|
Шинэ мэдээ

Өглөөг эрт угтах нь таны амьдралд...

Өөрийн туршлага дээр тулгуурлав.
Өглөө эрт босох нь сайн гэдгийг мэддэг хэрнээ л чи нойрондоо дийлдчихдэг. Эсвэл зөндөө ажил өмнө чинь овоороостой байгаа болохоор шөнө дунд л орондоо ороод юун эрт босох манатай байна. Өөрөөр бол чи зүгээр л маш их нойртой хүн. За аль нь ч байлаа гэсэн, өглөө бүр 5 цагт орноосоо босдог болсон туршлагаас минь хуваалцаарай. 

 

 

Ер нь бол би урьд нь 00-02 цагийн хооронд унтаад өглөө 07 цагт арай гэж босоод "муухай” царайлчихсан ажилдаа ирдэг байсан. Харин 05 цагт босдог болсноос хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Бүр орвонгоороо эргэсэн гэж хэлж болно. Тэгэхээр 05:00-21:00 гэсэн хэмнэл миний амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ:

Хувь хүний үүднээс:
1. Юуны түрүүнд би өглөө эрт босдог байхыг "ХҮССЭН”
Тийм ээ, би үнэхээр хүссэн. Олигтой амжуулсан зүйлгүй хэрнээ байнга ажилдаа дарагдсан, өөртөө ч цаг гаргаж чаддаггүй, амьдралдаа сэтгэл хангалуун бус тэр дүр төрхөөсөө салахыг би чин сэтгэлээсээ хүссэн юм. Бас хамгийн муухай нь би огцом жин нэмж, галбир гээч зүйл хувцасны "S” размертай хамт надаас холдон одохыг (Заавал "S” размертай хувцас таардаг, туранхай байх хэрэгтэй гэсэн үг биш шүү. Зүгээр л миний биеийн эрүүл жин тийм хэмжээтэй зохицдог учраас бичлээ.) хараад би биеэ чийрэгжүүлэх цагийг өөртөө заавал гаргах хэрэгтэй болсон юм. Ингээд би цагтай ажиллаж эхлэн эхний өдрөөс л гайхалтай өөрчлөлтийг харсан. Тиймээс аливаа зүйлийг сайн үр дүнд хүргэе гэвэл түүнийгээ чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Өмнө нь мэддэг ч итгэдэггүй байж.

2. Өдөр бүр зорилгоо өөртөө сануулж байхын тулд бүтээлч бай
Мэдээж тууштай байж, энэ хэмнэлээ амьдралынхаа энгийн нэг хэсэг болготол надаас өглөө, орой бүр нэлээд хүч, урам зоригийг шаардаж байсан. Эхний 2, 3 өдөр эрч хүч дүүрэн яваад хэд хоногоос залхуу хүрч, ахиад жаахан унтмаар санагдаж, өөрийгөө өөгшүүлж эхлэнэ. Харин тэр үед би "Хэрвээ үүнийг л давчихвал ямар сайхан зүйлс хүлээж байгааг бодоорой. За алив, амархаан” гэж өөртөө хэлдэг. Боссоны дараа ч нүд анилдах нь энгийн үзэгдэл учраас өглөөд дуртайяа хийх, сайхан зүйлсийг төлөвлөдөг болов. Иднэ гэхээс л арааны шүлс асгарам өглөөний цай, дуртай дуугаа чангаар сонсох, цоо шинэ биеийн тосоо туршиж үзэх, гоё ном эхлүүлэх гээд олон зүйл бий. Өөрөөр хэрхэн бүтээлч хандаж болох талаар ЭНДЭЭС уншаарай. Хамгийн гол нь шантрах, залхуурах үе бүрт урам зориг, эрч хүчээ л унагаж болохгүй шүү.

