улсаас найман сая 544 мянга 400 төгрөгийн зардал гарчээ. Мөн 1959 онд Японд суурьшиж байсан хойд солонгосын иргэдэд 15 мянган төгрөгийн тусламж үзүүлж байжээ.
Монголын ард түм­нээс үзүүлсэн тус­ламжийг өндөр үнэлж Солонгост туслах ажлыг зохион байгуулахад идэвх чармайлттай оролцсон БНМАУ-ын хэдэн арван иргэдийг БНАСАУ-ын одон медалиар шагнасан байна.
БНАСАУ-ын Сайд нарын танхимын дарга Ким Ил-сон 1953 оны нэгдүгээр сарын 10-нд Монголын Засгийн газарт явуулсан илгээлтдээ: "Америкийн түрэмгийлэгчдийн эсрэг, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нэр төрийн төлөө бүх дэлхийн улс түмний энхтайван, жаргалант амьдралыг хамгаалахын төлөө Солонгосын ард түмний шударга дайн эхэлсэн өдрөөс аваад ах дүү Монголын ард түмнээс чин зүрхний тусламжийг бүх хүчээрээ үзүүлсэн, үзүүлсээр байна. Ах дүү Монголын ард түмнээс бидэнд үзүүлж байгаа эд материал, санаа сэтгэлийн асар их тусламж бол тэмцэж байгаа Солонгосын ард түмэнд хайр талархалтай эв санааны нэгдэлтэй байдгийнх нь илрэл мөн” гэж бичжээ.
Солонгосын ард түмний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэнийг нь үнэлэн Ардчилсан Солонгосын 288 хүнийг одон медалиар, түүний дотор арван хүнийг Сүхбаатарын одонгоор 1953 оны нэгдүгээр сард шагнажээ.
Дэлхийн II дайнд германы фашизмыг ялсан ЗХУ, ялангуяа И.В.Сталин өөрийнхөө асар их нэр хүндийг ашиглан Солонгосын дайны жинхэнэ учир шалтгааны талаар дэлхий нийтийг асар их төөрөгдүүлж байсан ажээ. Тиймээс Европ, Америкт Солонгосын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн ч эрчимтэй өрнөж байжээ.
Дайнд оролцогч талууд 1953 оны дөрөвдүгээр сарын 26-нд хэлэлцээг Паньмүньжомд сэргээжээ. Мэдээж Сталин  1953 оны гуравдугаар сарын 5-нд таалал төгссөн нь гал зогсоох хамгийн гол учир шалтгаан байжээ. Цэргийн олзлогдогсдыг нутагт нь буцаах тухай хэлэлцээрт Энэтхэгийн зуучлалаар долдугаар сарын 8-нд гарын үсэг зурав.
Асуудлыг энхтайвнаар төгс зохицуулах хүртэл "Солонгос дахь дайн болон дайсагнасан аливаа явдлыг бүрэн зогсоохоор” заасан Солонгосын хойгт гал зогсоох тухай хэлэлцээрт 1953 оны долдугаар сарын 27-нд БНАСАУ-ын Солонгосын Ардын армийн дээд Ерөнхий командлагч, маршал Ким Ил-сон, Хятадын сайн дурынхны командлагч Пэн Дэнхуай, НҮБ-ын хүчний командлагч АНУ-ын Армийн генерал Марк В.Кларк, Солонгосын ардын арми, Хятадын сайн дурынхныг төлөөлж, Солонгосын Ардын армийн ахлах төлөөлөгч Нам-Иль, НҮБ-ын хүчнийг төлөөлж, АНУ-ын Армийн ахлах төлөөлөгч, дэслэгч генерал Уилльям К.Харрисон нар гарын үсэг зуржээ.
Өмнөд Солонгос гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзсан нь Хойд Солонгосыг бүрэн чөлөөлөх бодолтой байсантай нь холбоотой байжээ.
Солонгосын дайны гал зогсоох Панмүньжомын  хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын олон улсын хэмжээний томоохон түүхэн үйл явдалд  Монголын төлөөлөгчид ажиглагчаар оролцжээ. Монгол Улсаас анх удаа "Үнэн” сонины  тусгай сурвалжлагч Ц.Намсрай (тухайн үед Намын түүхийн институтийн орлогч захирал байсан Д.У), Бээжин дэх БНМАУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Т.Пүрэвжал  нар 1953 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 4-ны өдрүүдэд оролцсон  байна. Хятадын ГЯЯ-ны хэвлэл мэдээллийн хэлтсээс зохион байгуулсны дагуу   ЗХУ, БНМАУ, Польш, Австри, Итали, Чехословак, Румын, Болгар, Унгар, Ардчилсан Германы хэвлэлийн төлөөлөгчид ажиглагчаар оролцжээ.
