|
Шинэ мэдээ

Гэр хорооллыг хаус хороолол болгох “Бичил дэд” төв

 

Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүдэд танилцуулсан. Энэ үер богино хугацаанд Улаанбаатар хотыг агаар, хөрсний бохирдлоос салгах боломжтой "Бичил дэд” төв төслийн талаар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал гэр хорооллын 200-300 айлын дунд "Бичил дэд” төв буюу Сервис центр байгуулж дулаанаар хангаж цэвэр болон бохир усны асуудлыг шийдэхээ илэрхийлсэн.

Товчхондоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр хорооллыг орчин үеийн хаус хороолол болгон өөрчлөх тухай ам гарсан. 2020 он гэхэд гэр хорооллын бүсэд 50 "Бичил дэд” төв байгуулж, дунджаар 10 мянган өрхийг яндангүй, ил задгай жорлонгүй болгон гэж мэдэгдсэн.

Нэг "Бичил дэд” төв байгуулахад 6-8 сарын хугацааг зарцуулдаг учир гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтэцтэй болгоход их хугацаа хэрэггүй. Гэхдээ гол асуудал хөрөнгө мөнгөн дээр үүснэ. Энэ жил Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг "Бичил дэд” төв байгуулахад зориулж Нийслэлийн төсөвт 5 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл энэ хэмжээний мөнгөөр хоёр "Бичил дэд” төв байгуулахад хүрэлцэх үү гэдэг нь эргэлзээ төрүүлнэ. Яагаад гэвэл барилгын салбарынхны хийсэн тооцоогоор нэг "Бичил дэд” төв байгуулахад дунджаар 5 тэрбум төгрөг зарцуулах аж. Нэгийг барих мөнгөөр хоёрыг барьчихвал сайн хэрэг.Гэхдээ манайд санхүүжилт хүрсэнгүй гээд ажил нь гацсан барилга хичнээн байдаг билээ гэж бодоод үзвэл хугацаа алдсан, хөрөнгө оруулалт байх вий гэсэн болгоомжлолыг төрүүлнэ.

Ямартай  ч энэ хавар 4-р сард Сүхбаатар дүүргийн 18-р хороонд, Чингэлтэй дүүргийн 7-р хороонд "Бичил дэд” төв байгуулах барилгын ажил эхэлнэ. Уг ажил саатаж гацахгүй бол 2018 оны 10-р сард 400-600 өрх яндангүй, задгай жорлонгүй болно.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалд суухынхаа өмнө "Би Төрийн ордны хоёр давхарт зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. Тодорхой ажил хийсэн, өөрчилсөн Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэж хэлсэн.У.Хүрэлсүх Улаанбаатарын утаа, агаарын бохирдлыг арилгаж гэмээн түүхэнд сайнаар хэлэгдэж үлдэнэ. Эс чадваас 2020 оны сонгуулиар ард түмэн түүнд болон түүний тойрон хүрээлэгч нарт дүнгээ тавина.

Г.Дугар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?