|
Шинэ мэдээ

УЛСЫН ЦОЛ АТГАХ ШААНСТАЙ БӨХЧҮҮД

 УЛСЫН ЦОЛ АТГАХ ШААНСТАЙ БӨХЧҮҮД

 

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227 жил, Их монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам маргааш албан ёсоор ёслол төгөлдөр эхэлнэ.

 
Энэ жилийн улсын их баяр наадамд уламжлал ёсоор хүчит 512 бөх барилдах бөгөөд хэний хүү түрүүлж, үзүүрлэх вэ. Ямар бөхчүүд нь их шөвөгт, дунд шөвөгт үлдэх вэ гэдэг нь яах аргагүй анхаарал сонирхол татдаг ч шинээ улсын цолд хүрэх бөхчүүд илүү анхаарал татдаг нь үнэн. "Дэлтэй болгон уралдсан ч айраг амсаагүй наадам, дээлтэй болгон барилдсан ч начин болдоггүй наадам” гэж улсын цолны өндөр босгыг тайлбарласан үг бий.

Өнөө жилийн заалны барилдаанд өнгөө зассан өчнөөн аймгийн арслан цолтой бөхчүүд бий. Хэн илүү их бэлтгэл хийж, хөдөлмөр зарцуулсанд нь цол ирдэг ч гэх яриа бий. Заалны барилдаанд өнгөтэй байсан. Мөн аймгуудын наадамд сайн барилдаж байгаа залуу бөхчүүдийг энэ удаад онцолж байна.

Ингээд дараах бөхчүүдийг танилцуулж байна.

Баянхонгор аймгаас хоёр аймгийн арслан бий. Нэг нь хурц арслан Н.Золбоо, нөгөө нь аймгийн арслан Б.Эрдэнэхүү. Түүний хувьд сүүлийн хэдэн жил сайн барилдаж байгаа ч улсын наадмаар дөрвийн даваанд өвдөг шороодоод байгаа юм. Өнөө жилийн наадмаар дөрвийн давааны оноолтоо давчихвал түүнд боломж бий гэж харж буй.


Хурц арслан Н.Золбоогийн хувьд бэлтгэл сайн хангасан байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө Сүүж уулын бэсрэг наадамд түрүүлсэн түүнд улсын цол ойрхон байгааг харуулсан юм.


Хутагт хувилгаадын нутаг буюу Завхан аймгаас улсын цол зүүдэлж яваа хүчтэн бол яах аргагүй аймгийн арслан Ш.Пүрэвгарьд. Түүний хувьд мөн л сүүлийн гурван жил улсын цол руу зүтгэж яваа залуу хүчтэн юм.



Мөн тус аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Т.Бэгзсүрэнг ч улсын цолд хүрэх бөхчүүдийн нэгээр нэрлэж байгаа юм.

 
Хөвсгөлийн хүчтэн, аймгийн арслан Б.Даваа-Очирт олон хүн итгэл найдвар хүлээлгэж буй. Тэрбээр хүчтэй бөх. Түүнийг улсын наадамд дөрөв даваад гараад ирэхэд зориглоод ам авах том цолтон олдохгүй дээ.

 
Мөн саяхан Налайх хотын наадамд түрүүлсэн аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлийг ч улсын цолд ойрхон яваа бөхөөр нэрлэх нь зүй болов уу. Түүний бэлтгэл жигдэрсэн бяртай харагдаж байна билээ.


Түүнчлэн улсын начны цолонд хүрэх магадлал өндөртэй бөхчүүдээр Баян-Өлгий аймгийн харьяат, аймгийн арслан М.Эркебулан, Өвөрхангай Т.Ядамсүрэн, Булганы Амаржаргал, Б.Ганбаатар, Төв аймгийн Д.Хүдэрбулга гээд аймгийн цолтой бөхчүүд байна.


Эдгээр бөхчүүдийг энэ жил улсын наадамд цол горилж байгаа ч гэж хэлж болно. Учир нь сүүлийн хэдэн жил улсын цолны тааварт зүй ёсоор багтаж яваа юм. Олон ч хүн дээлийнх нь захыг мушгиж суугаа. 
 
Ийнхүү эдгээр бөхчүүдийн хэнийх нь од гүйж шинэ цолонд хүрэх үү, хэн нь наадмын дэвжээний өвсөнд бүдэрч, өвдөг шороодох уу гэдгийг харах л үлдлээ дээ.

Төрийнхөө их баяр наадамд цол "атгаж” төрсөн нутаг усаа, бөхийн хорхойтнууд, зүтгэлтнүүдээ баярлуулахыг хүсэн ерөөе.



О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?