1953 оны долдугаар сарын 28-нд БНМАУ-ын Ерөнхий сайдаас БНАСАУ-ын Сайд нарын танхимын даргад явуулсан илгээлтэд өгүүлэхдээ: "Солонгост дайныг зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурагдаж, Солонгосын баатарлаг ард түмэн ба эрх чөлөөг эрмэлзэгч бүх хүн төрөлхтөн, агуу их ялалт байгуулсныг тохиолдуулан Монголын ард түмний өмнөөс …. халуун баяр хүргэе. Солонгосын ард түмний эрх чөлөөний тэмцэлд хэзээ ямагт маш их талархаж ирсэн Монголын ард түмэн ба БНМАУ-ын Засгийн газар Солонгост дайн зогсч, Солонгосын баатарлаг ард түмэн, Хятадын ардын эрэлхэг сайн дурынхан ба энхтайван, ардчиллын бүх лагерийн алдарт ялалт болсон явдалд гүн их баясгалантай бөгөөд сэтгэл хангамжтайгаар баяр хүргэж байна” гэжээ.
1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-д элсэх олон жилийн хүчин чармайлт амжилтад хүрч, Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн 101 дэх гишүүн болсноор тус улсын тусгаар тогтнол олон этгээдээс баталгаажиж, Монгол орон тусгаарлагдмал байдлаас гарах, дэлхий дахинаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, дэлхийн олон оронтой хамтран ажиллах өргөн зам тус орны өмнө нээгдэж, капиталист орнуудаас тус орныг хүлээн зөвшөөрөх үе эхэлсэн билээ.
Гэвч энэ боломжийг дүүрэн ашиглаагүйгээр зогсохгүй  хүйтэн дайны улмаас НҮБ-ын индэр эсрэг тэсрэг хоёр системийн үзэл суртлын тэмцлийн хурц талбар болж Монгол Улс ч түүнд татагдан оролцож эхэлсэн юм.
БНАСАУ-ын үндэсний эрх ашгийг илэрхийлэн БНМАУ-ын төлөөлөгчид 1961 оны  арванхоёрдугаар сарын 7-нд Солонгосын асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ХYI чуулганд тогтоолын төсөл оруулж, түүнд Өмнөд Солонгосоос АНУ-ын цэргийг нэн даруй зайлуулахыг санал болгосон байна. Энэ бол БНМАУ НҮБ-д гишүүнээр элссэн даруйд Монголын төлөөлөгчдөөс оруулсан анх удаагийн тогтоолын төсөл байв. Гэвч чуулганд АНУ-ын оруулсан тогтоолын өөр нэг төслийн улмаас БНМАУ-ын оруулсан тогтоолын төсөл батлагдаж чадаагүй ажээ.
НҮБ-ын дэргэд суугаа Чан Кайшигийн Байнгын төлөөлөгчийн орлогч Цзян Тинфу (Tsiang Tingfu蔣廷黻): Гадаад Монгол бол Хятад, Солонгос хоёрыг түрэмгийлж байхын тулд Зөвлөлтийн хуурамчаар тусгаар тогтносон улс, Солонгосын дайнд бараг л 10 мянган цэрэг илгээсэн хэмээн гүтгэн гүжирдэж байсан юм. Сүүлийн үед нууцын зэрэглэлээс гарч нээлтэй болсон АНУ-ын ТТГ-ын баримтуудад Гадаад Монгол Хойд Солонгост цэрэг илгээж байсан мэдээ гарч ирсэн нь огт үндэслэлгүй юм.
Солонгосын дайнд БНМАУ БНАСАУ-ын талд баттай зогсч, сэтгэл санаа, эд материалын үлэмжхэн тусламж үзүүлсэн, үүний хаялга НҮБ-д элсэх Монгол Улсын хүчин чармайлтыг 10 гаруй жил хойш татахад  нөлөөлсөн гол хүчин зүйл болсон талаар огт хөндөж байгаагүйг тэмдэглье.
Сталины шаардлагаар Солонгосын дайнд БНХАУ хөндлөнгөөс оролцсон нь аанай л тус улсыг НҮБ-д хууль ёсны байр сууриа эзлэх эрхийг 20 гаруй жил хойш нь татаж, АНУ-аас Тайванийг дэмжихэд чиглэсэн "хоёр хятад”-ын бодлого явуулахын үндэс суурь болсон билээ.
Солонгосын дайн бол Монгол Улс, БНАСАУ-ын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хамгийн том бэлэг тэмдэг болсон билээ.
 
Доктор, профессор Д.УЛАМБАЯР
ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?