|
Шинэ мэдээ

Согтуу жолоочийн эрхийг насан туршид нь хасъя

Согтуу жолоочийн эрхийг насан туршид нь хасъя

 

Жолоочийн хариуцлагын оноо тооцох журам 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдолд 10 оноо автоматаар 0 болохоор журам батлагдсан. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуу жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасна гэж заасан байдаг. Энэ бүх хууль дүрмэнд захирагдаж, согтуу жолоочийн тоо буурч байна уу гэвэл үгүй.

 

Хоногт дунджаар 70-80 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо баасан гариг болон баяр ёслолын өдрүүдэд 2-3 дахин нэмэгддэг. Согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох явган зорчигч ч цөөнгүй бий  гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлж байна.

 

Тухайлбал Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс зам тээврийн 793 осол  үйлдэгдсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан зам тээврийн ослоос гадна явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож амь насааа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол 284 бүтгэгджээ.

 

Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзлэж байна. 

 

Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна. 

 

 

Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:

 

  • 19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,

 

  • 2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,

 

  • 1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодсон зөрчил байна.

 

Автомашин жолоодох эрхээ хасуулсан, үнэмлэхээ хураалгасан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэр нь автомашин жолоодон гэмт хэрэг үйлдэж, осолд өртөж өөрийгөө болоод бусдыг гэмтээдэг. Өөрөө болон өрөөлийг хохироож, гэмт хэрэгтэн болдог. Гэм, зэмгүй нэгний амьдралыг сүйрүүлдэг. Гэвч гэмээ ухаарч, аюулаас айж, эрсдлийг тооцоолохгүй байгаа нь Монголчууд үнэндээ "бөх” зүрхтэй улс юмаа гэж толгой сэгсрэхэд хүргэж байна.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, согтуурч, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцох нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ноцтой саад бэрхшээл учруулж буйг цагдаагийн байгууллага онцолж байгаа юм. 

 

Уг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 12-р зүйлийн 1, 2 дугаар зүйлд "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг.

 

Гэвч жолооч нар автомашин дотроо архидан согтуурах, овоо, даваан дээр гарч архи уух, хамт олон найз нөхөд, ах дүүгээрээ нийлж архи уусны дараа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал гаргасаар байна.

 

Эрхийг нь хасч, баривчилж үзлээ. Гэвч уусаар, автомашинаа жолоодсоор, хүний алтан амийг хохироосоор л байна. Өөрөөр согтуу жолоочидтой хэрхэн тэмцэж "хашраах” аргаа албаныхан олохгүй байна. Үнэндээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй нөхдийн жолоодох эрхийг нь насан туршид нь хасвал сая нэг ухаарч магадгүй юм.

 

Г.Тэгшсүрэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?