|
Шинэ мэдээ

Нийслэл метротой болох судалгааг дахин эхлүүлжээ

Нийслэл метротой болох судалгааг дахин эхлүүлжээ

Нийслэлийн тээврийн газраас мэдээлж буйгаар Улаанбаатар хотод метро барьж байгуулах судалгааг хотын хөгжлийн бодлоготой уялдуулан дахин эхлүүлээд байна.
Үүний өмнө метро барих судалгааг Японы олон улсын хамтын ажиллагааны "Жайка” байгууллагын буцалтгүй тусламжаар 2013-2014 онд хийж байсан юм. Гарсан тайланг НИТХ-аар хэлэлцэн ҮАБЗ дээр хүртэл дэмжин зөвлөмж гарч Японы засгийн газраас 600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо албан ёсоор мэдэгдэж байсан боловч улс орны эдийн засгийн хүчин чадал, санхүүгийн боломжоос шалтгаалан зогсоод байсан юм. Харин одоо Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагад тусгаснаар 2030 он гэхэд метро байгуулах эдийн засгийн бололцоотой гэсэн тооцоо хийснээ албаны хүмүүс мэдэгдэж буй. Энэ үүднээс өмнөх судалгааг үргэлжлүүлэн дахин эхлүүлж буй аж. Нийслэл хотод метро барьж байгуулахад 1.5 тэрбум ам.доллар шаардагдах тооцоо гарчээ. Хөрөнгийг манай улс дангаар гаргах боломж байхгүй учир гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, концессын гэрээ зэрэг арга замаар шийдэж болно гэж Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа хэлж байна. Метроны чиглэлийг Офицеруудын ордноос төв зам болох Энхтайваны өргөн чөлөө дагуу Сонсголон хүртэл хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км газар доогуур барих бололцоотой гэж тодорхойлсон байна. Хотын захын дүүргүүдийг гүүрэн буюу өргөтгөсөн замаар холбох төлөвлөлт хийх юм. Тэрнээс наана нийслэлд мөн тусгай замын болон электро автобусны (RTI болон BTI) зам тавьж чиглэл гаргахаар төлөвлөжээ.
Тодруулга: Саяас давсан хүн амтай Улаанбаатар хотын хувьд метро барьж байгуулах нь эдийн засгийн талаас 150 мянган ажлын байр шинээр бий болох, хотын төсвийн орлого 30 хувиар нэмэгдэх зэрэг боломжтой аж. 2030 он гэхэд нийслэлийн хүн ам 1.7 саяд хүрнэ гэсэн тооцоо гарчээ.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?