3. Ерөнхий төлөвлөгөө гарга
Үнэндээ энэ анхны удаагийнх биш л дээ. Өглөө эрт босдог байхаар өнгөрсөн хэдэн жилүүдэд "За маргаашнаас” гээд эхлүүлдэг байсан нь олон ч зорьсондоо хүрч чадалгүй дундаасаа орхигдчихдог байлаа. Үүний шалтгааныг бодож үзэхэд эхний хувилбар нь эрт босоод юу хийх нь тодорхойгүй байсных байв. Өөрөөр хэлбэл өөрт гарч байгаа тэр 2 цагийг юунд зориулах нь тодорхой бус байсан юм. Мэдээж эрт босоод ном уншина, дасгал хийнэ гэж бодох ч тэдгээр нь зөвхөн миний бодол дотор байснаас биш ил гаргаж тавиагүй байсан ажээ. Тиймээс заза яг маргаашнаас больё, одоо жаахан унтаад авъя гээд л өмнөх өдрүүдийн хөдөлмөрөө зүгээр л салхинд хийсгэчихээд байсан хэрэг. Ингээд би арай өөрөөр үзэхээр шийдэж ажлын ширээн дээр маань байдаг том дэвтэр дээр өглөөний 2 цагийг юу юунд зарцуулж байхаа минут бүрээр хувааж бичсэн юм:

05:00-05:10 – нимбэгтэй ус хийж тавьчихаад нүүр, амаа угаах (үүний 3 минутыг шүдээ угаахад заавал зарцуулах ёстой)
05:10-05-30 – гялс шүршүүрт ор, 7 минут дасгал хий, эсвэл нохойгоо хооллоод салхилуул
05:30-06:00 – тухтай суугаад өглөөний цайгаа уунгаа өдрийн төлөвлөгөөгөө шалга
06:00-06:30 – өглөөний уншлага (ном, сэтгүүл унших цаг)
06:30-07:20 – нүүрээ будаж, үсээ янзлаад хувцсаа өмс. Заавал хөөрхөн болох хэрэгтэй шүү :-)
07:30 – гэрээсээ гараарай
Зарим өдөр энэ төлөвлөгөөнөөс өөр байж болох ч ерөнхийдөө бүгд амждаг шүү.

4. Ажил эрт дуусна. Тэгвэл дараа нь би юу хийх вэ?
Манай ажил өглөө 09:00 цагт эхлэдэг ба харин би ажил дээрээ 08:00 цагт ирнэ. Тэгэхээр багаар бодоход 1 цагийн өмнө тухайн өдрийн минь ажил дуусах нь. Тэр цагийг л би өнөөх эрүүл жиндээ хүрч, булчинлаг гоё биетэй болох бас шинэ зүйл сурахад зориулж эхлэсэн юм. Сайхан нь гэвэл энэ хэмнэл нь надад 1 –ээс ч илүү цагийг өгч байгаа. Ажлаа 5 цагаас өмнө дуусгаад 5 цаг гэхэд ажлаасаа гарсан байна гэж төлөвлөсөн. Цаашдаа үүнээс ч эрт болгохын төлөө хичээнэ. Заавал 8 цаг ажиллах ёстой гэсэн дүрэм манай ажил дээр байхгүй нь үнэхээр сайн хэрэг.

Ажил хэрэг талаас:
5. Өглөөд хамгийн томыг нь
Өдөр бүрийг төлөвлөж байгаа талаар өмнө дурдсан учраас энэ талаар ярихаа больё. Харин өглөө эрт ажилдаа ирээд үдийн хоолны цаг хүртэл анхаарлаа бүрэн төвлөрүүлээд тухайн өдрийн хамгийн чухал бас цаг авах ажлыг хийдэг. Урам зоригтой, ядраагүй байгаа дээрээ амжуулахын сайхныг мэдэж байгаа биз дээ? Ингэснээр цагийг нь тулгах, шөнө суух, чанаргүй зүйл хийх, гараас гарахгүй байх гэсэн хэцүү зүйлс багасаад байгаа.

