|
Шинэ мэдээ

КАПИТАЛ БАНК ТӨРИЙН САНД ОРОХ ЁСТОЙ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТҮГЖЖЭЭ

КАПИТАЛ БАНК ТӨРИЙН САНД ОРОХ ЁСТОЙ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТҮГЖЖЭЭ

 

"Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Төрийн санд тушаах ёстой хоёр тэрбум төгрөгийн гүйлгээ хоёр сар орчим хугацаанд саатаж, Капитал банк энэ асуудлыг "системийн алдаа” төдийхнөөр тайлбарлаж, цаг хожсон тухай мэдээллийн мөрөөр өчигдөр цөөнгүй хүнтэй холбогдлоо. Хоёр тэрбум битгий хэл 20 мянган төгрөг ч үнэд орох хүний амьдралд дээрх мөнгөний талаар "Шилжүүлсэн байх. Сайн мэдэхгүй байна” гэдэг үгийг "Чингис хаан” онгоцны буудлын захи-рал Д.Мөнхбаатараас сонс-сондоо, мөн Капитал банкны үүсгэн байгуулагч гэгдэх УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас "Энэ бол худал мэдээлэл. Зүгээр л эмэгтэй улстөрчдийг намнах гэсэн ээлжит гүтгэлэг” гэсэн тайлбар аваад үнэндээ чихэндээ ч итгэсэнгүй. Иймд учир явдлыг, мөн асууж тодруулсан бүхнээ уншигч танд хүргэе.

МАРТАГДАЖ, ХОЦОРСОН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭНИЙ ТҮГЖРЭЛ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ 


"Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын навигацийн орлогоос хоёр тэрбум төгрөгийг Капи-тал банк руу 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг тэр даруй Төрийн сан руу шилжүүлэх ёстой байж. Гэтэл энэ өдрөөс хоёр сарын дараа Сангийн яамтай тооцоо нийлэх үеэрээ дээрх мөнгө шилжээгүй болох нь илэрч, дээр дооргүй сандралдаж эхэлж. Гэхдээ яг бодит байдал дээр санд-ралдсан уу, төвөгшөөсөн үү гэдгийг хэлэхэд хэцүү. Учир нь, уг мөнгө өнөөдрийг хүртэл Төрийн санд ороогүй байгаа юм. Улмаар "Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын Техник, үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд захирал Д.Сүхбаатар Монголбанкинд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа "Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Капитал банкинд 2017 оны аравдугаар сарын 30-ны өдрийн шилжүүлгээр Сангийн яамны Төрийн сангийн дансанд навигацийн орлогоос хоёр тэрбум төг-рөгийг тус арилжааны банкаар дамжуулан хийсэн. Сангийн яамтай 2017 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлэх үед дээрх гүйлгээг төв Капитал банкинд саатуулсан байсан бөгөөд өнөөдрийг хүртэл улсын төсвийн орлогыг тасалдуулж, манай байгууллагыг санхүүгийн эрсдэлд оруулаад байна. Үүнийг хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн утгатай албан бичиг ч төлөв-лөж байсан байх юм. Ийм нөхцөл байдалд хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг мэ-дээллийг нуун дарагдуулж, эс бол үл тоомсорлож өн-гөрүүлэх нь хэтэрхий увайгүй үйлдэл болж хувирна. Тиймээс дараах тодруулга, мэдээллийг бүрдүүлсэн хэрэг. 

МӨНГӨ ШИЛЖИЖ ОРЖ ИРСЭН. ГЭХДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ


Бид асуудлыг тодорхой болгох үүднээс юун түрүүнд Капитал банк руу холбогдож, тодруулга, тайлбар авахыг хүсэв. Энэ тухайгаа Капитал банкны захирал А.Ариунболдоос тодруулахаар гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан тул тусла-хаар нь дамжуулан тайлбар авахыг хүссэн юм. Ингэхэд "Боломжгүй, хурал ихтэй байгаа. Эргээд холбоо барья” гэдэг хариулт өгсөн ч эргэж холбогдсонгүй. Харин "Чингис хаан” нисэх онгоцны буудлын захирал Д.Мөнхбаатар дараах хариултыг өглөө. 
-Танай байгууллага навигацийн төлбөр болох хоёр тэрбум төг-рөгийг Капитал банкаар дамжуулж Төрийн сан руу шилжүүлсэн ч энэ мөнгө цаг хугацаандаа шилжээгүйг танайхаас хоёр сарын дараа мэдэж, улмаар Монголбанкинд хаягласан албан бичгийн төсөл үйлдсэн байсан. Энэ бичигт таны биш үүрэг гүйцэтгэгч Д.Сүхбаатар гарын үсэг зурсан байна лээ. Яагаад ийм байдал үүссэн юм бэ. Бичгээ яагаад явуулаагүй юм бэ?
-Тухайн үед би амралттай байсан. Энэ талаар сайн мэдэхгүй байна.

