|
Шинэ мэдээ

"Гацуурт"-ын ордод ХҮННҮГИЙН БУЛШ БУНХАН БИЙ ЭСЭХ ДЭЭР ЭЦСИЙН ЦЭГИЙГ ХАТГАЛАА

"Гацуурт"-ын ордод ХҮННҮГИЙН БУЛШ БУНХАН БИЙ ЭСЭХ ДЭЭР ЭЦСИЙН ЦЭГИЙГ ХАТГАЛАА

 

Өдөр тутмын сонины Редакцийн хэлэлцүүлгээр эрдэмтэн, судлаачид оролцож "Гацуурт”-ын ордын талаар байр сууриа илэрхийлсэн нь өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдал. Ноён ууланд Хүннүгийн бунхант булш бий, тэднийг хөндөж болохгүй хэмээн Иргэний хөдөлгөөн, ТББ-ууд үздэг, үүнийгээ ч удаа дараа янз бүрийн байдлаар илэрхийлсээр ирсэн.

 

Зөвхөн энэ булш бунхнуудын төлөө "Ноён уулыг бүү хөндөөч” хэмээн гишүүн асан Г.Уянга ч гишүүдээс учирлан гуйж байв. Түүх, археологийн үнэт олдвор байгаа учраас энэ бүс нутгийн ашигт малтмалыг ашиглахын оронд аялал жуулчлалын бүс болгоё гэсэн санаа ч үе үе урган гардаг. Тэр ч бүү хэл Редакцийн тус хэлэлцүүлэгт оролцсон Хөдөө аж ахуйн ухааны доктор Б.Дорж "Ноён уулыг тойруулаад хөдөө аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломжтой” хэмээн хэлсэн нь ч байна. Тус ордыг ашиглахтай холбоотой олон талын байр суурь байгаа хэдий ч Гацууртын ордын талбайд Хүннүгийн үеийн булш бунхан үнэхээр бий юу гэсэн асуулт олны анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн. Харин энэхүү хэлэлцүүлгээр ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүй авран хамгаалах судалгааны салбарын эрхлэгч Ч.Амартүвшин "Гацуурт”-ын ордод Хүннүгийн язгууртны булшин бунхан бий эсэх дээр эцсийн цэгийг хатгалаа.

 

Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар уул уурхай, ашигг малтмал хайх, усан цахилгаан барих барилга байгууламжийн талбайг ашитахын өмнө археологи, палеонтологи, угсаатны зүйн авран хамгаалах судалгааны ажлыг хийж гүйцэтгэдэг. Оюутолгой, Гацууртын орд, Тайширын усан цахилгаай станц барих талбайд ШУА-ийн эрдэмтэн, судлаачид эд өлгийн зүйлс байна уу гэдгийг судалж, авран хамгаалалт хийсэн гэсэн үг. Хуульд зааснаар "Сентерра гоулд Монголия” ХХК ч "Гацуурт”-ын талбайд авран хамгаалах ажил хийлгэжээ.

 

Доктор Ч. Амартүвшингийн өгүүлж буйгаар Гацууртын ордын талбайн ойр орчимд малтлага хийн 18 дурсгал байгааг нээжээ. Эдний тав нь лицензийн талбайд, үлдсэн нь гадна талд нь байж. Талбайн дотор талд байгаа таван дурсгалаас ямар нэгэн оршуулга, талийгаачийн цогцос олдоогүй байна. Нэгнээс нь он цагийг нь тодорхойлох аргагүй шавар ваарны хэлтэрхий, нөгөө хоёроос нь чулуун байгууламж гарчээ. Чулуун байгууламжаас ч ямар нэгэн эд өлгийн зүйлс гараагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, "Гацуурт”-ын ордод одоо ямар нэгэн булш бунхан, эд дурсгал байхгүй. Таван дурсгал байсныг нь эрдэмтэд авран хамгаалсан гэдгийг доктор Ч.Амартүвшин хэлсэн нь өдөр тутмын сонины Редакцийн уулзалтын нэгэн "олз” боллоо. Энэ тайланг нь үндэс болгон тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболдоор ахлуулсан УИХ "Гацуурт”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

 

