|
Шинэ мэдээ

Өнгөрсөн онд таван бөхөөс сэргээш илэрсэн нь үнэн гэв

 

Өнгөрсөн онд таван бөхөөс сэргээш илэрсэн нь үнэн гэвӨнгөрсөн онд шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн тавд нь допингийн эсрэг зөрчил илэрчээ. Энэ талаар  Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс тодруулахад, мэдээллийг үнэн болохыг батлав. Гэхдээ бөхчүүдийн нэрсийг зарлах журмын хугацаа болоогүйг тайлбарлалаа. Бөхчүүдийн А сорьцын хариуг бөхчүүд болон хариуцсан холбоонд танилцуулах явц үргэлжилж байгаа аж.

Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны хугацаанд нийт 30 гаруй бөхийг шинжилгээнд хамруулжээ.

Допингийн шинжилгээний дээжийг баяр наадмаар авдаг шинжилгээний адил БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн ба дээжийг хоёр шилэнд савлаж, эхлээд А сорьцыг шинжлүүлсэн байна. Ингээд лабораториос ирсэн хариуг МҮБХ-нд танилцуулсан ба МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар /Шинжилгээний хариуг хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/ бүхий бөхөд мэдэгдэж эхэлжээ. Хэрэв тухайн бөх А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд B сорьцыг өөрсдийн хүсэлт, өөрийн зардлаар дахин шинжлүүлнэ. Тиймээс энэ процесс хэрхэн өрнөхөөс шалтгаалж, допингийн эсрэг зөрчил илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг олон нийтэд зарлах юм байна.

Монголын допингийн эсрэг үндэсний төв Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газартай хамтран ''Допингийн эсрэг үндэсний хяналт'' төслийг 2017 оноос хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд МҮБХ-той хамтарч ажилласан бөгөөд бөхчүүдийн шинжилгээ хийлгэх зардлыг дээрх төслөөс болон МҮБХ-ноос санаачилсан ''Допингийн эсрэг эв нэгдлийн сан''-гаас гаргажээ.

МҮБХ 2016 оны арваннэгдүгээр сард Тэргүүлэгчдийн хурлаараа бөхчүүдээс Улсын баяр наадмаас бусад үед допингийн шинжилгээ авах тогтоол гаргаж, журам боловсруулсан байдаг. Уг тогтоол нь үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үед допингийн шинжилгээ хийх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох зорилготой. Өөрөөр хэлбэл, үндэсний бөхчүүдийг барилдааны үеэр бус энгийн бэлтгэлтэй үедээ сэргээш хэрэглэсэн эсэхийг түүвэрчилсэн байдлаар хянах нэг арга гэсэн үг.

МҮБХ допингийн эсрэг журмыг хэрэгжүүлэхдээ эхлээд сэргээшийн шинжилгээнд хамруулах шаардлагатай бөхчүүдийн нэрсийг тодруулах нууц санал хураалтыг 2017 оны эхээр явуулж байсан. Энэ нь аль дэвжээний, ямар бөхөөс шинжилгээ авбал зохихыг бөхчүүдээр өөрсдөөр нь сонгуулсан гэсэн үг. Ингэхдээ мөн зарим тохиолдолд Допингийн эсрэг төв шаардлагатай гэж үзсэн бөхөөс шинжилгээ авч байжээ.

ЯМАР ТОХИОЛДОЛД ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ВЭ?

МҮБХ-ноос гаргасан Допингийн эсрэг тогтоолоор дараах тохиолдолд бөхчүүдэд шинжилгээ хийхээр журамлажээ. 

  1. Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөх
  2. Бөхчүүд болон үзэгчдээс нэр заан, шинжилгээнд оруулахыг санал болгосон бөх
  3. Шинжилгээ хийлгэх хүсэлт өөрөө гаргасан бөх
  4. Мэргэжлийн хүмүүсийн ажиглалтаар сонгосон бөх
  5. Сугалаагаар сонгосон бөх
  6. Улсын баяр наадамд тавын даваанд унасан улсын алдар цолтой бөхчүүд

ХАРИУЦЛАГА: БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСНА

Наадмаас бусад үед авч байгаа шинжилгээ учраас допинг хэрэглэсэн бөхийн цолыг хураах боломжгүй. Үндэсний бөхийн цолыг наадмаар барилдаж авдаг, Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог учир заал, танхимын барилдааны үеэр гаргасан алдаанд цол хураах асуудал багтахгүй юм байна.

Харин Допингийн эсрэг журам, холбогдох тогтоолын 4-р зүйлд тусгаснаар бол тухайн бөх нь сэргээш хэрэглэсэн, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн нь тогтоогдох аваас уг бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах бөгөөд шинжилгээний зардлыг бүрэн төлүүлнэ гэж зохицуулжээ. Түүнчлэн сэргээш хэрэглэж шийтгэл хүлээсэн бөх Допингийн эсрэг дүрэм, заалтыг дахин зөрчвөл уг бөхийн барилдах эрхийг 5-8 жилээр хасч, гарсан бүх зардлыг төлүүлнэ гэж уг журам, тогтоолын 4.2 дахь хэсэгт тусгасан байна.

ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ХЭРХЭН БҮРДҮҮЛДЭГ ВЭ?

Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрсөн жилээс Допингийн эсрэг эв нэгдлийн сан байгуулж, хандив цуглуулах болжээ. Энэ сангийн эх үүсвэрийг дараах аргаар бүрдүүлж байгаа гэж 2017 онд өгсөн мэдээлэлдээ дурьдсан байдаг бөгөөд санхүүг бүрдүүлэх бөгөөд хэзээ, хаана, юунд зарцуулсан нь олон нийтэд нээлттэй байна гэж журамлажээ. 

  1. МҮБХ-ноос жил бүр 10 сая төгрөг
  2. Үндэсний бөхийн дэвжээ тус бүрээс жил бүр 1.5 сая төгрөг
  3. Захиалгат барилдаан хийж буй байгууллага тус бүрээс нэг сая төгрөг
  4. Бөхчүүдийн 'Допинггүй Монгол бөхийн төлөө' эв санааны нэгдлийн хандив
  5. Жаяг дэгийн багийн гишүүд, бөх судлаач, бөхийн зүтгэлтнүүдийн хандив
  6. Бөх үзэгч, дэмжигчид, байгууллага хамт олны хандив.
  7. Бусад хандив, хөрөнгө гэсэн аргаар
Erennews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?