|
Шинэ мэдээ

АТГ "жараахайнуудыг ангуучилж" эхэллээ

АТГ "жараахайнуудыг ангуучилж" эхэллээАТГ-аас боловсролын салбарт анхаарал хандуулж эхэлснээ өнгөрсөн сарын ээлжит мэдээллээрээ зарласан. Тус газраас АТГ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд зөвлөмж өгч, нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудад харьяаллын дагуу элсэх элсэгчдийн тоон мэдээг бодитой гарган харьяаллын бус элсэлтийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг сануулжээ. Гэвч зөвлөмжийн биелэлт хангалтгүй байснаас өдгөө АТГ-аас хоёр ч сургуулийн захирлыг саатуулаад байна.

 

Эхлээд энэ сарын 5-ны өдөр Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг хахуул авч байхад нь үйлдэл дээр нь барьжээ гэх мэдээлэл цацагдав. Харин өчигдөр "Шинэ эхлэл” сургуулийн захирал Р.Эрдэнийг мөн л авлига авч байхад нь үйлдэл дээр нь саатууллаа хэмээн мэдээлэгдлээ. Хичээлийн шинэ жил эхлээд сар гаран болж байхад хоёр ч захирал үйлдэл дээрээ АТГ-т гардуулсан нь тохиолдол уу, зохион байгуулалт уу гэдгийг хэлэх боломжгүй.

 

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг саатуулсны дараа АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү тайлбар тодруулга өгсөн юм. Тэрбээр тодруулгадаа Г.Бум-Эрдэнийг яагаад цагдан хорьсон тухай ярьсангүй. Уламжлал ёсоорр мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас НУУЦ. Харин Г.Бум-Эрдэнэд хахуул өгсөн хүнийг мөн саатуулсныг дурдаад авлига өгөгчийн тухай нэлээн сайн тайлбарлажээ. Шинээр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт "Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахуул өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан.

 

Товчхондоо иргэн  тухайн төрийн үйлчилгээг авахын тулд албан тушаалтанд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орж хээл хахуул өгөөд  энэ тухайгаа сайн дураараа хуулийн байгууллагад мэдэгдвэл хариуцлага хүлээхгүй гэдгийг комиссар Т.Баярхүү тайлбарлажээ. Цаашлаад тэрбээр хүүхдээ сургуульд оруулахын тулд аргагүй байдалд орж, хахуул өгсөн эцэг эх нар АТГ-д хандаарай гэдгийг хэлжээ. Матаасын мөрөөр сургуулийн захирал, сургалтын менежерүүдийг шалгаж, харин таны хүүхдийг сургуульд нь хэвээр үлдээнэ гэсэн эерэг үгийг ч хэлж. Эцэг эхчүүдэд хандсан энэ үг хичнээн сургуулийн удирдлагыг АТГ-ын хаалга татуулахыг мэдэхгүй.

 

Ямартай ч АТГ иргэний мэдээллийн мөрөөр ажиллах хуулийн зохицуулалтыг энэ удаа нэлээн сайн ашиглах бололтой. Зөвхөн хахуул авагчийг бус өгсөн хүнийг шийтгэнэ. ГЭХДЭЭ...хэмээн хэлсэн хуулийн заалт аргагүй байдалд орж, халаасаа тэмтэрсэн цөөнгүй эцэг эхчүүдийг чихийг сэртийлгэсэн нь мэдээж. Дахин ...дүгээр /дугаар/ сургуулийн захирал АТГ-д шалгагдаж эхэллээ гэвэл гайхах зүйлгүй. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулахын тулд эрх мэдэлтэнд нь төгрөг гардуулдаг нь нууц асуудал биш. Гэхдээ АТГ-т баримт л хэрэгтэй.

 

Энэ удаа АТГ жараахайнуудыг ангуучлахаар шийдсэн нь тодорхой.

 

Б.Учрал

Shuud.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?