-Гэхдээ төрийн мөнгийг буцааж шилжүүлэхгүйгээр арилжааны банк дансандаа хоёр сарын хугацаанд байршуулсан байна шүү дээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Харилцагч байгууллага учраас янз бүрийн мэдээлэл өгмөөргүй байна. Арилжааны банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх вий гэдгээс болгоомжилж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Энэ мөнгө танай дансанд эргэж орсон уу?
-Шилжүүлсэн байх аа. Сайн мэдэхгүй байна.
-Бүхэл бүтэн хоёр тэрбум төгрөг шүү дээ. Энэ чинь улсын мөнгө. Та ингэж хэлж болох юм уу?
-Буцааж шилжүүлсэн байх аа. Шилжсэн, шилжсэн. 
Түүний энэ тайлбарын араас тус нисэх онгоцны буудлын санхүүгийн мэргэжилтэн ярьж, "Та нарт албан байгууллагын дансны мэдээллийг дэлгэх боломжгүй. Ямар учиртай энэ асуудлыг тодруулаад байгаа юм бэ. Албан бичиг төслийн төвшинд байсан. Манайх явуулаагүй. Мэдээлэл өгөх боломжгүй” гэхэд манай зүгээс "Очиж, асууж тодруулах боломжтой. Хэдэн цаг гэж очих вэ” гэдгээ хэлсэн юм. Харин их удалгүй дахиж залган "Мөнгө шилжээгүй шалтгааныг системийн алдаанаас болсон гэж банкны удирдлага хэлсэн. Үнэн, худлыг нь мэдэхгүй. Бид 2017 оны арванхоёрдугаар сарын 21-нд мэдээд Монголбанк руу албан бичиг явуулах гэж байгаад больсон. Мөнгөний хувьд тэр сарынхаа 20-ны хавьцаа манай дансанд эргэж орж ирсэн. Би өөрт чинь байгууллагынхаа дансны мэдээллийг өгөхгүй. Ер нь бол манайхаас тухайн арилжааны банк руу гүйлгээ хийсэн бол шивэлт хийгээд тэр даруйд нь шилжүүлэх ёстой байдаг. Өөр тайлбар байхгүй” хэмээн хэлсэн юм.  

ТӨРИЙН ДАНСАНД ШИЛЖИЖ ОРЖ ИРЭЭГҮЙ БАЙНА 


Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч, иргэд ч аливаа зүйлийн үнэн мөнийг олж мэдэхэд нэгэн үеэ бодоход харьцангуй нээлттэй болсон нь сэтгүүлч бидний хувьд яах аргагүй олз юм. Тиймээс Төрийн сангийн холбогдох мэргэжилтнээс дараах тодруулгыг авсан бөгөөд тэрбээр энэ удаад нэрээ нууцлахыг хүсэв. Харин "Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас орох ёстой хоёр тэрбум төгрөг өнөөдрийг хүртэл Төрийн санд шилжиж орж ирээгүй байгаа. Хэрэв төрийн байгууллага, арилжааны банк хоёрын хооронд шилжүүлэг хийгдсэн бол зохих журмаараа 48 цагийн дотор шууд шилжүүлэг хийдэг учиртай. Ер нь Капитал банктай холбоотой гүйлгээ саатах гомдол өмнө нь ч хэд хэдэн удаа гарч байсан” гэдэг мэдээллийг бидэнд өгөв. 
Тодорхой бус хоёр тэрбум төгрөгийн араас эрэн хайх явцдаа нэгэнт Капитал банкны захирал А.Ариунболд захиралтай холбогдох боломжгүй болсон тул бид түүний гэргий, уг банкны үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас асуудлыг тодруулсан юм. Хэдийгээр тэрбээр өдгөө УИХ-ын гишүүн болж бизнесийн үйл ажиллагаанаасаа түдгэлзсэн ч гэлээ асуудалд төрийн түшээ хүний хувиар хариуцлагатай хандаж, алдаа эндэгдэл гарвал яаралтай залруулах ёстой нь мэдээж. Энэ бол улс төрийн соёл юм. Харин тэрбээр асуудлыг хоёр тэрбум төгрөгөөс бус харин улстөрч бүсгүйчүүдийг шүүмжилдэг нийгмийн хандлага руу чихсэн нь дараах хариултаас харагдана.

