|
Шинэ мэдээ

Энэ жилийн наадмаар унаач хүүхдийн эрх бүрэн хангагдах уу?

Энэ жилийн наадмаар унаач хүүхдийн эрх бүрэн хангагдах уу?

Монголын ирээдүй үр хойчийнхоо хүүхэд насыг хайрлая. Тэднийг хамгаалъя. Үндсэн хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийг нь хүндэлмээр байна. Жил бүр хоёр унаач хүүхэд амь насаа алддаг. Тухайлбал,1996-2006 онд 17 хүүхэд, 2006-2008 онд хоёр хүүхэд, 2012-2014 онд 6 хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алдсан байна. Мөн жил бүр 300 унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирдог.
Засгийн газрын 2005 оны 119-р тогтоолоор батлагдсан "Хурдан морины уралдааны дүрэм”-ээр унаач хүүхдүүд нь 7-оос дээш настай байхаар заасан байдаг. Аймаг, сум, багийн түвшний эсхүл ой тэмдэглэх зэрэг бусад уралдаанд 5-7 насны хүүхэд хурдан морь унадаг байна. Харин уяачид Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэлгүй, 7-гоос доош насны хүүхдээр хурдан морь унуулдаг.Тухайлбал, өнгөрсөн сард хоёр настай хүүхдээр хурдан морь унуулсан асуудал гарсан. Энэ мэтчилэн хүүхдийн эрхийг зөрчсөн асуудал гарсаар байна. Энэ жил наадмаар Засгийн газрын 2005 оны 119-р тогтоол хэрэгжих үү гэдэг асуулт эргэлзээ төрүүлсэн хэвээр.
Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Энэ жилийн наадмаар хурдан морь унаж байгаа хүүхдийн эрх бүрэн хамгаалагдах гэдэг асуудал дээр онцгой анхаарал хандуулмаар байна. Өнгөрсөн жилийн байдлаар хурдан морины 394 уралдаан болж, давхцаагүй тоогоор 10340 хүүхэд хурдан морь унаж уралджээ. Тэдний 629 нь мориноос унаж, 159 хүүхэд хөнгөн болон хүндэвтэр гэмтэл авсан бол гурван хүүхэд амиа алдсан хэмээн ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэлж байсан.
ГБХЗХГ-аас унаач хүүхдийн асуудалд ихээхэн анхаарч уралдах хүүхдүүдийг энэ жилээс цахимаар бүртгэдэг болж байгаа гэдгээ мэдэгдсэн. Мөн хурдан морь унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэгсэл бүрэн ашиглаагүйгээс гэмтэж бэртэх тохиолдол их гардаг. Иймээс стандартын хувцас хэрэгслийг түрээслэхээр болсон байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ даатгалын компаниудтай хамтран ажиллахаар болж, унаач хүүхдүүдэд зориулсан даатгалын шинэ үйлчилгээ гаргахаар болжээ. Уралдааны явцад уралдаанч хүүхдүүдэд үүсэх эрсдэлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан. Харин даатгалын бүтэн жилийн хураамж 100 мянган төгрөг болж, нөхөн олговорын хэмжээ 20 сая төгрөг болон нэмэгдэж байгаа аж.
Урьд жилүүдийг бодвол энэ удаад зарим нааштай шийдлүүдийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай юм. Эерэг санаачлагууд гарч байгаа хэдий ч мөнгөний ажил болчихгүй л бол тодорхой хэмжээгээр эрсдэлээс сэргийлэх боломж харагдаж байгаа юм. Цаашдаа ч алхам алхамаар унаач хүүхдийн эрхийг хамгаалах санаачлагатай энэ мэт ажлууд илүү өргөн хүрээнд хийгдэнэ гэдэгт найдаж байна.

эх сурвалж: undesten.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?