6. Илүү санаачлагатай ажиллах боломж
Өмнө нь хийх ёстой зүйлсээ л цагийг нь тулган байж арай гэж амжуулаад, шинэ санаа гарган, улам гоё болгох талаар бодож сэтгэх, өөрт амраар ажиллах талаар бодох ч завгүй явдаг байсан үеэ бодохоор одоо "эвий эвий” гэмээр санагддаг шүү. Бүх зүйлд зориулсан цаг байгаа болохоор жижиг зүйлд ч анхаарч, хийж байгаа зүйлээ хэрхэн илүү сайхан болгох вэ гэж бодон, сэтгэлээсээ ажиллаж чаддаг болоод байгаа. Эмэгтэй хүн өөртөө болоод амьдралдаа сэтгэл хангалуун байх үед л гараас нь гайхалтай бүтээл төрнө шүү дээ.

Эрүүл мэнд, гоо сайхны үүднээс:
7. Өглөөний цайг огт алгасахаа больсон
Дээр хэлсэнчлэн өөрийгөө аз жаргалтайгаар орноосоо өндийхөд туслахаар амттай ундыг өглөө бүр бэлддэг болсон юм. Тэгснээр авокадо, гадил, мюсли, гүзээлзгэнэ, нимбэг, шоколад, улаан лооль гээд л амттай, шимттэй болгон руу гар маань явж ёстой л өглөөний цайг хатан хаан шиг барь гэдгийг хэрэгжүүлээд байгаа. Үүний дагуу нэг зүйлийг зөвлөхөд өглөөний цайгаа уухаас өмнө шүдээ угааж байхгүй бол шөнийн турш амны хөндийд чинь цугларсан нян бактерууд хоолтой чинь хамт ходоод руу орж өвчлүүлэх магадлал өндөр. Унтахынхаа өмнө шүдээ угаасан хэрнээ л өглөө сэрэхэд муухай болчихсон байдаг даа?! Бас өглөөний цайг хэрхэн гоё болгож болох жоруудыг ЭНДЭЭС , ЭНДЭЭС бас ЭНДЭЭС хараад аваарай.

8. Өглөөний хөдөлгөөн
Өглөө дасгал хийхийг хүсдэг ч амждаггүй байсан бол одоо надад зөндөө цаг гарчихсан. Өмнө нь Гоолингоогийн зөвлөж байсан 7 минутын дасгалын аппликешн - ийг би хэрэглэдэг юм. Өглөө бүрийн 7-хон минут бол чиний өдрийг 72 хуваасны 1 л гэсэн үг шүү дээ. Ингээд бодохоор шууд л хийж эхлэдэг. Бас нохойгоо салхилуулахдаа шатаар дээш доош гүйчихдэг гэж байгаа.

9. 20:00-21:00 цагийг гоо сайхандаа
Гоо сайхны салон орох цаг бий гэдгийг хойш тавья. Харин орой бүр 20 цаг гэхэд гэртээ ирчихсэн байхаар хичээж байгаа учраас унтахын өмнөх цагуудыг сайхан хуваарьлах хэрэгтэй. Үүний хүрээнд би арьсаа арчлахад тохиромжтой, арьс амрахад бэлэн болж байдаг цаг буюу 20-21 цагийн хооронд гуужуулагч, чийгшүүлэх маск, үрчлээний эсрэг бүтээгдэхүүн зэргийг хэрэглэдэг. Санаа дагаад ч тэр үү хамаагүй үр дүнтэй байгаа. Бас эмэгтэй хүн арьсандаа анхаарч өдөрт доод тал нь 8 цаг унтаж байх хэрэгтэй. Тиймээс би 21:00-05:00 гэсэн цагийг сонгосон.

Эцэст нь энэ төлөвлөгөө маань ганц бие бүсгүйчүүдэд л боломжтой мэт санагдаж байж болох юм. Гэхдээ гэр бүлтэй байна гэдэг саад бэрхшээл, хаалт биш болохоор хэрвэээ чи хүсэх л юм бол амжуулж, төлөвлөж чадна гэдэгт чинь онлайн найз нь итгэж байна. Өглөө бол тухайн өдрийн эхлэл учраас өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд өглөөнөөс л эхлээрэй.

Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?