Б.УНДАРМАА: ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН НЭР ТӨРД ХАЛДАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО


-Таны хувь эзэмшдэг Капитал банк "Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас Төрийн сан руу гурван сарын өмнө шилжүүлсэн хоёр тэрбум төгрөгийг одоо хүртэл дамжуулан шилжүүлээгүй байгаа юм билээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ. Үүсгэн байгуулагчийн тань хувиар тодруулж байгаа юм шүү?
-Би Капитал банкинд хувьцаа эзэмшдэггүй. Худлаа мэдээлэл байна. УИХ-ын гишүүдийн нэр хүндэд халдах гэж янз бүрийн асуудалтай холбогдуулж байна. Ялангуяа эмэгтэй гишүүдийн нэр хүндэд зорилготойгоор халдах юм. 
-Та өмнө нь хувьцаа эзэмшдэг байсан уу?
-Үгүй. Би эзэмшдэггүй байсан. Үүнийг би ямар нэгэн зорилготойгоор ийм асуудал гаргаж байна гэж бодож байна. Хувь хүний нэр хүндэд халдаж, гүтгэж байгаа юм. 
-Та тэр баримтыг харсан уу?
-Үгүй. Би хараагүй. Ийм асуудлын араас хөөцөлдвөл дуусахгүй шүү дээ. 

А.АРИУНБОЛД ЗАХИРЛЫН АЛДАА ОЛОН


Ер нь бол Капитал банкны захирал А.Ариунболдын тухай таагүй мэдээлэл хэвлэлд нэг биш олон удаа гарч байсан. Ажилтнуудаа дарамталсан, орон байрнаас нь хөөж гаргасан гэх гомдол бол наад захын асуудал. Харин одоогоос дөрвөн жилийн өмнө Баянзүрх дүүргийн анхан шатны эрүүгийн I шүүхэд Капитал банкны гурван ажилтантай холбоотой шийдэгдсэн хэрэг байна. Учрыг сануулваас тус банкны удирдлагууд нийлж харилцагчийнхаа хоёр тэрбум төгрөгийг "Маржин худалдаа” хэмээх арилжаанд оруулж тоглоод алдсан хэргийг шүүсэн шүүх хурлын мэдээлэл юм. Үүнд тухайн үед банкныхаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд хяналт тавилгүйгээр гүйлгээнд гарын үсэг зурснаар  луйврын хэрэгт гар бие оролцсон хэмээн сэжигтний ширээнд сууж байв. Гэсэн ч уг хэргээс тэрбээр гэм зэмгүй гарч харин түүний хариуцлагагүйн балагт тус банкны ажилтан залуу 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэрбум төгрөг төлөхөөр болж буруудсан нь бий. Тэгэхээр энэ удаад ч, дээрхи хоёр тэрбум төгрөгийн гүйлгээний түгжрэлд А.Ариунболд ч, Капитал ч гэм буруугүй болж үлдэх магадлалтай. 
Гагцхүү дээрх хоёр тэрбум төгрөгийн гүйлгээний түгжээг, хугацааг банкных нь хадгаламжийн хүүгээр тооцоод үзвэл, уг гүйлгээний түгжрэлээс Капитал банк олон сая төгрөгийн ашиг олсон байх магадлалтай бөгөөд гүйлгээнд оруулж, гаргаж, оруулж хэрхэн тоглосныг бас л таашгүй юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаар дамжиж буй төрийн мөнгийг угаах, хөрвүүлэн ашиг хүртэх үйл явц өнгөрсөн хугацаанд олонтаа хийгдсэн жишээ тодоос тод бий. Гагцхүү илэрсэн ганц удаагийн түгжрэл нэг нь энэ бөгөөд харин өнөөдрийг хүртэл Төрийн санд уг хоёр тэрбум төгрөг ороогүй гэдгийг эх сурвалжаас нь тодруулаад эрж хайх шинэ сэдэв дэлгэж буйдаа бяцхан олзуурхав. Гэхдээ үүний ард хэр олон будилаан дарагдаж буйг бас л төсөөлөх аргагүй. Тиймээс ч "Үндэсний шуудан” сонины "Эрэн сурвалжлах баг” энэ удаагийн мэдээллээр асуудлыг дуусгахгүй гэдгээ уламжлая.  


ҮНДЭСНИЙ ШУУДАН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?