|
Шинэ мэдээ

Яармагийн гүүр бүхэлдээ ашиглалтад ороогүй

Яармагийн гүүр бүхэлдээ ашиглалтад ороогүй

 

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт баригдаж  буй Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг энэ сарын 9-ны өдөр  нээж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулсан. Ийн шинэ гүүрийг нээж, хуучин гүүрийг хаасан юм. Тэгвэл энэ талаар нийслэлийн авто замын хөгжлийн газрын хэвлэлийн төлөөлөгч О.Батбаяраас тодруулахад "Яармагийн гүүрийн зөвхөн зорчих хэсэг буюу хоёр талдаа хоёр эгнээтэй зам л ашиглалтад орсон. Шинэ гүүр 250.2 урттай, 20.5 метр өргөн, дөрвөн эгнээтэй. Хуучин гүүртэйгээ нийлээд зургаан эгнээтэй болох юм. Хуучин гүүрийн засварын ажил эхлээд 18 хонож байна. Яармагийн гүүрэн зам доогуурх тунелен гарц, болон уулын замуудыг холбосон замууд 2019 онд  ашиглалтад орно” гэв.

Тус гүүр нь ашиглалтад орсноор Яармагийн гүүр орчмын олон замын уулзварт зам, удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, "Буянт-Ухаа-1, 2" хороолол зэргийг хотын төвтэй холбох гол гарц юм. Гүүрээр өдөрт 20-30 мянган машин нэвтэрч, хуучин гүүрнээс гурав дахин их ачааллыг даах чадвартай гэнэ. Шинэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой гэж  албаны хүмүүс үзэж байна.

Харин хуучин гүүрийн засварлах ажлын хүрээнд гүүрийн  ховхорсон хучилтыг нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгууруудыг бэхжүүлэх, явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа аж. Яармагийн гүүр нь 1960 оноос хойш шинэчлэгдээгүй юм. Энэхүү гүүрэн байгууламжийг бүтнээр нь 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийг Хятадын засгийн газрын 30 сая долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна.

Ц.ОРГИЛ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?