"Сентерра гоулд Монголия” ХХК-ийн Лицензтэй талбайд булш бунхан бий эсэх ярианд ийнхүү эцсийн цзгийг хатгалаа. Гэхдээ ордын ашиглалтын талбайн гадна буюу Ноён уулын бусад хэсэгт дурсгал байгааг хэн ч үгүйсгээгүй. Энэхүү дурсгалууд "Гацуурт”-ын ордыг ашиглах хугацаанд огт хөндөгдөхгүй. Гар хүрэх эрх нь хэнбугайд ч байхгүй билээ. Манай эрдэмтэд дангаараа болон олон улсын эрдэмтэдтэй хамтран энэхүү дурсгалуудыг цаашид малтлага хийн, судална гэдгийг ШУА-ийнхан батлан хэлж байгаа. Тэр үед гишүүн асан Г.Уянгын хэлдгээр аялал жуулчлалын бүс болгож ч болох юм, үзмэр үзвэр байрлуулаад олны нүд чихийг ч баясгахыг үгүйсгэх аргагүй юм.

 

Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтдээс хөрс судлаач Ш.Пүрэвсүрэн хүнцлийн хор холбогдлын талаар ярьсан. "Бороо”-гийн уурхай нь хүнцдийг саармагжуулж, хоргүйжүүлдэг хэсэгтэй Монголын цөөхөн уурхайн нэг. Тус уурхай нь цианид болон хүнцлийг хоргүйжүүлж, үүнтэй холбоотой эрсдэлийг тогтмол хянаж байдаг. Доктор Ш.Пүрэвсүрэн Хараа голын хүнцэл нэмэгдэж байгаа, Туул голын хүнцэл жилд 30 тонноор нэмэгдэж байгаа гэж бас ярьсан. Туул голын хүндлийн талаар бодитой мэдээлэл өгөх дорвитой судалгаа манай улсад одоо болтол хийгээгүй. Харин Хараа гол орчмын хүнцлийн судалгаа байдаг ба хамгийн их бохирдолтой хэсэг нь "Хамар зам” компанийн хаягдал болон "Ундрам сэд” компанийн угаасан хаягдлын ойролцоо байгаа юм. Эдгээр нь алтны шороон ордны компаниудын үддээсэн "мөр”. Хүнцэл нь алтаа дагаж явдаг нь жам боловч үүнийг "Бороо”-гийн уурхай шиг тогтмол саармагжуулж, хоргүйжүүлж байх учиртай. Эс тэгвэл доктор Ш.Пүрэвсүрэнгийн анхааруулж хэлээд байгаачлан ард иргэдэд аюулгүй амьдрах баталгаа үгүй болно.

 

Доктор, профессор Д.Бор "Гацууртын ордын тухай олон нийтийг зөв мэдээллээр хангах нь чухал. Хүн бүр өөрсдийн эрх ашиг, сонирхлынхоо үүднээс өөр өөрөөр тайлбарлаж иргэдийг төөрөгдүүлж байна” гэдгийг онцолсон бол МУИС-ийн археологи, антропологийн тэнхимийн багш, доктор З.Батсайхан "Хэрэв өнөөдөр монголчууд өндөр боловсролтой байсан бол өнөөдөр шиг ийм байдалд хүрэхгүй байсан болов уу. Манай судлаачдыг өнгөрсөн зун албан ёсны зөвшөөрөлтэй байхад буу барьсан хүмүүс ирж тараасан. Боловсролтой ард түмэн ингэхээс илүү хүндэтгэлтэй хандах ёстой. Манай улс хийх гэж төлөвлөж байгаа зүйлээ ард түмнээсээ асууна гэдэг утгагүй. Ард түмнээс асуух, асуухгүй зүйл гэж байна” гэх мэтээр байр сууриа илэрхийлжээ.

 

Олон талт байр суурь эрдэмтэн, судлаачдын амнаас гарсан боловч энэхүү хэлэлцүүлэг нь "Гацуурт”-ын ашиглалтын талбайд булш бунхан, эд дурсгал байхгүй гэдэг эцсийн үнэн зөв, бодитой хариултыг өгөөд зогсохгүй, "Гацуурт”-ын ордыг хүн, байгальд хоргүйгээр ашиглаж, үр шимийг нь хүртэх хэрэгтэй гэдэг дээр байр сууриа нэптэж байгаа нь олзуурхууштай хэрэг юм.


Н.УЧРАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?